Олон улсын атомын энергийн агентлагийн төлөөлөгчид болзошгүй цөмийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Украины Запорожийн атомын цахилгаан станц руу хөтөлсөн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. ОУАЭА-ийн шинжээчид энэ сарын 3-ныг хүртэл станц дээр ажиллах юм. Олон улсын шинжээчдийн цуваа АЦС-д ирэх хугацааг тодруулаагүй байна. Шинжээчдийн багт Албани, Иордан, Итали, Хятад, Литв, Мексик, Польш, Серб, Умард Македон, Франц зэрэг арван улсын төлөөлөгчид багтжээ. Төлөөлөгчдийг ОУАЭА-ийн тэргүүн Рафаэл Гросси тэргүүлж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ОХУ, Украины төлөөлөгчдийг оруулаагүй байна.
Станц байрлаж буй Энергодарын бүсэд цэргийн ажиллагаа идэвхэжсэн тухай Рафаэл Гросси мэдэгджээ.
Запорож мужийн цэрэг, иргэний захиргааны зөвлөлийн гишүүн Владимир Роговын хэлснээр, Энергодарын бүсэд Украины десант буух оролдлого хийжээ. Днепр мөрний эрэг дээр буусан Украины цэргүүдийг бүсэлж, цохилт өгсөн бөгөөд Украины десантын ихэнх хэсгийг устгажээ. Запорожийн эрх баригчдын мэдээлснээр, атомын цахилгаан станц руу цохилт өгсний улмаас 5-р блок тэжээлээс салж, нөөц тэжээлийн шугам гэмтжээ. Украины Зэвсэгт хүчин “М777” гаубиц их буугаар цохилт өгч байна гэв.
ОУАЭА-ийн шинжээчдийг дагалдаж буй НҮБ-ын төлөөлөгчид тэдний аюулгүй байдал, ложистикийн асуудлыг хариуцаж байна. Украины Энергодар хотод байрладаг Запорожийн атомын цахилгаан станц Оросын цэргийн хяналтад ороод байгаа юм.
ОУАЭА-ийн тэргүүн Рафаэл Гросси станц дээр байнгын төлөөлөгчид ажиллуулахаар төлөвлөж байна гэж мэдэгджээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Оросын тал ОУАЭА-ийн төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах бүхий л арга хэмжээг авч байна гэж мэдэгджээ. Москва энэхүү шалгалт Украины талаас явуулж буй өдөөн хатгалга, цөмийн шантаажийг зогсооно гэж найдаж байна хэмээн Захарова онцолжээ.
Украины Эрчим хүчний сайд Герман Галущенко Украины Засгийн газар ОУАЭА-ийн хүчин чармайлтыг өндрөөр үнэлж буйг онцлоод төлөөлөгчдийн өгөх зөвлөмжийг зөвхөн станцыг Киевийн хяналтад шилжүүлсэн нөхцөлд биелүүлнэ гэж мэдэгдсэн байна. Украины тал шинжээчдэд станцын аюулгүй байдлын техникийн үзүүлэлтийн жагсаалтыг дамжуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )