ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 11

Өнөөдөр 2022.05.11. Билгийн тооллын 10. Монгол эх оронд маань нар 05 цаг 19 минутад мандлаа, 20 цаг 18 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 5 хэм, шөнөдөө -7 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Индонезид Үндэсний зэвсэгт хүчний өдөр бол Энэтхэгт Үндэсний технологийн өдөр, Вьетнамд Хүний эрхийн өдөр.

Өнөөдөр Америкийн жүжигчин Фрэнсис Фишер, Мексикийн жүжигчин Мария Сорте, Зөвлөлт, Украины хөгжмийн зохиолч, продюсер Константин Меладзе, Германы “Rammstein” хамтлагийн бөмбөрчин Кристоф Шнайдер, Америкийн кино найруулагч, продюсер Марк Невелдайн, Францын жүжигчин Бенуа Мажимел, Летиция Каста, Испанийн хөлбөмбөгч Андрес Иньеста зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1932 оны энэ өдөр Монголын төв, Баруун хэсгийг хамарсан хувьсгалын эсэргүү бослого дэгджээ. Зэвсэглэсэн 13 отрядын 3000 орчим шар цэрэг оролцсон уг бослого Завханы Их-Уул, Тосонцэнгэл, Хөвсгөлийн Рашаант, Ренчинлхүмбэ, Архангайн Мөрөн, Тариат, Агьтын хүрээ хийдүүдэд төвлөн, үйл ажиллагаагаа явуулж байв. Уг бослого зургаан сар орчим үргэлжлэх хугацаандаа улсад ихээхэн хохирол учруулжээ. Дотоодыг хамгаалах газар, цэргийн яамнаас томилсон тусгай хорооныхон ба сайн дурын морьт отрядуудын хамтарсан хүчээр том, жижиг зэвсэгт тулгаралтуудын үр дүнд дарагдсан юм.

1939 оны энэ өдөр Халх голын байлдаан эхлэв. Монгол Улсын дорнод хил, Халхын гол орчмоор Японы милитаристууд гэнэт халдан довтолж, дорно зүгт дарийн утаа суунагласан юм. Халх голын дайн Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт дөрвөн сар үргэлжилжээ.

1979 оны энэ өдөр БНМАУ, Мадагаскар улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

2013 оны энэ өдөр МАХН-ын Бага хурлаас 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Удвалыг нэр дэвшүүлжээ. Тэрбээр Монгол Улсын түүхэнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин, өрсөлдсөн анхны эмэгтэй болов.

2013 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цаатан иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах зорилгоор тайгад амьдардаг 18 хүртэлх насны цаатан хүүхдэд Хангайн бүсийн амьжиргааны доод түвшний 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгохоор Засгийн газраас журам баталжээ.

Энэ өдөр үс засуулвал эрч хүч ихэснэ.

Эл өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Харин улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол зүүн урагшаа мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top