Гадаадаас ирсэн иргэдээр "САЛХИН ЦЭЦЭГ"-ийн АСУУМЖ бөглүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 24

Дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй Сармагчны цэцэг өвчний талаар Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Л.Энхсайхан мэдээлэл хүргэлээ. 

Сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд гаднын орноос ирсэн иргэдийн халууныг үзэж, салхин цэцэг өвчний эсрэг вакцин хийлгэсэн эсэх талаар асуумж бөглүүлэх аж.

Тэрбээр "Сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тандалт хийх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийн харилцаа холбоог идэвхжүүлэх төлөвлөгөө гаргаж байгаа. Эхний ээлжид хилийн нэвтрэх цэгийн тандалтыг сайжруулах, нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлэл өгч, эмч ажилчдыг сургаж, хариу арга хэмжээг идэвхжүүлж ажиллана. 

Халдварт өвчин батлагдсан тохиолдолд тухайн хүнийг хамгийн багадаа 14 хоног тусгаарлах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тууралт бүрэн эдгэх хүртэл тусгаарлагдах хэрэгтэй. Энэ чиглэлээр хилийн боомтын ажилчид болон эмнэлгийн ажилчдад мэдээлэл өгнө. 

Энэ өвчний үед тууралт гарах, халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, нуруу өвдөх зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг. Салхин цэцэг туссан үед ч энэ шинж тэмдэг ажиглагддаг. Тиймээс гаднын улс орноос ирж буй иргэдийн халууныг нь үзэж, салхин цэцгийн вакцин хийлгэсэн эсэх талаар асуумж бөглүүлнэ. 

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих нь чухал. Хэрвээ тууралтын шинж тэмдэг ажиглагдвал эмч, эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top