Киев “Азовсталь”-ийн цэргүүдийг олзны цэргүүдээр солих хүсэлтэй байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 12

Украины шадар сайд Ирина Верещук Киев Мариуполь хотын “Азовсталь” гангийн үйлдвэрт хорогдож буй Украины шархадсан цэргүүдийг Оросын олзны цэргүүдээр солих хүсэлт тавьсан тухай мэдэгджээ.

Ингэхдээ шархадсан цэргүүдийг хүмүүнлэгийн коридороор гаргах хүсэлт тавьжээ. Одоогоор Оросын талтай энэ талаар тохиролцоонд хүрээгүй байгаа бөгөөд хэлэлцээ үргэлжилж байгаа аж.

Дөрөвдүгээр сарын 16-нд ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков Мариуполь хотыг Украины арми, гаднын хөлсний цэрэг, “Азов” хэт үндсэрхэг үзэлтнүүдээс бүрэн чөлөөлсөн тухай мэдэгдсэн билээ. Украины үлдсэн цэргүүд “Азовсталь” үйлдвэрт хорогдож байгаа юм.

Оросын тал тус үйлдвэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн коридор тогтмол нээж байна. Хүмүүнлэгийн ажиллагааг НҮБ болон Олон улсын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top