Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн уулзваргүй, хүнд даацын нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын нээлт өнөөдөр /2022.09.09/ болж байна.
Энэхүү төмөр замыг анх 2008 онд барьж байгуулах шийдвэр гарсан ч 2015 онд санхүүжилт болон бусад шалтгааны улмаас зогссон билээ. 2018 онд Засгийн газар тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих зөвшөөрлийг Таванолгой төмөр зам компанид олгосон байна.
2019 онд “Тавантолгой төмөр зам” компанийн хувь эзэмшлийг тогтоож, төслийн хөрөнгө оруулагч Эрдэнэс Таванолгой компанид 64 хувийг, Монголын төмөр зам ТӨХК-д 34 хувийг эзэмшүүлсэн байна.
"Бодь Интернэшнл" ХХК төслийн ерөнхий гүцэтгэгчээр ажилласан юм.
2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажил төслийн талбайд эхэлсэн байна. Цар тахлын цаг үед бараа материал, ажиллах хүчний асуудал тулгамдсан ч Монгол инженер, Монгол хүний гараар бүтсэн хүнд даацын нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам ийнхүү өнөөдөр нээлтээ хийж байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэцийн, Баян-Овоо, Ханбогд сумдын нутаг дэвсгэрийг хамран Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл үргэлжилнэ.
Уг төмөр зам ашиглалтад орсноор жилдээ 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай болж, төсөвт 44 сая ам.доллар төвлөрүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Мөн 1 тонн нүүрсийг 47 ам.долларын өртөгтэй тээвэрлэж байсан бол төмөр замаар тээвэр хийснээр 12 ам.доллар болж тээврийн өртөг дөрөв дахин хэмнэж байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтэд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,
Эрхэм хүндэт төмөр замчид, инженер, техникийн ажилчид, уурхайчид, баялаг бүтээгчид ээ,
Хүндэт зочид оо,
Та бүхэнд энэхүү түүхэн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Аливаа улс орны төдийгүй хүн төрөлхтний хөгжил дэвшлийн түүхэнд авто зам, төмөр зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт асар чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс 21 аймаг, 110 сум, суурин газрыг улсынхаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбож чадсан. Энэ бол багагүй амжилт.
Тэгвэл өнөөдөр манай улсын экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж, та бид хамтдаа энэ түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа Төрийн тэргүүн, Улсын Ерөнхийлөгч туйлын их баяртай байна.
Монгол Улс тэртээ 1955 онд хуучнаар ЗХУ-ын инженер, техникийн ажилчдын тусламжтайгаар хойд, урд хилээ холбосон 1,111 км төмөр зам барьж ашиглалтад оруулж байсан бол 70 шахам жилийн дараа 5,000 гаруй монгол инженер, монгол залуусын ур ухаан, хүч хөдөлмөрөөр дэлхийн стандартад нийцсэн 240 км төмөр замыг бүтээн байгуулж ашиглалтад оруулж чадлаа.
Энэ төмөр зам нь 2 өртөө, 6 зөрлөг бүхий, хагас автомат хориглолтой, уулзваргүй, жилд 50 сая тн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай, хөгжлийн хурдасгуур болсон анхны нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын цогц бүтээн байгуулалт гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна.
Сүүлийн жилүүдэд цар тахалтай, олон улсын геополитикийн хүндрэл бэрхшээлтэй нөхцөл байдалд байсан хэдий ч энэ төмөр замыг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулж байгаад ард түмнийхээ нэрийн өмнөөс Та бүхэнд гүн талархал илэрхийлж, халуун баяр хүргэе.
Энэ бүтээн байгуулалт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, зөв менежмент, оновчтой бодлого, хариуцлагатай байдал ямар чухал болохыг тод харууллаа.
Тавантолгой -Гашуунсухайтын энэхүү ган зам бол Монгол Улсын хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын төмөр судас юм.
Хөгжлийн энэ зам монголчууд бидэнд өндөр үр ашиг, өргөн боломж нээж, ирээдүйд хөтлөх үүд хаалга байх болно.
Төмөр зам ашиглалтад орсноор экспорт нэмэгдэн, эдийн засаг тэлж, хөрөнгө оруулалт өсөж, ард иргэдийн аж амьдрал, улс орны хөгжил дэвшилд асар их хувь нэмэр, боломж бололцоо бий болно.
Тухайлбал, Тавантолгойн уурхайгаас Ганцмод боомт хүртэлх экспортын ачаа тээврийн зардал дунджаар 4 дахин буурах нөхцөл, бололцоо бүрдэж байна.
Цаашдаа тээвэрлэлт жигдэрч, ачилтын байгууламж, хилийн төмөр зам бүрэн ашиглалтад орсноор ачаа тээврийн хүчин чадал 10 сая тн-оос 50 сая тн хүртэл нэмэгдэж, нүүрсний экспортын орлого 2 дахин өсөх боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байна.
Мөн төмөр зам дагасан шинэ амьдрал бий болж, суурьшлын бүсүүд шинээр сүндэрлэн, ажлын байр нэмэгдэж, хот, хөдөөгийн хөгжлийг түргэтгэх амьдралын зам байх болно.
Төмөр зам ашиглалтад орсноор 2,000 орчим байнгын ажлын байр шинээр бий болж, Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээ 2-3 дахин нэмэгдэнэ.
Түүнчлэн бэлчээрийн доройтол, тоосжилт, дуу чимээ, хөрс агаарын бохирдол зэрэг экологийн хохирол 74 хувиар буурах тооцоо судалгаа гарсан бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд төмөр замын дагуу мод тарьж, ургуулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай эрчимжүүлэх явдал чухал юм.
Эх орон, ард түмний язгуур эрх ашгаас дээгүүр аливаа эрх, ашиг сонирхол гэж хэзээ ч байх ёсгүй.
Энэ төмөр замын бүтээн байгуулалт олон жилийн турш гацаж, экспортын асар их орлого олох боломж, үнэт цаг хугацаа алдаж, улс орны хөгжил дэвшилд үлэмж хохирол учруулсан гашуун түүхийг монголчууд бид хэзээ ч мартах ёсгүй.
Тийм учир 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Засгийн газар “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх тухай” 242 дугаар тогтоол гарган, бүтээн байгуулалтын ажлыг түргэн шуурхай эхлүүлж, зоримог, шийдэмгий арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байснаа эргэн дурсахад таатай байна. Цаашид экспортыг нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтыг хийж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хэвийн үйл ажиллагааг бүрэн хангаж, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлэх шаардлагатай байна.
Эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, даалгаврыг нэр төртэй биелүүлж, түүхэн бүтээн байгуулалтыг сэтгэл, зүтгэл гарган хамтран хэрэгжүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” групп, “Инкон” болон дотоод, гадаадын дотоодын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, баялаг бүтээгчиддээ Монголын нийт ард иргэд, Монгол төрийн нэрийн өмнөөс дахин халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Ийнхүү Галбын говиор ган зам зурайж, галт тэрэгний зүтгүүр хөгжил дэвшлийн төлөө зүтгэж эхэллээ.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Хилийн наана тасрчихсан мухар замыг ашиглалтанд орууллаа гэж яаж хэлж чадаж байна аа.
Баттулга 10 жил гацаагүй бол бид өдийд маш сайхан баян байх бсн
Үндэсний бүтээн байгуулалт Үндэсний төмөр зам гэдгээрээ онцлог шүү бие биенээ хэмлээд хэрэгүй Монголчууд барьсан чадсан шүү
засгийн газрын тэргүүн байхдаа зоримог ажил эхлэсэн танд баярлалаа сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай үнэхээр монголын ард түмэнд өгөөжтэй ажил эхэлсэнд баяртай байна
Хурай хурай хурай
baylag maan hurdan hugatsaand ursan odoh bolomj neegdlee
хэзээнээс нүүрсээ тээвэрлэж эхлэх вэ? одоо шилжүүлэн ачих байгууламж гээд бөөн ажил ундарна. нүүрс тээвэр ч мөдгүй бхөө. шууд нарийн царигаар Хятадын төмөр замтай холбочих боломж бгаагүй юу? Хятадаас болгоомжлон жийрхэх сэтгэлгээ Монголын хөгжлийг хойш нь татаж бх шиг.
Баттулгын эхлүүлсэн ажил дээр Хүүк тууз хайчиллаа.