Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд Коронавирус болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн долоо хоногоос 15 хувиар нэмэгдсэн. Вирусийн хувилбарын шинжилгээ хийхэд омикроны BA.4, BA.5 хувилбар бүртгэгдсэн.
Ханиах, халуурах, хоолой өвдөх гэх мэт ерөнхий шинж тэмдэг илэрч байгаа.
Долдугаар сарын 18-нд 290 тохиолдол бүртгэгдлээ. Томуу, томуу төст өвчний халдвар мөн буурахгүй байна. Тухайлбал, амбулаторийн үзлэгийн 9.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Хичээл эхлэх үеэр халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна” гэдгийн онцлон санууллаа.
Нөхцөл байдалтай холбоотойгоор олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатай байна. Мөн нэмэлт дөрөвдүгээр тунд хамрагдах хэрэгтэй байгаа юм.
Гуравдугаар тунд нийслэлийн зорилтот иргэдийн 54 хувь нь хамрагдсан бол дөрөвдүгээр тунд таван хувь нь хамрагджээ. Вакцины нөөц хангалттай байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 33 цэг ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )