Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зүй ёсны шаардлага байгааг эрх баригчид болон бусад улс төрийн хүчин нэгэнт хүлээн зөвшөөрч байна. Улс төр, нийгэмд тулгарч байгаа зүй ёсны шаардлага гэдэгтэй маргах аргагүй.
Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтийг хийхэд түүчээлэн ажилласан УИХ-ын дарга Г.Занданшатараас эхлээд УИХ-ын гишүүд бултаараа хөдөө орон нутагт ажиллаж байна. Тэрбээр өнгөрөгч хаврын чуулганы нээлтийн үеэр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эргэж харах цаг нь болсон” хэмээн онцолсон. Мөнхүү Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ тухай онцолсон бөгөөд улс төрийн намууд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа. Иргэдэд ч тогтолцоог өөрчлөх ёстой гэдэгтэй санал нийлж байгааг уур амьсгалаас харж болно.
Одоогийн байдлаар УИХ-ын гишүүд тойрогтоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар таниулга хийх, иргэдэд нэгдсэн мэдээлэл өгөхөөр ажиллаж байна. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байгаа бол УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт, Т.Энхтүвшин гишүүн Дорноговь аймагт, Ж.Мөнхбат гишүүн Архангай аймагт гэх мэтээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухайд иргэдийнхээ байр суурийг сонсож явна.
Нөгөө талд Үндсэн хуульд ойр ойрхон өөрчлөлт оруулах нь зүй бус хэмээн тайлбарлаж байгаа хүмүүс байгаа ч яах аргагүй нийгмийн шаардлага байгаа учраас ийн өөрчлөхөөс өөр аргагүй. Тиймээс ард иргэдийн байр суурийг сонсохоор аянд мордсон нь яах аргагүй зөв зүйл.
Ингэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Давхар дээл”, “Ерөнхийлөгчийг парламентаас томилдог байх”, “Парламентын гишүүдийн тоог нэмэх” гэсэн гурван асуудал байгааг дуулгана лээ. Үүний зэрэгцээ Сонгуулийн тухай хуульд ч анхаарах ёстойг хөндсөн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, зүйл заалт нь хоорондоо уялдаатай төдийгүй зайлшгүй шаардлагатай зүйлс гэдгийг нийгэм өөрөө сануулж буй.
Нэн тулгамдаж байгаа асуудал бол парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах үндсэн зарчимтай зөрчилдөж байгааг хаа хаанаа дуулгах болжээ. Тэр нь Сонгуулийн тухай хууль юм.
Тухайлбал, сүүлийн хоёр сонгуулийг мажоритар тогтолцоогоор зохион байгуулж, намын санал ихээр гээгдсэн гэж үздэг. Өнгөрөгч 2016 оны УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 72.1 хувь нь саналаа өгч, сонгогчдын 44 орчим хувь нь МАН-ын, 33 хувь нь АН-ын нэр дэвшигчдийг дэмжсэн ч МАН-д 65, АН-д есөн суудал ногдож байх жишээтэй. Тэгвэл 2020 оны сонгууль ч яг ийм жишгээр явагдсан нь яах аргагүй тогтолцооны гажиг гэдгийг судлаачид хэлдэг. Өнөөдрийн хувьд нэг намын дарангуйлал ч тогтож мэдэхээр байгааг тал талаас сануулж шүүмжлээд эхэлсэн.
Мөн нэг асуудал байгаа нь “Давхар дээл”-ийн асуудал. Одоогийн байдлаар УИХ-ын нэр бүхий гурван гишүүнээс 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан “Давхар дээл”-ний асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Ингэхдээ гишүүд “2019 онд МАН-ын дангаар хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт буюу Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болох тухай Үндсэн хуулийн 39.1 дэх заалт нь Үндсэн хууль зөрчсөн” гэх гомдлоор Цэцэд хандсан.
Уг нь “Давхар дээл”-ний асуудлыг сүүлийн хориод жил бултаараа шүүмжилж байж нэмэлт, өөрчлөлтөөр цэгцэлсэн гэж үзсэн. Тодотговол “Засгийн газрыг 100 хувь парламентаас бүрдүүлж байгаа нь шууд УИХ-аас хамааралтай Засгийн газар ажилладаг. Тэгэхээр Гүйцэтгэх засаглал нь парламентынхаа аманд орчихоод ажил хийхгүй байна” гэх шүүмжлэл дагуулж ирснийг цэгцэллээ хэмээсэн. Харин өнөөдөр “Давхар дээл”-нээс салсан нь Засгийн газрын хүчийг сулруулж байна. Сайд нар хүчгүй, парламент дотор нөлөөгүй байна” хэмээн халаглах болжээ. Эцэг хуульдаа дахин дахин гар хүрэх хэмжээнд тулсан нь төрийн тогтолцоо тэр чигээрээ буруу, анхнаасаа зөв зам дээр гараагүйг харуулсан хэрэг.
Мөн нэг асуудал байгаа нь Ерөнхийлөгчийг УИХ-аар сонгох эсэх. Энэ нь өнөөдөр ч яригдаж байгаа асуудал биш.
Олон жил яригдсан зүйл учраас Ерөнхийлөгчийг парламентаас сонгох эсэх тухай маргаан ид өрнөж байна. Зарим хуульчид, УИХ-ын гишүүд ийм жижиг парламентаас ард түмний төлөөлөл болсон Ерөнхийлөгчийг сонгож болохгүй. Мөн Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь иргэдийнхээ эрхийг хязгаарласан хэрэг болно гэх мэтээр эсэргүүцэж байна. Үүний зэрэгцээ дэмжиж байгаа хүмүүс бас бий. Тухайлбал, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болбол илүү хариуцлагатай болно. Одоо бол нэг хүн аль нэг инстутицэд хамаардаггүй дураараа шийдвэр гаргаад явдаг нь аюултай болохыг зарим улс орны жишээнээс харж болно гэж байгаа бол ард түмнээс сонголтыг нь булааж авч болохгүй гэх мэтээр хоёр талд маргаж сууна.
Харин Ерөнийлөгчийг парламентаас сонгохдоо хүрвэл УИХ-ын гишүүдийн тоог нэмэх эсэх асуудал дагаж хөндөгдөхөөс өөр аргагүй аж. Үүнээс гадна Сонгуулийн тухай хуулийг өөрчилнө. “Давхар дээл”-ний асуудлаа цэгцэлнэ гээд бүгд уялдаа холбоотой.
Учир нь өнөөдөр хүн амын тоо өссөн ч гишүүдийн тоо хэвээрээ байгаа. Нэг гишүүнд 10 мянган сонгогч оногдож байгаа тал ч бий. Нөгөө гишүүнд 40 мянган сонгогч оногдож байгаа тал ч бий. Тэгэхээр энэ хүч тэнцвэргүй харилцааг тэгшитгэж, гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэдэгт зарим байр суурь нэгдэж байгаа. Нөгөө талаас манай улс шиг цөөн хүн амтай, парламент нь төлөвшөөгүй ийм цагт гишүүдийн тоог нэмж зардал чирэгдэл учруулах хэрэггүй гэж үзсэн. Мөн үүнийг дагаад бүх зүйл өөрчлөлт орох учраас асуудлаа уялдуулан авч үзэх хэрэгтэй, яарах хэрэггүй гэх байр сууриуд ч байна.
Одоогийн байдлаар ийм дөрвөн асуудал зүй ёсоор яригдаж, Үндсэн хууль хөндөж орох гурван заалтыг нэн яаралтай авч үзэх шаардлага байгааг нийгэм өөрөө хэллээ. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг зайлшгүй хийх шаардлага байгааг эрх баригчид ч бусад улс төрийн нам, судлаачид ч зөвшөөрөөд байгааг дуулгана лээ. Аль ч талаараа тогтолцоог өөрчлөхийн тулд хуульд гар хүрэхээс өөр аргагүй гэдэгт бултаараа нэгдэж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )