ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

Өнөөдөр 2022.05.05. Билгийн тооллын 4. Монгол эх оронд маань нар 05 цаг 28 минутад мандлаа, 20 цаг 10 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 6 хэм, шөнөдөө -1 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Гарын ариун цэврийг сахиулах дэлхийн өдөр. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр, Олон улсын Эх баригч эмч нарын өдөр. Австрид Хүчирхийлэл, арьс өнгөний үзэлтэй тэмцэх өдөр, Беларуст Хэвлэлийн өдөр, Япон болон БНСУ-д Хүүхдийн баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр сарны гэрэл зургийг анх авсан химич, гэрэл зурагчин Жон Дрейпер, Германы гүн ухаанч, коммунизмын онолыг үндэслэгч Карл Маркс, Рейхстагийн дээвэрт Ялалтын тугийг намируулсан Зөвлөлтийн тагнуулч Михаил Егоров, Английн дуучин Адель, дуучин Крис Браун, олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга уран гулгагч Нейтан Чен зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1922 онд Ноёд лам нарыг өөрсдийн хуучин албат, хамжлага, ардуудаас албан татвар авах эрхийг хасжээ.

1961 оны энэ өдөр 1960 онд байгуулсан “БНХАУ-аас БНМАУ-ын бүтээн байгуулалтад туслах ажилчид үйлдвэр бүтээн байгуулах тухай гэрээ”-ний дагуу 754 хүн Улаанбаатарт ирэв.

1992 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын бүх цэргийн хар тугийг залах ёслол болжээ. Урлагийн Гавьяат зүтгэлтэн М.Амгалангийн зургаар хийсэн тэрхүү хар сүлдийг бүтээхэд 500 гаруй хүн, 16 байгууллага оролцож, Монгол Улсын 200 гаруй сумын 1000 гаруй азарганы хөхөл үс цуглуулжээ.

2017 оны энэ өдөр Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлтийн ёслол Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд болов.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:    

1260 оны энэ өдөр Хубилайг Монголын Эзэнт гүрний их хаанаар өргөмжлөв.

1821 онд Наполеон Бонапарт Гэгээн Хелений арал дээр нас баржээ.

1836 онд Европ тивийн анхны төмөр замын нээлт болов.

1921 оны энэ өдөр Франц улсад “Chanel No.5” үнэртэй усыг анх удаа танилцуулж байжээ.

1956 онд Токио хотноо жүдогийн дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн эхэлж байжээ.

Энэ өдөр үс засуулвал бие эрхтний хүч сайжирна.

Эл өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Зуны уур буух улирал 20 цаг 46 минутад эхэлнэ.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top