Дундаж цалин хэдэн ам.доллартой тэнцэж байна вэ?

2022 оны 04 сарын 05

Дундаж цалингийн хэмжээ 2021 онд 1.4 сая төгрөгт хүрсэн нь 504.7 ам.доллартой тэнцэж байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Дундаж цалингийн өөрчлөлтийг 2014 онтой харьцуулахад 642 мянган төгрөгөөр өссөн бол ам.доллароор авч үзвэл ердөө 83 ам.доллароор өссөн.  83 ам.долларын өсөлтийг төгрөгөөр илэрхийлбэл 236.5 мянган төгрөг болж, цалингийн өсөлт 405.5 мянган төгрөгөөр үнэгүйдэж байна гэж тайлбарлалаа.

Дашрамд дурдахад, эдийн засагч Ч.Отгочулуу zindaa.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Төр засгаас сард 1,000 ам.доллартой тэнцэх цалинтай 1 сая ширхэг ажлын байр бий болгоход анхаарах хэрэгтэй” талаар хэлж байсан.

Тэрбээр “Манай эдийн засаг 13 орчим тэрбум ам.доллар дээр гацаад удаж байна. Гэтэл энэ хооронд хүн ам хурдтай өсөж буй учраас нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ  унаад байгаа. Манайд нэг зүй тогтол байдаг. Ам.доллароор илэрхийлж байгаа нэг хүнд оногдох ДНБ-ий яг 10 хувь нь дундаж цалин байдаг. Одоогоор  нэг хүнд оногдох ДНБ 3,000 ам.доллар гэж үзэх юм бол дундаж цалин  300 хэдэн ам.доллар л болчихоод байгаа. Нэг хүнд оногдох ДНБ-ийг 10,000 мянган ам.доллар болгочих юм бол цалин 1,000 ам.доллар болох боломжтой. Үүний тулд том зах зээлтэй байх хэрэгтэй, бүтээмж сайжрах хэрэгтэй.

1,000 ам.доллартой тэнцэх хэмжээний цалин олгох боломжтой ажил олгогч нар олноор бий болсноор эдийн засгийг тогтвортой хөгжлийн зам дээр гаргана. Одоо бол манайд ийм цалинтай ажлын байр 10 мянга хүрэхгүй л байгаа. Үүнийг яаралтайгаар 100 мянга болгож, улмаар үе шаттайгаар нэмэгдүүлэн, ойрын 20 жилийн  дотор 1 саяд хүргэх хэрэгтэй. Ингэвэл ажилгүйдэл, ядуурал зэрэг эдийн засгийн олон асуудал шийдвэрлэгдэнэ.  Барилга, үйлдвэрлэл, банк, үйлчилгээ, уул уурхай гээд бүхий л салбарт сарын 1,000 ам.долларын цалин авдаг ажлын байр олноор бий болгохын тулд гол нөхцөл нь  эдийн засгийг  тэлэх, хөрөнгө оруулалт татах явдал юм.” гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top