ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

Өнөөдөр 2022.05.20. Билгийн тооллын 20. Монгол эх оронд маань нар 05 цаг 08 минутад мандлаа, 20 цаг 29 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 27 хэм, шөнөдөө 10 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн зөгийн өдөр. Мөн Дэлхийн хэмжилзүйн өдөр. Камерунд энэ өдөр Нэгдсэн улсыг тунхагласны өдөр бол Саудын Арабд Тусгаар тогтнолын баяр, Украинд Банкны ажилтнуудын өдөр аж.

Энэ өдөр Чехийн хөлбөмбөгийн хаалгач Петр Чех, Америкийн реп дуучин Баста Раймс, Оскар, Грэммийн шагналт дуучин Шер, Японы Ерөнхий сайд асан Ёшихико Нода, Камеруны нэрт хөлбөмбөгч Рожер Милла зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1873 оны энэ өдөр загвар зохион бүтээгч Леви Страусс, Жейкоб Дейвис нар цэнхэр жийнсэн өмдний зохиогчийн эрхийг авчээ.

1927 оны энэ өдөр Саудын Араб Их Британиас тусгаар тогтножээ.

1970 оны энэ өдөр Мао Зэ Дун Америкийн империализмын эсрэг дэлхийн хувьсгал хийхийг уриалав.

2012 оны энэ өдөр Монголын сүмоч Кёкүтэнхо Зуны тэмцээнд түрүүлж, хамгийн ахмад түрүү бөхийн рекордыг тогтоожээ.

2019 оны энэ өдөр Владимир Зеленский Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

Энэ өдөр үс засуулвал өлсөж ундаасна.

Эл өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Харин мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top