Хөгжлийн банкны удирдлага Төв банкны шаардлагыг хүлээж авах боломжгүйгээ дахин илэрхийлэв

2022 оны 05 сарын 18

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар /2022.05.11/  Хөгжлийн банкны бондын өр төлбөрүүдийн асуудлыг хэлэлцэж, Самурай бондын төлбөрийг хэсэгчлэн хийж эхлэх үүрэг чиглэлийг тус банканд өгсөн. Засгийн газар нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банкан дээр онцгой анхаарал хандуулсан гол учир нь ирэх жил төлөгдөх хоёр бондын төлбөртэй холбоотойг Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн.

Тэрбээр “2023 оны 10 дугаар сарын 23-нд төлөгдөх Евро бондын  500 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 1.5 их наяд орчим төгрөгийн төлбөр байна. Мөн 2023 оны 12 дугаар сарын 25-нд төлөгдөх Самурай бондын  30 тэрбум иений төлбөр буюу одоогийн ханшаар 713 тэрбум төгрөгийн өр бий. Энэ хоёр өрөөс онцгой анхаарах ёстой нь Самурай бонд юм.  Учир юу вэ гэвэл Засгийн газрын баталгаатай. Хэрвээ Хөгжлийн банк өөрөө төлж чадахгүйд хүрвэл энэ өрийг бүтэн дүнгээр нь Засгийн газар төлнө, энэ хэмжээний дарамт төсөв дээр, татвар төлөгчдийн нуруун дээр ирнэ гэсэн үг. Тиймээс ийм эрсдэлтэй тулахгүйн тулд хуримтлагдаж байсан чанаргүй зээлүүдийг энэ оны нэгдүгээр улирлаас маш яаралтай төлүүлэх зайлшгүй шаардлага үүссэн.  Энэ оны 6 дугаар сарын 30, арванхоёрдугаар сарын 31 гэсэн чухал цаг хугацаа бидний өмнө  байгаа. Арванхоёрдугаар сарын 31-ний тайлан баланс аудитлагдах ёстой. Энэ аудитаар тайлан баланс муу гарах юм бол тус банкийг татан буулгах, дампууруулах хэмжээнд очно. Хэрвээ бид чанаргүй зээлээ амжилттай барагдуулж чадаад, тайлан балансаа арванхоёрдугаар сарын 31-нээр сайжруулж чадах юм бол ирэх онд дахин санхүүжилт хийх ёстой Евро бондоо амжилттай хийнэ. Мөн Самурай бондоо хугацаанд нь төлөх нөхцөл бүрдэнэ. Тийм учраас энэ жил чанаргүй зээлүүддээ анхаарал тавьж, энэ онд дор хаяж 50 хувийг нь төлүүлэх зорилт тавьж, Засгийн газар ажиллаж байна. Энэ жилийн хувьд бид дор хаяж 800-гаад тэрбум төгрөгийн зээл  төлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхгүй л бол бидний жилийн эцсийн баланс сайжирч гарч чадахгүй” гэсэн мэдээллийг өгсөн.

Тэгвэл өчигдөр /2022.05.17/ Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны анхны хуралдаан дээр тус банкны захирал Н.Мандуул дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Банкны удирдлагын зүгээс сүүлийн 3 сарын хугацаанд олон шалгалт хийсний дүнд ил тод байдал, шийдвэр гаргалт, санхүүжилтийн процесс, үйл ажиллагаа, засаглал гэсэн таван чиглэлд гарсан алдаа дутагдалд дүгнэлт хийсэн. Тиймээс банкны ил тод байдлыг хангах үүднээс журам гаргаж, төслийн судалгааны явц, олголт, зарцуулалт, гүйцэтгэлийн мэдээллийг ил тод болгохын зэрэгцээ хяналт, шалгалтын тайлан, дүгнэлт болон тэдгээрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байна.

Хөгжлийн банкны тухай анхны хуулиар УИХ, Засгийн газраас баталсан төслүүд дээр үр ашгийн судалгаа хангалттай хийдэггүй байсан. 2017 оны шинэчилсэн хуулиар Хөгжлийн банк судалгаа, шинжилгээ хийдэг болсон ч хөгжлийн төслийг өөрөө тодорхойлж ирсэн. Мөн зөвхөн тухайн төсөл дээр үр ашгийн судалгаа хийдэг байсан нь олон сөрөг үр дагаврыг үүсгэсэн. Иймд цаашид Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг УИХ, Засгийн газраас баталдаг болох шаардлагатай. Баталсан хөгжлийн төслийг Хөгжлийн банк судалгаа, шинжилгээ хийж шаардлага хангасан төсөлд санхүүжилт олгох нь зүйтэй. Үүнээс гадна зөвхөн төслийн үр ашгийн судалгаагаар хязгаарлагдахгүйгээр төсөл хэрэгжүүлэгчид өөр дээр нь засаглал, туршлага, мэргэжлийн байдлын судалгааг хийж, санхүүжилт олгох эсэхийг шийддэг болохыг зорин ажиллаж байна.

Харин санхүүжилтийн процесст гарсан асуудлын нэг нь зарим зээлийн шийдвэр гарсны дараа зээлийг төслийн явц, үе шаттай уялдуулах процесс тодорхойгүй байгаа явдал юм. Тодруулбал, дахин санхүүжилт олгох тохиолдолд өмнө гарсан зардал тухайн төсөлдөө зарцуулагдсан эсэхийг шалгахгүйгээр санхүүжилт олгодог байсан. Үүнээс үүдэн төсөл хэрэгжүүлэгч тухайн санхүүжилтийг зориулалт бусаар зарцуулдаг.

Түүнчлэн гадаад валютын орлогогүй зээлдэгчдэд сонголтгүйгээр валютын зээл олгох, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлээгүйгээс болж зээлдэгч ханшийн эрсдэл үүрч байна. Мөн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн эрх, үүргийг тодорхой зааглаагүй, төрөөс хийгдсэн хяналт шалгалтын зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас засаглалын хямралд өртсөн байгаа.

Цаашид Хөгжлийн банкны үйл ажиллагаа, засаглалыг тогтвортой, нөлөөллөөс ангид байлгах, хариуцлагатай, олон улсын жишигт нийцүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага бий. Мөн үйл ажиллагааны чиг үүргийг тодорхойлох хэрэгтэй. Банкны нөхцөл байдлыг тогтмол Сангийн яаманд мэдээлдэг. Төрийн өмчит болон хувийн хэвшлийн 12 томоохон зээлдэгчийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх тодорхой саналыг яаманд хүргүүлсэн.

Эдгээр зээлдэгчдэд нийт 1.2 их наяд төгрөгийн багц зээлийн асуудал байгаа. Үүнээс одоогийн байдлаар 213 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулсан. Монголбанкнаас акт тогтоож, нэмж эдгээр 12 зээлдэгчдэд 721 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлагыг ирүүлсэн. Энэ дагуу эрсдэлийн санг байгуулах боломжгүй байгаа. Засгийн газраас тодорхой шийдвэр гарвал төлөвлөсөн ажлуудаа хийнэ. Энэ онд нэг их наяд гаруй төгрөгийн өр, төлбөрийг барагдуулна гэж төлөвлөсөн. Зорьсон ажлууд бүрэн хийгдвэл чанаргүй зээлийн хэмжээ оны эцсээр 30 хувьд хүрэх боломжтой” гэсэн мэдээллийг өгөв.

Сануулахад, Монголбанкнаас 2021 онд Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар чанаргүй зээлийн хэмжээ 1.8 их наяд төгрөг болж, нийт зээлийн 57 хувьд хүрсэн байна гэсэн дүгнэлт гарсан. Улмаар 755.7 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан нэмж байгуулах үүргийг Хөгжлийн банканд өгсөн байдаг.  Харин тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул эрсдлийн санг энэ хэмжээгээр нэмэгдүүлснээр өөрийн хөрөнгө буурч, шаардлага хангахгүй хэмжээнд хүрэх эрсдэл үүсээд байна гэсэн байр суурийг өнгөрсөн гуравдугаар сард илэрхийлж байсан бол энэ удаад ч тэрхүү байр сууриа давтлаа.

Хөгжлийн банкны асуудлаар Сангийн сайд болон тус банкны удирдлага ийм байр суурийг илэрхийлж буй бол энэ сарын эхээр манай улсад ажиллаад буцсан ОУВС-гийн Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс мөн зөвлөмж өгсөн юм.

Тодруулбал, Хөгжлийн Банкны тайлан тэнцэл дээр үүссэн асуудлуудыг 2023 онд төсвийн болон гадаад секторын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхгүйгээр шуурхай бөгөөд хууль журмын дагуу шийдвэрлэх ёстой. Хөгжлийн Банкин дээр ужгирсан засаглалын асуудлыг шийдвэртэйгээр засахаас бусад тохиолдолд тус банкны тайлан тэнцлийн асуудлыг төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх нь түр зуурын шийдэл болох бөгөөд цаашид хэзээ нэгэн цагт төсөвт эрсдэл учруулсан хэвээр байх учир дэмжих боломжгүй. Хөгжлийн Банкны тайлан тэнцэлд дүн шинжилгээ хийх хөндлөнгийн бие даасан шинжээч томилж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар үндэслэлтэй төлөвлөгөө гаргаж, ямар арга хэмжээ авахыг тогтоож өгөх нь зүйтэй юм. Засгийн газрын хөрөнгө оруулалтын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Хөгжлийн Банкны засаглалд тулгарсан сорилтуудыг үр дүнтэй, найдвартайгаар шийдвэрлэн засаглалыг нь бэхжүүлж, бизнесийн загвар нь урт хугацаандаа ашигтай байж чадна гэдгийг нотлох хүртэл Хөгжлийн банкийг татан буулгах хувилбарыг мөн тооцож үзэх хэрэгтэй” гэж дүгнээд буй юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top