Гурван улсын үлгэр | 54 ДҮГЭЭР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

I БОТЬ-54 ДҮГЭЭР БҮЛЭГ

ЗҮҮН Ү УЛСЫН ЭХ СҮМД ШИНЭ ХҮРГЭНИЙГ ШИНЖСЭН ЛЮ ХААНЫ АВГА БАЯРЫН ГЭРТ САЙН ХОЛБООГ ЗАЛГАМЖИЛСАН

Өгүүлэх нь: Кунмин Лүсүг ирэв хэмээн сонсоод, Сюаньдө лүгээ хотоос гарч угтаад яаманд орж ирэн харилцан ёсолж дууссан хойно Лүсү өгүүлрүүн: “Эзэн гүн эрхмийн үеэлд хөвгүүнгүй болсныг сонсоод тухайлан нимгэн юм бэлтгэж намайг зарж цаас гээхээр илгээн Жоу Дүдү дахин давтан хааны авга хийгээд Жү Гө ноёнтны сайныг асуух” хэмээв. Сюаньдө, Кунмин босоод тал хийж ёсны эдийг хүлээн авсан хойно хурим бэлтгэж хүндлэхэд Лүсү өгүүлрүүн: “Урьд өдөр хааны авгын хэлсэн үгэнд гүнз өнгөрвөөс даруй Зинжоу мужийг буцаасугай хэмээсэн бөлгөө. Өдгөө гүнз нэгэнтээ нөгцсөн тул эрхгүй эгүүлэх буй за! Гагц хэзээ эгүүлэн өгөхийг мэдэхгүй?”. Сюаньдө өгүүлрүүн: “Гүн түр архи уу. Нэгэн зөвлөх хэрэг буй”. Лүсү хатуужин хэдэн хундага уугаад бас ам нээж эхлэхэд Сюаньдөгийн үг гарахын урьд Кунмин царайгаа хувьсгаж өгүүлрүүн: “Зызин даанч учрыг ухахгүй аж. Эрхгүй хүний үг гаргахыг хүлээмүй үү! Манай Гаозү хаан цагаан могойг алж журмыг үүсгэснээс тулгар төрийг байгуулан бүтээж уламжилсаар өдгөөд хүрчээ. Хишиггүй, зальхай баатар зэрэгцэн босож тус бүр нэгэн зовхисыг эзэлсэн боловч удалгүй тэнгэрийн ёсоор эгж дахин ерөнхийлэн нэгдэх бөлгөө. Миний эзэн болбоос Жуншань газрын зинвангийн үр, Сяозин Хуандигийн жич хөвгүүн бөгөөд өдгөөгийн хааны авга эцэг атал хэрхин шороог хуваан газрыг олж331 болохгүй аж? Нэнд Лю Зиншэн болбоос миний эзний ах болой. Дүү нь ахын хөрөнгийг залгамжлахад яахин болохгүй буй? Чиний эзэн нь Цяньтангийн нэгэн бага түшмэлийн хөвгүүн бөгөөд ер төрд гавьяа эрдэм байгуулсангүй. Өдгөө хүчирхэгтээ эрэмшиж зургаан муж, наян нэгэн хошууны нутгийг ганцаар эзэлсэн бөгөөтөл сэтгэлд ханахгүй бас ховдоглож Хань улсын газрыг авч Лю овогтны дэлхий дахиныг эзэлсүгэй хэмээмүй үү? Миний эзний овог Лю бөгөөтөл харинхүү хувьгүй, чиний эзэн Сүнь овог бөгөөтөл гэдрэг хүчирхэглэн тэмцмүй үү? Жич Улаан хавцлын байлдаанд миний эзэн олонтоо зүдээлийг амсаж олон жанжин хамт цөм хүчийг гаргажээ. Хэрхин гагцхүү танай зүүн Ү улсын хүч хэмээмүй? Хэрвээ би зүүн өмнөдийн салхийг урьж өгсөнгүй болбоос Жоулан яахин хагас шавгын гавьяаг байгуулан чадах аж? Зян Нань нэгэнтээ эвдэрвээс хоёр цяо овогт бүсгүйг “Хүрэл бялзуухай” нэрт гүн ордонд аваачиж тавихын төдий бус. Хэдий гүн нарын гэрийн бүхэн хэмээвч басхүү батлахад бэрх болой. Өнөө миний эзэн даруй үл өчсөн нь Зызин их гэгээн эрдэмтэн тул нарийвчлан хэлэхийг хүлээхгүйгээр ухмуй хэмээсэн бөлгөө. Гүн яахин тийнхүү хянахгүй аж!” хэмээв.

331 Эртний хаад мужийн ноёдыг өргөмжлөхдөө цагаан улалжит хэсэг шороо баглан өгч, газар шороо хуваан өгснөө илтгэдэг байжээ

Энэ нэгэн зэрэг хэлсэнд Лүсү ам хамхин үг дуугүй болж нилээд удаад сая өгүүлрүүн: “Кунмингийн үг ташаарав. Гагц Лүсү миний биед тэмцэн хэлэх нь маш зохисгүй”. Кунмин өгүүлрүүн: “Ямар зохисгүй газар буй?”. Лүсү өгүүлрүүн: “Эрт өдөр хааны авга Дан Янд зовлон тохиолдсон цагт Лүсү би Кунминийг удирдан мөрнийг гэтэлж манай эзэн гүнд уулзуулаад хожим Жоу Гунзинь цэрэглэж Зинжоу мужийг байлдан авсугай хэмээхэд бас ч Лүсү би халхалж эгүүлээд агийн өнгөрөхийг хүлээн, Зинжоу мужийг эгүүлмүй хэмээн хэлж, мөнхүү Лүсү би биедээ хүлээн авсан бөлгөө. Өдгөө ийнхүү урьдын үгээ эс гүйцэлдүүлэх болбоос Лүсү намайг юунаар хойш өчүүлмүй? Миний эзэн Жоу Гунзинь лүгээ эрх биш зэмлэх бөлгөө. Лүсү би үхэхэд хорсохгүй гагц эмээх нь зүүн Ү улсын уурыг хөдөлгөөд цэрэг дайныг хөдөлгөвөөс хааны авга бас ч Зинжоу мужид амар сууж чадахгүй. Хоосноор дэлхий дахинд элэглэгдэх бөлгөө”. Кунмин өгүүлрүүн: “Цаоцао зуун түмний олныг захирч хөдлөх бүр хааны зарлиг хэмээн нэрлэвээс би түүнийг санаанд авахгүй атал хэрхин Жоулангийн мэт нэгэн бяцхан хөвгүүнээс аюумуй! Гагц ноёнтны нүүрт муухайгаас болгоомжлон, би эзнийг ятгаж нэгэн хуудас бичиг бичүүлэн түр Зинжоу мужийг зээлж үндэс болгосугай! Миний эзэн өөр хот балгасыг олсон цагт даруй зүүн Ү улсад эгүүлэн өгвөөс ямар буй?”. Лүсү өгүүлрүүн: “Кунмин ямар газрыг булаан авсан хойно Зинжоу мужийг надад эгүүлмүй?”. Кунмин өгүүлрүүн: “Жун Юаньгийг түр халдаж болохгүй. Сычуаньгийн Лижан үхээнц харанхуй тул манай эзэн хичээсүгэй хэмээмүй. Хэрвээ Сычуанийг олсон цагт эгүүлсүгэй!” хэмээсэнд Лүсү аргагүй зөвшөөрөв. Сюаньдө өөрийн гараар нэгэн хуудас бичиг бичээд тэмдэг дарсны хойно Жугө Ляныг хөндлөн хүн болгож Кунмингаар бас тэмдэг тавиулав. Кунмин өгүүлрүүн: “Жугө Лян би хааны авгын дэргэдэх хүн тул өөрийн гэр дэх хүн гэрч болоход бэрх. Зызин ноёнтонг гуйж бас ч нэрийг тавиваас хойш эгж Үхоуд золгоход сайхан биш үү”.

Лүсү өгүүлрүүн: “Би хааны авгын өршөөл журамт хүн болохыг мэднэ. Хэрхивч үтээрэхгүй!” хэмээгээд даруй нэрийг бичиж бичгийг хураан авч хуримлан дууссан хойно мордоход Сюаньдө, Кунмин лүгээ онгоцонд хүртэл үдээд Кунмин өгүүлрүүн: “Зызин эгээд Үхоуд золговоос миний санааг сайтар нэвтрүүлэн хэл! Битгий дэмий санаа төрөгтүн! Хэрвээ манай бичгийг тогтоохгүй болбоос нүүр хувьссан цагт наян нэгэн хошууг нь цөм булаан авмуй. Өдгөө гагц хоёр гэр эв найртай явж Цаоцао хулгайгаар битгий элэглүүлэгтүн!” хэмээв. Тэндээс Лүсү салах ёс хийж онгоцонд гарч явсаар урьд чайсан хошуунд хүрч Жоу Юйтай золговоос Жоу Юй асууруун: “Зызин Зинжоу мужийг авахаар очсон нь ямар болов?”. Лүсү өгүүлрүүн: “Энд бичиг буй” хэмээн өгүүлээд бичгийг Жоу Юйд өргөв. Жоу Юй хөл дэвхцэж өгүүлрүүн: “Зызин Жугө Лянгийн арганд оржээ! Нэр нь газрыг зээлмүй хэмээвч үнэндээ мэхлэсэн болой. Тэр Сычуанийг олбоос эгүүлнэ хэмээгч, түүний аль цагт Сычуанийг олохыг мэдмүй, үлгэрлэвээс арван жилд Сычуанийг олохгүй болбоос арван он эгүүлэхгүй, энэ зэргийн бичиг юун хэрэг байх аж. Чи бас гэрч хүн болж өгчээ! Тэр хэрвээ эгүүлэн өгөхгүй болбоос авгай чи эрхгүй чирэгдмүй. Хэрвээ эзэн гүн ял хийвээс яанам?”. Лүсү бэгтэрч нилээд удсан хойно өгүүлрүүн: “Санахад Сюаньдө намайг үтээрэхгүй буй за”. Жоу Юй өгүүлрүүн: “Зызин чи нэгэн бат чигч хүн. Любэй аргатай баатар бөгөөд Кунмин зусар зальхай. Ноёнтны сэтгэл лүгээ адилгүй болой хэмээн болгоомжлох болой”. Лүсү өгүүлрүүн: “Тийм болбол яаваас сайн?”. Жоу Юй “Зызин чи миний ачит хүн болой. Эрт өдрийн амуу өгснийг санаж яахин туслахгүй байж болох билээ? Чи түр сэтгэл амар хэдэн өдөр сууж байгтун! Мөрний хойдох мэдээ ирэхийг хүлээн жич өөр нэгэн арга бодсугай!”. Лүсү уйдан зовж хэвтэвч суувч амаргүй болов.

Тэндээс хэдэн өдөр өнгөрсөн хойно тагнуулч хойш ирж хэлрүүн: “Зинжоу хотын дотор бөс манжлага өлгөж, цагаан хэрэг үйлдэж хотын гадна нэгэн хүүр босгоод цэргийн хүн цөм бэлэвсрэлийн хувцас өмсөжээ”. Жоу Юй цочин асууруун: “Хэн хүн үгүй болсон аж?”. Тагнуулч өгүүлрүүн: “Лю Сюаньдө, Гань хатныг алдсанд тэр өдөр бэлтгэж оршуулав” хэмээжээ. Жоу Юй, Лүсүгийн зүг өгүүлрүүн: “Миний арга бүтэв. Любэйг гар тавьж хүлүүлээд Зинжоу мужийг гарын алга урвах мэт хялбараар авч болмуй!”. Лүсү өгүүлрүүн: “Ямар арга болой?”. Жоу Юй өгүүлрүүн: “Өдгөө Любэй эмээ алдсан тул эрхгүй залгаж авах болой. Үхоуд нэгэн охин дүү буй. Маш мэргэн баатар, шивэгчин эхнэр хэдэн зуу буй, суувч ер илд зүүмүй, гэрийн дотор цэргийн зэвсгийг дүүртэл жагсаажээ. Хэдий эр хүн гэвч хүрэхгүй. Би өдгөө эзэн гүнд бичиг айлтгаж хүнээр Зинжоу мужид зууч болгон илгээгээд Любэйг хүргэн болгохыг хэлэлцэж хууран Наньсюйд авчраад эмийг олж чадахгүй болгоод гянданд хорьсон хойно хүн зарж Зинжоу мужаар Любэйг арилжсугай! хэмээгээд нэгэнтээ бидэнд Зинжоу хотыг ангилан өгсний дараа надад өөр нэгэн зорилт буй, ийм болбоос Зызингийн биед гэм хэрэггүй болох болов” хэмээсэнл Лүсү харамж өгөв.

Жоу Юй даруй өргөлт бичгийг бичээд нэгэн хурдан онгоцыг сонгож, Лүсүг Наньсюй рүү Сүньцуаньд золгохоор илгээв. Лүсү урьдаар Зинжоу мужийг зээлсэн хэргийг хэлээд бичгийг өргөвөөс Сүньцуань хэлрүүн: “Чи яахин энэ мэт мунхаг аж! Энэ зүйлийн бичгийг авч юу хиймүй?”. Лүсү өгүүлрүүн: “Жоу Дүдүгийн айлтгасан бичиг энд буй. Энэ аргыг хэрэглэвээс Зинжоу мужийг олж болмуй” хэмээжээ. Сүньцуань үзэж дуусаад толгойгоо дохисхийж сэмээр баярлаж санаруун: “Хэн хүн очвоос болмуй” хэмээгээд гэнэт ухаарч өгүүлрүүн: “Люйфаньгаас бус болбоос болохгүй!” хэмээн даруй дуудаж ирсэн хойно хэлрүүн: “Өдгөө сонсвоос Лю Сюаньдө эм үгүй болов хэмээмүй. Надад нэгэн охин дүү буй. Сюаньдөг урьж хүргэн болгоод ураг барилдан үүрд янаг болж хамт хүчээр Цаоцаог эвдлээд Хань хааны төрийг тэтгэсүгэй хэмээмүй. Зыхөнгээс332 бусад нь зууч болбоос болохгүй. Даруй Зинжоу мужид очиж нэгэнтээ хэлэлцэхийг хүсмүү!” хэмээсэнд Люйфань захиаг дагаж мөн өдөртөө онгоцыг засаж хэдэн хүнийг дагуулан Зинжоу мужийн зүг одов.

332 Люфаньгийн өргөсөн нэр

Тэндээс Лю Сюаньдө, Гань хатан үгүй болсноос өдөр бүр уйдах тул нэгэн өдөр төвхийтэл Кунмин лүгээ хэлэлцэн суухад хүн ирж хэлрүүн: “Зүүн Ү улсын элч Люйфань хүрч ирэв” хэмээмүй. Кунмин инээж өгүүлрүүн: “Энэ Жоу Юйгийн арга болой. Эрхгүй Зинжоу мужийн учирт иржээ. Би ташаалавчийн хойно далдалж сонссугай! Алив үг буй болбоос эзэн чи цөм хүлээн аваад ирсэн хүнийг өртөө гэрт буулгаж дахин зөвлөсүгэй!” хэмээсэнд Сюаньдө Люйфанийг оруулан ёсолж суулгаад цай ууж дууссан хойно Сюаньдө асууруун: “Зыхэнгийн ирсэн нь эрхгүй сургах явдал байгаа буй за?”. Люйфань өгүүлрүүн: “Би хааны авгын хатнаа алдсаныг сонсоод нэгэн үүдний сайн ураг байх тул сэжиглэлээс зайлахгүй тусгайлан зууч болохоор ирэв. Эрхмийн санаа ямарыг мэдэхгүй” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Насны дунд эмгүй болсон нь ихэд хишиггүй хэрэг болой. Яс нь харин ч жихүүн болоогүй атал яахин төвдөж ургийн явдлыг хэлэлцмүй?”. Люйфань өгүүлрүүн: “Хүнд эмгүй болбоос гэрт нуруугүй мэт. Замын дунд хүний журмыг зуурмаглаваас болмуй уу? Миний эзэн Үхоуд нэгэн охин дүү буй. Гоо бөгөөд мэргэн. Эрхэм лүгээ холбоход маш зохих бөлгөө. Хэрвээ хоёр гэр Цинь, Зинь хоёр улсын янагийг барилдваас Цаоцао хулгай зүүн өмнө зүгийг төв харж үзэн эс чадмуй. Энэ улс гэрт цөм ашиг тустай тул хааны авга санаж үзэж, үл сэжиглэх болов уу! Ганц манай Ү хатан бага охиноо маш өршөөх тул хол явуулахгүй. Гуйх нь хааны авга зүүн Ү улсад очиж ураг холбомуй”. Сюаньдө өгүүлрүүн: “Энэ үйлийг Үхоу мэдмүй үү?”. Люйфань өгүүлрүүн: “Урьдаар Үхоуд мэдүүлэхгүйгээр ямар аймшиггүй ирж хэлэлцмүй?”. Сюаньдө өгүүлрүүн: “Миний нас нэгэнтээ тавь шахаад сахал үс хагас цайжээ. Үхоугийн охин дүү төв хэмээн залуу насанд байх тул холбож эс болуузай хэмээмүй”. Люйфань өгүүлрүүн: “Ү Хоугийн охин дүү бие хэдий охин боловч зориг саналд эр хүнээс дээд. Үргэлж өгүүлэх нь “Дэлхий дахины аруухан баатар бус болбоос би үйлчлэхгүй хэмээмүй” Өдгөө хааны авгын нэр дөрвөн далайд алдаршжээ. Энэ чухамхүү: “Мэргэн хүүхнийг эрдэмтэн сайдад холбомуй” хэмээсэн мэтс болой. Хэрхин насны өндөр богиноор харилцан гололцож болох аж!”. Сюаньдө өгүүлрүүн: “Гүн түр баахан байгтун! Би маргааш хариу мэдүүлсүгэй” хэмээгээд тэр өдөр хуримлан хүндэлж өртөө яаманд агуулав. Үдэш Кунмин лүгээ зөвлөхөд Кунмин хэлрүүн: “Энэ ирсэн санааг би мөн хэдийн мэджээ. Би сая төлөг орхиж үзвээс их сайн баяртай төлөг буув. Эзэн гүн чи үгийг хүлээн авч урьдаар Сүньцянийг Люйфань лугаа хамт илгээгээд Үхоуд нүүр золгон тогтсон хойно өдөр сонгож ураг болохоор одсугай хэмээгтүн!” Сюаньдө өгүүлрүүн: “Жоу Юй арга тогтоож намайг хөнөөсүгэй хэмээхэд би яахин хөнгөлж түгшүүр, эмээлтэй газарт орж болмуй?”. Кунмин ихэд инээж өгүүлрүүн: “Жоу Юй хэдий арга хэрэглэж чадмуй хэмээвч яахин Жугө Лянгийн бодсоноос гарч чадмуй! Би өчүүхэн нэгэн арга үүсгэсэнд Жоу Юйгийн аргыг ямхын төдийд ч явуулан чадахгүй болгоод Үхоугийн охин дүү бас эзнийх болмуй. Зинжоу мужийн хот түмэнд нэгийг алдахгүй” хэмээсэнд Сюаньдөгийн дотор сэжиглэн тасалж чадахгүй болжээ. Кунмин Сүньцянийг мөрний өмнөдөд ураг болох үйлийг хэлэлцэхээр од хэмээв. Сүньцянь захиаг хүлээн Люйфань лугаа хамт мөрний өмнөдөд одож Үхоуд уулзваас Сүньцуань өгүүлрүүн: “Би охин дүүгээ Сюаньдөд холбосугай хэмээхээс өөр санаагүй” хэмээсэнд Сүньцянь талархан хэлээд Зинжоу муждаа эгж Сюаньдөд золгоод: “Ү Хоу тусгайлан эзэн гүнгийн ураг барилдахаар очихыг хүлээж авмуй” хэмээжээ. Сюаньдө татгалзан эмээж очихгүй тул Кунмин хэлрүүн: “Би нэгэнтээ гурван зүйлийн арга тогтоон тавив. Зылунгаас бусад болбоос болохгүй!” хэмээгээд даруй Зылуныг ойр дуудаж ирүүлээд чихний дэргэд шивнэж өгүүлрүүн: “Чи эзэн гүнийг хамгаалж Ү улсад одохдоо миний энэ гурван хэмэрлэгийн шуудайг авч оч! Шуудайн дотор гурван арга буй.

Мөн ёсоор явагтун!” хэмээгээд гурван хэмэрлэгийн шуудайг Жао Юньд өгч биед наалдуулан хураалгаад Кунмин урьдаар хүн зарж зүүн Ү улсад илгээн бэлэг сэлтийг өргүүлж дуусгав. Тэр цагт амгалан байгуулагчийн арван дөрөвдүгээр оны өвлийн тэргүүн сар билээ. Сюаньдө нь Жао Юнь, Сүньцуань лугаа арван хурдан онгоцыг авч таван зуу илүү хүнийг дагуулан Зинжоу мужаас гараад Наньсюйгийн зүг мордов. Зинжоу мужийн хэргийг цөм Кунмин шийтгэмүй. Сюаньдө дотроо ихэдамаргүй. Наньсюйд хүрээд онгоц хөвөөнд шахахад Жао Юнь өгүүлрүүн: “Цэргийн багшийн захисан нь гурван уран аргыг дагаж яв! хэмээсэн бөлгөө. Өдгөө энд хүрч ирсэн тул урьдаар тэргүүн шуудайг нээж үзвээс зохимуй!” хэмээн шуудайг нээж үзээд даруй таван зуун цэргийн хүнийг дуудаж нэг нэгээр ийм тийм хэмээн өгүүлснээр олон цэргийн хүн захиаг дагаж одов. Бас Сюаньдөг “Урьдаар Цяо Гуолаогийн дэргэд золгохоор од!” хэмээв. Тэр Цяо Гуолао болбоос хоёр Цяогийн эцэг бөгөөд Наньсюйд суумуй. Сюаньдө хонь хөтөлж, архи дамнуулан урагш ёслон золгохоор очоод Люйфань зууч болж хатныг буулгахаар ирсэн учрыг хэлээд дагаж ирсэн таван зуун цэрэг цөм улааныг нөмрөн өнгөт хэвийг унжуулж Наньсюйд очиж юм худалдан авахдаа “Сюаньдө зүүн Ү улсад хурим хийхээр ирэв” хэмээн уламжлан хэлсэнд хотын доторх хүн цөм энэ хэргийг мэджээ. Сүньцуань, Сюаньдөгийн нэгэнтээ ирснийг мэдээд Люйфаньгаар хүндлүүлж түр өртөө гэрт амгуулав. Тэндээс Цяо Гуолао Сюаньдөтэй уулзсан хойно даруй орж Ү Гуотайд баяр мэдүүлэхэд Гуотай өгүүлрүүн: “Ямар баяртай хэрэг буй?”. Цяо Гуолао өгүүлрүүн: “Эрхэм охиныг нэгэнтээ Сюаньдөд хатан болгон өгсүгэй хэмээн ам алдаад өдгөө Сюаньдө нэгэнтээ хүрч ирсэн атал бас ямар учирт нуун далдламуй?”. Гуотай эх дагина цочин өгүүлрүүн: “Хөгшин би энэ хэргийг огт мэдэхгүй!” хэмээгээд хүнээр Үхоуг залуулж үнэн ташааг асуусугай!” хэмээгээд нэгэнтээгүүр нэгэн хүнээр хот дотроос сурвалжлуулбаас хүн цөм хойш ирж хэлрүүн: “Үнэхээр ийм хэрэг баймуй. Хүргэн нэгэнтээ ирж өртөө гэрийн яаманд буужээ. Дагаж ирсэн таван зуун цэргийн хүн цөм хот дотор гахай, хонь, жимсийн зүйл худалдан авч ураг болохыг бэлтгэж байх тул зууч болсон нь эмийн этгээд болбоос Люйфань, эрийн этгээд болбоос Сүньцянь цөм өртөө яаманд хүлээж буй” хэмээсэнд Гуотайгийн цочсон нь бага бус. Удалгүй Сүньцуань ирээд хойд танхимд орж эхдээ золговоос Гуотай өвчүүг дэлдэж ихэдуйлав. Сүньцуань асууруун: “Эх ямар учирт зовж амуй?”. Гуотай өгүүлрүүн: “Чи шууд намайг энэ мэт хэрэггүй хүн болгоно уу? Миний эгч үхэх цагт чамд юу хэмээн өгүүлсэн билээ?” гэхэд Сүньцуань хиртхийж өгүүлрүүн: “Эх үг буй болбоос тодорхой өгүүлэгтүн! Юунд ийнхүү гасалмуй?”. Гуотай өгүүлрүүн: “Хөвгүүн өсвөөс холбох, охин их болбоос хайрлах нь эрт эдүгээгийн зүй ёс бөлгөө. Би чиний эх болох тул хэргийг надад мэдүүлбээс зохимуй. Чи Лю Сюаньдөг урьж хүргэн болгосон атал юунд надаас нуумуй? Охин болбоос миний төрүүлсэн нь болой!” гэж Гуотай өгүүлэв. Сүньцуань ихэдгэлмэж асууруун: “Энэ үг хаанаас ирэв?”. Гуотай өгүүлрүүн: “Хэрвээ мэдэгдүүлэхгүй хэмээвээс гагц үйлдэхгүй бааханд бүх хотын зуун овгийн иргэдийн хэн нь энэ тухай мэдэхгүй аж? Чи харин надаас нуумуй уу!”. Цяо Гуолао өгүүлрүүн: “Хөгшин би мэдсээр өдөр удав. Өдгөө тусгайлан баярлахаар ирсэн болой”. Сүньцуань өгүүлрүүн: “Тийм бус. Энэ мөн Жоулангийн арга бөлгөө. Зинжоу мужийг авсугай хэмээн тийнхүү үүгээр шалтаглаж Любэйг хууран авчраад энд хорьж түүгээр Зинжоу мужийг эгүүлсүгэй хэмээмүй. Хэрвээ тэр үгийг эс дагаваас урьд Любэйг алах учиртай юм. Энэ арга бодлого мөн бөгөөд үнэн санаа бус болой”.

Гуотай ихэд хилэгнэж Жоу Юйг хараан: “Чи зургаан муж наян нэгэн хошууны их Дүдү суусан атал ганцхүү нэгэн Зинжоу мужийг авах аргыг олохгүй. Харин миний охиноор нэр болгон сайхан эхнэрийн аргыг хэрэглэж Любэйг албаас миний охин үүдийг харсан бэлэвсэн болж хожим яахин ургийн хэргийг хэлэлцэх аж? Миний охины нэгэн насны хэргийг саатуулж, таны үүсгэсэн үйл юуч сайн болой?”. Цяо Гуолао өгүүлрүүн: “Хэрвээ энэ аргыг хэрэглэж Зинжоу мужийг оловч дэлхий дахины хүнд элэглэгдэх болой. Энэ хэргийг яахин явуулж болмуй?” хэмээн хэлээд Сүньцуанийг нэг ч үг хэлэх аргагүй дуугүй болгожээ. Түүнээс Гуотай ам хамхихгүй Жоу Юйг хараахад Цяо Гуолао хориглож өгүүлрүүн: “Хэрэг нэгэнтээ ийм болсон тул лю хааны авга Хань улсын хааны угсаа болох тул үнэхээр түүнийг хүргэн болгосонд хүрэхгүй. Ийм болбоос муу нэрийг олохоос хэлтэрмүй”. Сүньцуань өгүүлрүүн: “Нас жил зохисгүйгээс эмээмүй”. Гуолао өгүүлрүүн: “Лю хааны авга өдгөө цагийн эрэмгий баатар тул хэрэв ийм нэгэн хүргэнийг олбоос эрхмийн охин дүүд мөн ичгүүр болох явдалгүй болой”. Гуотай өгүүлрүүн: “Лю хааны авгыг би олж таниагүй. Маргааш “Анхилуун шүүдэр” сүмд золгож үзсүгэй! Миний сэтгэлд нийлэхгүй болбоос тэдний дураар хэргээ явуулсугай! Хэрэв миний сэтгэлд нийлбээс би өөрөө охиноо түүн лүгээ холбомуй!” хэмээвээс Сүньцуань нэн их ачлал хүн тул эхийн энэ мэт үгийг сонсоод даруй хүлээн авч гадна гараад Люйфанийг дуудаж өгүүлрүүн: “Маргааш “Анхилуун шүүдэр” сүмийн гэрт хурим бэлтгүүл! Гуотай Любэйтэй золгосугай хэмээмүй”. Люйфань өгүүлрүүн: “Зяхуад гурван зуун

 702

Илд сүх барьсан хүнийг дагуулан өгч хоёр хажуугийн хэрсэгт бүгүүлээд хэрэв Гуотайгийн тааламжгүй янз илэрвээс нэгэнтээ тэмдэг өргөмөгц хоёр этгээдээс цугаар гарч түүнийг баримтлаваас ямар вэ?” хэмээн хэлсэнд Сүньцуань даруй Зяхуаг дуудан захиж урьдаас бэлтгэн тавиад гагц “Гуотайгийн хөдөлбөр байдлыг үзэгтүн!” хэмээв. Тэндээс Цяо Гуолао Ү Гуотайгаас салж эгээд хүн зарж Сюаньдөд сануулан өгүүлрүүн: “Маргааш Үхоу, Гуотай биеэр чамд золгосугай хэмээжээ. Сайтар санаа тавигтун!” хэмээсэнд Сюаньдө Сүньцянь, Жао Юнь лугаа зөвлөхөд Жао Юнь хэлрүүн: “Маргааш өдрийн хуримд сайнаасаа саар нь олон тул Жао Юнь би таван зуун цэрэг аваад дагаж очсугай!” хэмээв.

Дэд өдөр Ү Гуотай, Цяо Гуолаогийн хамт урьдаар “Анхилуун шүүдэр” сүмд одож суулцсан хойно Сүньцуань зөвлөлийн сайдыг дагуулан цөм хүрч ирээд Люйфанийг зарж өртөө гэрт Сюаньдөг залахаар илгээжээ. Сюаньдө тэр өдөр дотроо нарийн хуяг, гадуур хэмэрлэг дээл өмсөөд дагах хүнд сэлмийг зүүлгэж моринд алавхийн мордоод шууд “Анхилуун шүүдэр” сүмийн зүг ирэхэд Жао Юнь бүрнээ хуяглан өмсөөд таван зуун цэргийг авч хойно дагаж явсаар “Анхилуун шүүдэр” сүмийн өмнө хүрч мориноос буугаад урьдаар Сүньцуаньд золгов. Сүньцуань түүний овор дүр зэргийн хүн бусыг үзээд дотроо айв. Хоёул харилцан ёсолж дуусаад дотор орж Гуотайд золгов. Гуотай Сюаньдөг үзээд ихэд баярлаж Цяо Гуолаогийн зүг хандан: “Үнэхээр миний хүргэн болой!” хэмээсэнд Цяо Гуолао өгүүлрүүн: “Сюаньдө луу гарьдын байдалтай, нар сарны төлөв буй агаад дэлхий дахинд өршөөл эрдмийг түгээмэл хүртээсэн учир Гуотай ийм сайн хүргэнийг олсонд үнэхээр баярлах бололтой!” гэж Цяо Гуолао өгүүлэв. Сюаньдө харамж өгч бүгдээр хамт сүмийн гэрт хуримлажээ. Удасхийгээд Зылун илд зүүсээр ороод Сюаньдөгийн хажууд зогссонд Гуотай өгүүлрүүн: “Энэ ямар хүн болой?” хэмээвээс Сюаньдө өгүүлрүүн: “Чаншаньгийн Жао Зылун бөлгөө” гуатой өгүүлрүүн: “Дан Янгийн газар Чанбань гүүрэн дээр адоуг өвөрлөсөн нь бус уу?” хэмээнсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Тийм!”. Гуотай өгүүлрүүн: “Үнэхээр сайн жанжин болой!” хэмээн архи мах хүртээв. Жао Юнь Сюаньдөгийн зүг өгүүлрүүн: “Би сая хоёр хажуугийн хэрсгийн дотор байцаан үзвээс илд жад барьсан хүн бүгжээ. Эрхгүй сайн санаа бус. Гуотайд хэлбээс зохимуй”. Сюаньдө хуримын өмнө Гуотайд сөгдөж уйлан хэрүүн: “Хэрвээ Любэй намайг алсугай хэмээвээс даруй энд алахыг гуймуй”. Гуотай өгүүлрүүн: “Яахин ийм үг гаргамуй?”. Сюаньдө өгүүлрүүн: “Хоёр хажуугийн хэрсэг гэрт илд жад барьсан хүнийг бүгүүлсэн нь Любэйг алсугай хэмээсэн бус болбоос яах болой?”. Гуотай ихэд хилэгнэж Сүньцуанийг дуудаж хараан хэлрүүн: “Энэ өдөр Лю Сюаньдөг нэгэнтээ миний хүргэн болговоос даруй миний хөвгүүнээс өөрцгүй болой. Ямар учирт илд сүхт хүнийг хэрсэг гэрт бүгүүлсэн буй!”. Сүньцуань өөрөөрөө түлхэж мэдэхгүй хэмээсэнд Люйфанийг дуудаж асууваас Люйфань, Зяхуагийн биед түлхэв. Гуотай Зяхуаг дуудаж хараасанд Зяхуа огт дуугүй. Зандран ал хэмээхэд Сюаньдө хориглож өгүүлрүүн: “Хэрвээ их жанжныг албаас ургийн хэрэгт тусгүй болов уу! Любэй би энд удаан суухад бэрх болмуй” гэж хэлбээс Цяо Гуолао бас хориглосон тул Гуотай сая Зяхуаг зандарч гаргасанд бүгсэн цэрэг цөм тархан оджээ. Сюаньдө хувцас халаад танхимын өмнө гарч үзвээс хүрээнд нэгэн их чулуу буй. Сюаньдө дагах хүний зүүсэн илдийг сугалан аваад тэнгэрийн зүг залбирч өгүүлрүүн: “Хэрвээ Любэй би Зинжоу мужид эгээд вангийн хөрөнгийг бүтээж чадваас энэ нэгэн илдээр чулууг цавчиж хоёр анги болгогтун! Энэ газарт үхэх болбоос илдээр цавчивч чулуу үл хагарах болтугай” хэмээгээд гар өргөмөгц илд бууж ирээд галын гэрэл цацартал чулуу хоёр анги болов. Сүньцуань хойдод байж үзээд асуун өгүүлрүүн: “Сюаньдө гүн юунд энэ чулууг занамуй?” хэмээсэнд Сюаньдө: “Любэй би тавин нас шахтал улсын төлөө хулгайн хоршоог сөнөөн айлгаж чадахгүй тул ер сэтгэлд хорсном бөлгөө. Өдгөө Гуотай өршөөн намайг хүргэн болгосон нь миний тухайд учирсан нь болой. Сая тэнгэрээс төлөг гуйж хэрвээ Цаоцаог эвдэж Хань улсыг мандуулан чадваас энэ чулууг хагар хэмээн цавчсанд үнэхээр ийм болжээ” хэмээв. Сүньцуань дотроо сэтгэрүүн “Любэй харин энэ үгээр намайг мэхлэнэ гэж үү!” хэмээн санаад мөнхүү илдийг сугалан авч Сюаньдөгийн зүг: Би бас тэнгэрээс төлөг гуйсугай. Хэрэв Цаоцао хулгайг олж эвдэлбээс бас ч энэ чулуу хагарах болтугай!” хэмээн өгүүлээд сэмээр дотроо залбирч хэлрүүн: “Хэрвээ би дахин Зинжоу мужийг олж зүүн Ү улсыг мандуулан чадваас чулууг цавчиж хоёр анги болготугай!” хэмээгээд гар өргөн илд бууж ирмэгц чулуу мөнхүү хоёр анги хагарсан бөлгөө. Өдгөө хүртэл дөрвөн артай чулуу бас ч агсаар буй. Хожмын хүн энэ хууч яриаг үзээд магтсан шүлгийн үг:

“Эрдэнийн сэлмээр чавчмагч уулын чулуу тасраад

Алтан гархи дуугархад галын гэрэл бадарчээ

Хоёр улсын мандах уур цөм тэнгэрийн тоо тул

Хүйлсийн хөл мэт учиглах явдал үүнээс эхэлмүй”

Түүнээс хоёул илдийг орхиод харилцан мөр зэрэгцэн хуримд сууж бас хундага архи уулцваас Сүньцянь, Сюаньдө рүү харсан тул Сюаньдө маргаж өгүүлрүүн: “Любэй би архинд тэсэхгүй!” хэмээн хэлээд гарч ирэхэд Сүньцуань үдэж сүмийн гадна гараад хоёул зэрэгцэн зогсолцож уул голын үзэмжийг үзэх зуур Сюаньдө өгүүлрүүн: “Энэ нь дэлхий дахины тэргүүн нэгэн мөрөн уул болой!” хэмээжээ. Өдгөө “Анхилуун шүүдэр” сүмийн хөшөө чулуунд “Дэлхий дахины тэргүүн мөрөн уул” хэмээн сийлж амуй. Хожмын хүний магтсан шүлгийн үг:

“Бороо хур арилбаас уул мөрнөө өнгө нэмэгдээд

Булан хязгаарт тайван болбоос баяр цэнгэл үлэмж

Эрт өдөр баатар идтэн нүдээр лавлан харсанд

Эгц хад уг хэвээр салхи, давлагааг эсэргүүцмүй”

Хоёул зогсож үзэн атал их салхи салхилж мөрний ус ихэд босоод цагаан давлагаа тэнгэр тулмаар манджээ. гэнэт давлагааны дээр нэгэн бага онгоц мөрний дээгүүр сэлэх нь төвшин газарт явах адилд Сюаньдө шүүрс алдаж өгүүлрүүн:

“Өмнө газрын хүн онгоцонд сайн хойд газрын хүн моринд уран хэмээсэнд итгэмжилж болмуй”. Сүньцуань үгийг сонсоод дотроо санаруун “Любэйгийн энэ үг намайг морь унаж чадахгүй хэмээгч болой” хэмээн даруй хажуугийн ардаар морь авчруулж алавхийн унаад уулын доор гүйлгэн хүрээд дахин ташуурдаж уулын оройд гарч ирээд Сюаньдөгийн зүг хандаж: “Өмнө газрын хүн морь унаж чадахгүй үү?” хэмээсэнд Сюаньдө сонсоод дээлийн хормуй өргөн моринд алавхийн мордож уулын уруу нисэх мэт довтолгон буугаад бас дахин өөдлөн авираад хоёул морь зэрэгцэн уулын хөтөлд зогсож ташуур өргөн ихэдинээлцэв. Өдгөө хүртэл энэ газрын нэрийг “морь зогссон хөтөл” хэмээн дуудаж агсаар бөлгөө. Хожмын хүний шүлгийн үг:

“Түргэн явдалт луугийн морь цог жавхлан ихэмсэг

Төрсөн элэг мэт хоёр хүн мөр зэрэгцэн явмуй

Зүүн У, баруун Шуд вангийн төрийг бүтээгээд

Жу Мапо333 хөтөл хэмээн мянган онд үлдээв”

333 Морь зогсох хөтөл

Тэр өдөр хоёул хамт эгж ирэхэд Наньсюйгийн иргэн ихэд гайхсан нь үгүй. Тэндээс Сюаньдө буудлын газар эгээд Сүньцянь лугаа зөвлөхөд Сүньцянь өгүүлрүүн: “Эзэн гүн гагц Цяо Гуолаог гуйж эртхэн хурим хийж төгсгөвөөс өөр хэрэг үүсэхээс хэлтэрмүй” хэмээсэнд дэд өдөр Сюаньдө дахин Цяо Гуолаогийн гэрт хүрч мориноос бууваас Гуолао угтаж оруулаад ёслон дуусаж цай уусан хойно Сюаньдө гуйж хэлрүүн: “Мөрний зүүнтээх хүн Любэй намайг хөнөөсүгэй хэмээгчид олонтоо буй тул удаан сууж болохгүйгээс эмээмүй”. Цяо Гуолао өгүүлрүүн: “Сюаньдө сэтгэлээ сулхан тавь! Би чиний төлөө Гуотайд хэлээд зарлаж сахиулсугай!” хэмээсэнд Сюаньдө тал өгч эгэв. Цяо Гуолао Гуотайд золгохоор ирч өгүүлрүүн: “Сюаньдө хүнийг хөнөөхөөс эмээн яаравчлан эгсүгэй хэмээмүй” гэхэд Гуотай ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Миний хүргэнийг хэн аймшиггүй хөнөөмүй? Даруйд бичгийн гэрт түр нүүлгэн ирж суулга. Сайн өдрийг сонгож ураг болгосугай!” хэмээсэнд Сюаньдө орж ирээд Гуотайгаас гуйж өгүүлрүүэн: “Гагц Жао Юнь гадна байваас дөхөмгүй болов уу! Цэргийн хүнийг цаазлах хүнгүй”. Гуотай өгүүлрүүн: “Цөм ордон дотор нүүлгэж ирэгтүн!” хэмээгээд “Өртөө гэрт агуулж өөр хэрэг үүсгэхээс хэлтрүүл!” хэмээв. Сюаньдө дотроо сэмхэн баярлажээ. Түүнээс хэдэн өдрийн дотор ихэд хурим базаан Сүнь хатныг Сюаньдө лүгээ холбож үдэш зочин тарсан хойно хоёр мөр улаан зулаар Сюаньдө гэрт удирдан оруулахад зулын гэрлийн дор үзвээс илд жадыг дүүртэл жагсааж шивэгчин эхнэрүүд цөм сэлэм зүүж хоёр хажууд зэрэгцэн зогсжээ. Үүнд Сюаньдө айж сүнс биенээс зайлав. Энэ чухамхүү:

“Шивэгчин эхнэрүүд илд хөндөлсүүлэн зогсохыг үзэж

Ү улс цэрэг бүгүүлсэн буй хэмээн сэжиглэмүй”

Эгнэгт ямар учрыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top