Украины эдийн засгийн хүндрэлүүд тус улсад 4.8 сая ажлын байр устахад хүргэсэн. Цэргийн ажиллагаа үргэлжилснээр энэ тоо долоон саяд хүрч болзошгүй гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллага мэдээлжээ.
Украины дотоодын шилжилт хөдөлгөөн, дүрвэгсдийн давлагаанаас үүдэлтэй эдийн засгийн хямралын улмаас олон сая ажлын байр үгүй болж, ард иргэдийн орлого буурч байна гэж тус байгууллагын тайланд дурджээ.
Цэргийн ажиллагаа эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад ажлын байрны тоо 30 хувиар буурчээ.
Украины дүрвэгсэд удаан хугацаанд хөрш зэргэлдээх улс орнуудад суурьшсанаар хөдөлмөрийн зах зээл болон нийгмийн халамжийн тогтолцоонд нэмэлт дарамт үүсгэж, шаардлагатай арга хэмжээ авахгүй бол эдгээр улс оронд ажилгүйдэл өсөхөд хүргэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Түүнчлэн Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас Орос дахь гаднын ажиллах хүч ажлын байраа алдаж, улмаар Төв Азийн улс орнуудын эдийн засагт хүнд цохилт өгнө гэсэн таамаг дэвшүүлжээ. Оросоос буцах гаднын ажиллах хүч эх орныхоо хөдөлмөрийн зах зээлд ачаалал үүсгэнэ гэж үзэж байна.
Дэлхийн банкны тооцоолсноор, 2022 онд Украины хямралын улмаас мөнгөн гуйвуулгын хэмжээ Киргизэд 33 хувиар, Тажикстанд 22 хувиар буурах төлөвтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )