ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 10

Өнөөдөр 2022.05.10. Билгийн тооллын 9. Монгол эх оронд маань нар 05 цаг 21 минутад мандлаа, 20 цаг 16 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 5 хэм, шөнөдөө -5 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн төлөө хөдөлгөөн хийх өдөр, Арьсны хорт хавдартай тэмцэх өдөр. Азербайжанд өнөөдөр Цэцгийн баяр, Германд Номын өдөр, Тайландад Газар хагалах өдөр, Францад Боолчлолыг халсан өдөр, Румынд Үндэсний тусгаар тогтнолын өдрийг  тэмдэглэж байна.

Энэ өдөр цай үйлдвэрлэгч “Lipton” компанийг үүсгэн байгуулагч сэр Томас Липтон, Хятадын уран зураач Жан Дацянь, Ирландын дуучин, “U2” хамтлагийн гоцлол дуучин Боно буюу Пол Дэвид Хьюсон, Канадын супер модель Линда Евангелиста, Францын уран гулгагч, олимпын алт, мөнгөн медальт, дэлхийн таван удаагийн аварга Габриэла Пападакис зэрэг алдартан мэндэлжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1503 оны энэ өдөр Испанийн аялагч Христофор Колумб Кайманы арлуудыг нээжээ.

1811 онд Англид цаасан мөнгөн тэмдэгтийг эргэлтэд оруулав.

1869 онд АНУ-ын анхны тив хоорондын төмөр замын нээлтийн ёслол болж байв.

1946 оны энэ өдөр АНУ-д А-4 пуужингийн  тусламжтайгаар агаар мандлын дээд давхаргыг судалж эхэлжээ.

1962 онд “Marvel Comics” компани “Гайхамшигт Халк”-ын анхны дугаарыг хэвлэв.

1997 оны энэ өдөр Ираны Хорасан мужид 7.3 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас 1567 хүн амиа алджээ.

2008 онд Европын хамгийн том Этна галт уул идэвхжив.

2013 оны энэ өдөр “One World” худалдааны төв дэлхийн бөмбөрцгийн умард хагас дахь хамгийн өндөр барилга болжээ.

Энэ өдөр үс засуулвал өвчин өчүүхэн ирнэ.

Эл өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол урагшаа мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top