СУРВАЛЖИЛГА: Өвчтөнийхөө ямар гэмт хэрэг үйлдсэнийг мэдэхийг ч хүсдэггүй

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 09

Хүн бүрийн амьдралын түүх харилцан адилгүй ч бид бүгдэд сонголт хийх боломж үргэлж нээлттэй байдаг. Тийм дээ ч ажил, мэргэжлээ сонгох, хаана амьдрах, юу хүсэх, хэн болох гээд бид өөрсдийнхөө түүхийг сонголтынхоо үр дүнд бичдэг.

“Алба хаагчийн ажлын нэг өдөр” фото сурвалжилгын өнөөдрийн зочноор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эрчимт эмчилгээ, сэхээний их эмч, ахлах дэслэгч С.Лхагвабаярыг онцолж байна.

Түүний хувьд 2015 онд Ач анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр амжилттай төгсчээ. Оюутны амьдралаас гараад тун удалгүй төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллах болсон түүх нь гэнэтийн бөгөөд хамгийн азтай сонголт нь байж. Учир нь тэрбээр найзыгаа нисэх онгоцны буудал руу гаргаж өгөөд буцах замдаа 401 дүгээр хорих ангийн "Нэгдсэн эмнэлэг" гэх хаягийг харж, “Хорих анги эмнэлэгтэй юм байна” хэмээх ойлголтыг авчээ. 

Түүгээр ч зогсохгүй “Эмч ажилд шалгаруулж авна” гэх зарыг нь уншаад хорих ангийн том төмөр хаалгыг тогшсон байна. Хаалганы завсраар хорих ангийн харуул хамгаалалтын ажилтан хэрэг, зоригийг нь асуухад “Би ажилд орох гэсэн юм аа” хэмээн тайлбар хэлснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллах үүд хаалга нь нээгджээ.

Ийнхүү 2017 оны хавар "401 дүгээр хорих анги- Нэгдсэн эмнэлэг"-т гэрээт ажилтнаар томилогдож, зургаан сарын дараа жинхлэгдэн, дэслэгч цолоор шагнуулжээ. 

Ахлах дэслэгч С.Лхагвабаярын хувьд хос тангарагаараа бахархдаг төдийгүй ажилдаа дуртай, мөн дэлхийн цэрэг болсон энхийг сахиулагч билээ. 2020 оны аравдугаар сард Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдсан энхийг дэмжих ажиллагааны 10 дугаар ээлжид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлөн үүрэг гүйцэтгээд ирсэн байна. 

Оюутны амьдралаа анагаахын чиглэлээр сурч буй олон охидын дунд өнгөрүүлсэн ахлах дэслэгч Б.Лхагвабаярт цэргийн амьдрал төсөөлөгдөж байсан удаагүй гэсэн. 
Жижиг хар цүнх, чагнуур, даралтын аппарат нь түүний өдөр тутмын гоёо ч юмуу, аль эсвэл ердөө түүнийг илтгэх нэг зүйл. Яагаад гэвэл энэ гуравгүйгээр нэг ч алхам гишгэдэггүй. 

Түүний ажил өглөө ээлж солилцохоос эхэлнэ. Удирдлагаас үүрэг чиглэл авахаас гадна цагдан хорих байрны хоёрдугаар давхарын хоригдогсод болон эмнэлгийн халдварт, дотрын тасгуудад хэвтэн эмчлүүлж буй өвчтөнд хяналт тавин ажилладаг. 

Цагдан хорих байрны үйл ажиллагаа хорих ангиас онцлог байдаг. Учир нь энд шүүхээс ял шийтгэл сонсоогүй, хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд байгаа хүмүүс хоригдох нь элбэг. Ихэнх хоригдогч сэтгэл зүйн хувьд тогтворгүй, айж эмээсэн, зовнисон, сандарч, хямарсан байдаг байна. Түүгээр ч зогсохгүй өөрийнхөө биед халдахыг завдах нь олонтаа. Гэнэтийн өвчлөл их байхаас гадна өмнө нь биеэ тоолгүй явсаар энд ирээд оношлуулж, өвчин эмгэгтэйгээ мэдэх тохиолдол ч бий. 

Ахлах дэслэгч С.Лхагвабаярын хэлснээр Цагдан хорих байрны эмч мэдлэг, ур чадвараас гадна өндөр мэдрэмжтэй байх шаардлагатай аж. Учир нь тухайн иргэн биеэ өвдсөн эсэх талаар үнэн хэлж байна уу, худал ярьж байна уу гэдгийг ялгахаас гадна шаардлагатай эмчилгээ, оношлогоог тэр даруйд хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Долоо хоногт нэг удаа 24 цагийн жижүүр хийдэг бөгөөд 190 гаруй хүний эрүүл мэндэд хяналт тавин ажилладаг. Биднийг ярилцах зуур сувилагч эмэгтэй 7 хоног өлсгөлөн зарласан хоригдогчийн өвчний түүхийг авч ирэв. Биеийн байдал нь муудаж эхэлсэн тул албадан эмчилгээ хийхээр болжээ. Хоригдогчдын хувьд стресс их байдаг учир алба хаагчдад эрсдэлтэй байдаг талаар тэр онцлов.

Үүний дараа бид цагдан хорих байр руу нэвтэрсэн. Цэлийсэн том зааланд дангинатал түгжсэн төмөр хаалгууд. Цааш харвал нарийхан коридор харагдана. Хоригдогчдын хувьд гаднаас хүн ирмэгц сониучирхан харна. Алба хаагчийг хэл амаар доромжлох, тохуурхах энүүхэнд. Зарим нь камертаа хоорондоо маргалдах гэхчилэн хэрүүл төвөг өдөөнө. Харуул хамгаалалтын ажилчид нарийн урт коридороор өдөржин алхан нүдээр үзэн хяналт тавихын хажуугаар теле хяналтын төвөөс давхар хоригдогчдыг 24 цагийн турш хянадаг.

Эмнэлгийн тасгуудад эмэгтэй хоригдогчдыг тусад нь хорино. Өндөр настан, хүүхэд, жирэмсэн эмэгтэй гээд хэнд ч тэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

Ахлах дэслэгч С.Лхагвабаяр "Би өвчтөнийхөө ямар гэмт хэрэг үйлдсэнийг мэдэхийг ч хүсдэггүй. Учир нь тэр хүнийг эмчлэх нь миний үүрэг. Залуучууд хорих ангид ажиллахгүй гээд хувийн хэвшил, том том эмнэлгийг бараадаад байвал хорих ял эдлэгсдэд хэн эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх вэ. Энэ том төрийн байгууллагын үйл ажиллагаа ч хэвийн явагдахад хэцүү болно. Харин ч залуус төрд ажиллах нь зөв. Бид чинь хоёр тангарагтай алба хаагчид. Үүгээрээ бахархах хэрэгтэй" хэмээн ярьсан.

Тус ангийн үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл авах зуур станцаар ахлах дэслэгч С.Лхагвабаяр эмч дуудагдав. Учир нь шинэ хоригдогч ирсэн гэлээ. Энд ирж байгаа хоригдогчийн биед үзлэг хийн эрүүл мэндийн дэвтэр нээдэг.

Эх сурвалж: ШШГЕГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top