ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

Өнөөдөр 2022.05.18. Билгийн тооллын 17. Монгол эх оронд маань нар 05 цаг 10 минутад мандлаа, 20 цаг 27 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 22 хэм, шөнөдөө 8 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын музейн өдөр. Мөн ДОХ-ын эсрэг вакцины өдөр юм. Гаитид өнөөдөр Төрийн далбааны өдөр бол Украинд Крымийн татаруудыг хоморголон устгасан өдөр, Сирид Багш нарын өдөр, Шри-Ланкад Ялалтын өдөр юм.

Өнөөдөр Английн рок хөгжимчин Рик Уэйкман, Германы поп дуучин Сандра, Португалын хөлбөмбөгч Рикарду Карвалью, Оросын жүжигчин Ольга Ломоносова, Аргентины жүжигчин, фото модель, дуучин Луисана Лопилато, Украины дуучин Алексеев, Оросын уран гулгагч, олимпын алт, мөнгөн медальт Алина Загитова зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1963 оны энэ өдөр Улсын дуурь, бүжгийн театр П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийснээр Монголд хөгжмийн мэргэжлийн театр байгуулагдав. МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөл Улсын Хөгжимт драмын театрыг Улсын драмын театр, Улсын дуурь, бүжгийн театр болгон өөрчилж, бие даасан хоёр театр байгуулах болсон юм.

1987 оны энэ өдөр БНМАУ, Бразил улстай дипломат харилцаа тогтоожээ.

2013 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг ИЗНН, МҮАН дэмжиж оролцох Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол Төрийн ордонд болов.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1940 оны энэ өдөр фашистын цэргүүд Бельгийн нийслэл Брюсселийг эзлэн авчээ.

1943 оны энэ өдөр АНУ-ын Дээд шүүх япон гаралтай америкчуудын саналаа өгөх эрхийг хасах нь хууль бус гэж үзсэн байна.

Мөн энэ өдөр АНУ болон Англи улс тусгай албадынхаа кодон дохиог солилцжээ.

1948 оны энэ өдөр Зөвлөлт холбоот улс Израилийг улс гэж хүлээн зөвшөөрчээ.

1990 оны энэ өдөр ДЭМБ ижил хүйстэн байхыг сэтгэцийн өвчний жагсаалтаас хасжээ.

1995 оны энэ өдөр Жак Ширак Францын Ерөнхийлөгч болжээ.

Энэ өдөр үс засуулвал өнгө зүс доройтно.

Эл өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол урагшаа мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top