Трампын эдлэнд 300 гаруй нууц материал илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 23

Флорида мужийн Мар-а-Лаго дахь АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын эдлэнд 300 гаруй нууц материал хадгалагдаж байсан тухай “The New York Times” хэвлэл мэдээлжээ.

Тус сонины мэдээллээр, өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын Үндэсний архивын газарт Трампын хүлээлгэн өгсөн хавтас баримт бичиг дунд 150 орчим нууц материал байсан байна. Бусад материалуудыг Трампын төлөөлөгчид өнгөрсөн долоодугаар сард АНУ-ын Хууль зүйн яаманд шилжүүлэн өгсөн бол заримыг нь наймдугаар сарын эхээр Трампын эдлэнд нэгжлэг хийх үеэр илрүүлжээ.

АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчид одоогийн байдлаар Трампын хадгалж байсан 26 хайрцаг материал байгаагаас 11 хавтас нууц материал, нэг хавтас “маш нууц” материал байгаа аж. Эдгээрийн дотор Тагнуулын төв газар, Үндэсний аюулгүй байдлын агентлаг болон Холбооны мөрдөх товчоонд хамаарах баримт бичгүүд байгаа гэнэ. Доналд Трампын төлөөлөгчид түүнээс хураан авсан баримт бичгүүдийг судлах эрх бүхий хуульч томилох шаардлагыг шүүхэд хүргүүлээд байна.

Энэ сарын 8-нд Холбооны мөрдөх товчооны ажилтнууд Мар-а-Лаго дахь Трампын эдлэнд нэгжлэг хийсэн билээ. Нэгжлэгийг батлан хамгаалахын мэдээллийг хууль бусаар ашиглах, баримт бичгүүдийг хууль бусаар авч, устгасан гэсэн хуулийн заалтын дагуу мөрдлөг явуулах хүрээнд хийжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top