Г.Занданшатар: Үр өгөөжгүй төсөл, хөтөлбөрүүдийг гадаадын зээлээр санхүүжүүлэхээс татгалзах цаг болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 27

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.27/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.

Хууль, тогтоолыг эцэслэн баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас 2015 онд Өрийн удирдлагын тухай анхдагч хуулийг баталснаар “Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацаанд баримтлах стратегийн баримт бичиг”-ийг 3 жил тутам баталж, түүний хэрэгжилтийг Засгийн газраас Улсын Их Хуралд тайлагнадаг эрх зүйн орчныг бүрдүүлсэн билээ.

Монгол Улсын Их Хурлаас 2016, 2019 онуудад өрийн удирдлагын талаар баримтлах дунд хугацааны стратегийн баримт бичгийг 2 удаа баталж байсан бол 2020 онд шинээр бүрдсэн Монгол Улсын Их Хурал анх удаагаа Монгол Улсын Засгийн газрын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлантай танилцаж, Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон бодлогын баримт бичиг болох 2023-2025 онд баримтлах өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг баталлаа.

Дээрх баримт бичгийг бид гурван жил тутамд нэг удаа хэлэлцэн баталж ирсэн боловч энэ удаагийн Улсын Их Хурал, түүний гишүүд Улсын нийт гадаад өр аюулын харанга дэлдэж байгааг ухамсарлаж, Засгийн газрын өрийн нөхцөл байдалд өндөр ач холбогдол өгч, “Засгийн газрын өрийн 2019-2022 оны стратегийн баримт бичиг”-ийн хэрэгжилтийн тайланг нээлттэйгээр хэлэлцэж, ард түмэндээ өрийн талаарх бодит байдлыг танилцууллаа.

Өнгөрсөн 6 жилийн хугацаанд бид зээллэгийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай ашиглах, төсвийн сахилга батыг сахих бодлогыг баримталсны үр дүнд Засгийн газрын өрийн хэмжээг өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 50.7 хувьд хүргэн, үе шаттайгаар бууруулж чадсан боловч Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 240 хувьтай тэнцэхээр байгаа нь өрийн асуудал Монгол Улсыг эмзэг хэвээр үлдээж байна.

Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газар 1990 оноос хойш Олон талт болон Хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд 24 зээлдүүлэгчээс санхүүжилт авч 306 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд эдгээр хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл 5.8 тэрбум долларт хүрсэн байх тул цаашид эдийн засгийн үр өгөөжгүй төсөл, хөтөлбөрүүдийг гадаадын зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээс татгалзах цаг болжээ гэдгийг харуулж байна.

Мэдээж бид өнгөрсөн хугацаанд өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлж ирсэн боловч жил бүр алдагдалтай төсөв баталж байсан тул бондыг бондоор, өрийг өрөөр төлж ирсэн байна.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар өмнө 7 удаагийн гадаад үнэт цаас гаргасан бөгөөд үүнээс Чингис бондыг төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилгоор, Дим сам, Мазаалай бондыг төсвийн алдагдлыг нөхөхөд, Хуралдай, Гэрэгэ, Номадс, Синчири бондуудыг өмнө гаргасан Засгийн газрын болон Хөгжлийн банкны үнэт цааснуудыг дахин санхүүжүүлэх зорилготой арилжаалсан байна.

Мөн 2012 онд гаргасан 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг Хөгжлийн банкаар дамжуулан төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн бөгөөд эргэн төлөлт нь хангалтгүй байгаа нь үр өгөөж хангалтгүй гэж үзэж болохоор байна.

Дэлхийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын хөрөнгийн зах зээлийн гэнэтийн өөрчлөлт, төлөв байдлаас хамааран Засгийн газрын гадаад өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагууд энэхүү стратегийн баримт бичгийн хугацаанд үүснэ. Тухайлбал 2023-2024 онуудад Засгийн газрын гадаад бондын төлөлтийн хувьд өндөр ачаалалтай жилүүд болохоор байна.

Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-д инфляцын түвшин 2022 оны 3 дугаар сарын байдлаар сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшиндээ хүрсний улмаас тус улсын Төв банкнаас бодлогын хүүгийн түвшинг 2 хувьд хүргэх тухай урт хугацааны зорилтоо олон нийтэд мэдэгдсэн. Улмаар АНУ-ын бодлогын хүү өсөх нь ам.долларын ханш бусад улсын валютын эсрэг чангарах, дэлхийн санхүүгийн зах зээл дээрх суурь хүүг нэмэгдүүлэх зэрэг нөлөө үзүүлснээр Засгийн газрын өрийн багц дахь валютын болон хүүгийн түвшний эрсдэлийг нэмэгдүүлэх, гадаад өрийн дахин санхүүжилтийн зардлыг өсгөх зэрэг сөрөг үр дагавруудтай үүсч болзошгүй байна.

Иймд цаашид Засгийн газрын гадаад үнэт цаасны төлбөрийг мөнгөн хөрөнгийн хуримтлалаас боломжит хэмжээгээр төлөх, өрийн зохицуулалтын арга хэмжээ, хугацаанаас нь өмнө худалдан авах, дахин санхүүжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, дахин санхүүжилтээс бусад зориулалтаар Засгийн газрын гадаад үнэт цаасыг арилжаалахгүй байх чиглэлийг Стратегийн баримт бичигт тусгажээ.

Цаашид Засгийн газар энэ талаар тууштай бодлогыг баримталж, хавтгайрсан халамж, тэр дундаа хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь чиглүүлэх замаар өндөр хүүтэй гадаад бондуудыг төлөх төсвийн орон зайг гаргаж, гадаад өрийн хуримтлалыг бууруулж, халамжийн бодлогыг оновчтой зөв тодорхойлж, өрөөс хараат бус байдлыг бууруулах зайлшгүй шаардлага үүсээд байна.

Түүнчлэн, Засгийн газрын гадаад зээлийг эдийн засгийн бодит өсөлт болон экспортын орлогыг нэмэгдүүлэхгүй,  гадаад улс орны худалдан авалтыг дэмжих замаар импортыг өсгөж, төлбөрийн тэнцэлд дарамт учруулах нөлөө бүхий Засгийн газрын гадаад зээлийн эх үүсвэрийг авч ашиглахаас татгалзах бодлого нэн тулгамдсан асуудал болж байна гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.92.132) 2022 оны 05 сарын 27

Өөрөө 100 сая доллах АХБ-наас төсвийн алдагдлыг нөхөхөд зориулж авах гээд бгаа юм биш үү одоо больчих л доо. Улс орон ард түмнээ бодоочээ мал минь

1  |  0
Иргэн(202.126.88.180) 2022 оны 05 сарын 27

Зөв, дэмжиж байна.

2  |  0
Top