Саудын Арабын үндэсний газрын тосны “Saudi Aramco” компани тавдугаар сард нийлүүлэх газрын тосны үнээ өсгөсөн тухай Блүмберг агентлаг мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээллээр, үнийн өсөлт Ази, Америкийн зах зээлд нийлүүлэгдэж буй газрын тосны бүх төрөлд хамаарах аж. Тухайлбал Азид нийлүүлдэг “Arab Light” маркийн газрын тосны үнэ энэ сартай харьцуулахад 4.4 ам.доллароор нэмэгдэж байна. Харин Америкийн зах зээлд нийлүүлэгдэх “Arab Light” маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 5.65 ам.доллароор нэмэгдэнэ.
Түүнчлэн “Saudi Aramco” компани Азид нийлүүлэх бусад маркийн газрын тосны нэг баррелийн үнийг 2.7 ам.доллар, Америкийн зах зээлд нийлүүлэгдэх бусад маркийн газрын тосны үнэ 2.2 ам.доллароор өсгөсөн байна.
Саудын Араб газрын тосны нийлүүлэлтийн хуваарийг сар бүрийн эхэнд хэрэглэгчдийн захиалгын дагуу гаргадаг байна. Гэхдээ үнийн бодлого нь газрын тосны дэлхийн зах зээлд ихээхэн нөлөөлж буй Украин дахь нөхцөл байдлын улмаас өөрчлөгджээ.
Сэтгэгдэл ( 0 )