Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн уулзваргүй, хүнд даацын нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын нээлт өнөөдөр /2022.09.09/ болж байна.
Энэхүү төмөр замыг анх 2008 онд барьж байгуулах шийдвэр гарсан ч 2015 онд санхүүжилт болон бусад шалтгааны улмаас зогссон билээ. 2018 онд Засгийн газар тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих зөвшөөрлийг Таванолгой төмөр зам компанид олгосон байна.
2019 онд “Тавантолгой төмөр зам” компанийн хувь эзэмшлийг тогтоож, төслийн хөрөнгө оруулагч Эрдэнэс Таванолгой компанид 64 хувийг, Монголын төмөр зам ТӨХК-д 34 хувийг эзэмшүүлсэн байна.
“Бодь Интернэшнл” ХХК-д төслийн ерөнхий гүцэтгэгчээр ажилласан юм.
2020 оны гуравдугаар сарын 1-нээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажил төслийн талбайд эхэлсэн байна. Цар тахлын цаг үед бараа материал, ажиллах хүчний асуудал тулгамдсан ч Монгол инженер, Монгол хүний гараар бүтсэн хүнд даацын нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам ийнхүү өнөөдөр нээлтээ хийж байна.
Уг төмөр зам нь Монгол Улс БНХАУ-ын хооронд 60 гаруй жилийн дараа Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбосон төмөр замын хоёр дахь гарц бий болж байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэцийн, Баян-Овоо, Ханбогд сумдын нутаг дэвсгэрийг хамран Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл:
Уг төмөр зам ашиглалтад орсноор жилдээ 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай болж, төсөвт 44 сая ам.доллар төвлөрүүлэх боломж бүрдэж байгаа юм. Мөн 1 тонн нүүрсийг 47 ам.долларын өртөгтэй тээвэрлэж байсан бол төмөр замаар тээвэр хийснээр 12 ам.доллар болж тээврийн өртөг дөрөв дахин хэмнэж байна.
Тавантлогой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтын асуудлыг Засгийн газар Хятад улстай ярилцаад шийдсэн билээ. Одоо хийгдэх хамгийн чухал ажил бол ачиж шилжүүлэх байгууламжийг барих асуудал гэдгийг Зам тээврийн сайдын ажлыг аваад удаагүй С.Бямбацогт онцоллоо.
ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ:
-Энэ төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт 2 дахин нэмэгдэх боломж бий болж байна. Ойрын ирээдүйд энэ замаар дамжаад импортын бараа, бүтээн байгуулалтын тээвэр эхэлнэ. Энэ утгаараа ач холбогдолтой зам болж байна.
Зам тээврийн сайдын хувьд ойрын дунд хугацаанд зүүн босоо чиглэл, баруун босоо чиглэлийн төмөр замыг барьж байгуулах, Богд хан төмөр зам, Ханги мандалын төмөр замыг барьж байгуулах ажлыг эрчимтэй хийж хэрэгжүүлнэ. Өнгөрсөн 14 жил хэрэлдсэн улстөрчдийн маргаанд өнөөдөр цэг тавьж байна.
Бид ойрын үед Ханги мандал төмөр замын хил холболтын цэгийг шийдэх ёстой. Цаашлаад Зүүнбаян чиглэлийн төмөр замын хил холболтын асуудал байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь өргөн царигаар баригдсан тул Хятад улсын хил дээрээс ачиж шилжүүлэх шаардлагатай болно. Иймд Ганц мод Гашуун сухайт боомт дээр ачиж шилжүүлэх терминал баригдана. Энэ жилдээ хил дээрээс нүүрсээ автомашинд ачиж, автомашинаас Хятад улсын вагон руу шилжүүлэн ачих байдлаар нүүрсээ гаргана. Терминал байгуулах ажил жилийн хугацаанд хийгдэхээр төлөвлөж байна. Ачиж шилжүүлэх байгууламж ашиглалтад орсны дараа нүүрсээ автомашинд ачихгүй, вагоноос вагонд шилжүүлэх боломжтой болох юм.
Төмөр зам баригдсан ч автомашинаар зэрэг нүүрсээ тээвэрлэнэ. Аль болох их хэмжээгээр нүүрс гаргаж байж Монгол Улсын төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдэнэ.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР:
-Энэ төмөр зам ашиглалтад орсноор эдийн засгийн үр нөлөө хамгийн чухал. Эдийн засгийн хувьд 1 тонн нүүрсийг авто замаар гаргахаас төмөр замаар гаргасан нь дөрөв дахин бага зардалтай юм. Бид 1 тонн нүүрсийг 7 ам.доллараар гаргана гэж төсөөлж байсан ч бодит байдал дээр 12 ам.доллар болж өссөн. Ийнхүү өсөхөд шатахуун, ачилтын хөлс гэх мэт зүйл нөлөөлсөн. Монголчууд өөрөө зориглоод хөдлөх юм бол чадахгүй зүйл гэж алга гэдгийг энэхүү төмөр зам харууллаа. Үүнийг хийж бүтээхэд хөрөнгө мөнгө, хил гаалийн ямар их бэрхшээл тулгарч байсныг ойлгож байна. Тэгэхээр энэхүү бүтээн байгуулалтад оролцсон 600 гаруй хувийн хэвшлийн аж ахуй нэгждээ талархаж байна. Тэд бол олон зүйлийн эхлэл боллоо.
“БОДЬ ИНТЕРНЭШНЛ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА Д.БАЯСГАЛАН:
-Бодит амжилтын төлөө уриатайгаар 1993 оноос тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн “Бодь Интернэшнл” ХХК Тавантолгойн төмөр замыг нэр төртэй хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон жил гацсан уг шийдвэрийг эхлүүлэх шийдвэр гаргаж байсныг цохон тэмдэглэж байна. Хэрэв энэ шийдвэр гараагүй байсан бол магадгүй өнөөдрийг хүртэл маргаан үргэлжлэх байсан. Бидний нээлт хийж буй энэхүү талбай дээр олон жил хууль бусаар байршсан 140 хоолны газар, 10 ШТС, 24 гэр зочид буудал, 45 чингэлэг сууц, 60 гаруй авто сэлбэг дугуй засвар ажиллаж байсан. Тэгвэл өнөөдөр Тавантолгой төмөр зам компанийн барилга бүрэн ашиглалтад орж, 233,6 км зам зурайж байна.
“БОДЬ ИНТЕРНЭШНЛ” ХХК-ИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Б.ЭРДЭНЭБАЯР:
-Амаргүй цагт бүтээн байгуулалт хийлээ. Үүний гол шалтгаан нь бид сайн зохион байгуулалттай ажилласан. Миний хувьд 2008 онд энэ төмөр замыг эхлүүлээд зогсож байх үед ажиллаж байсан учраас бэлтгэлтэй орсон. Мөн цар тахлаас өмнө амжиж бараа бүтээгдэхүүнээ авсан байсан учир бага хүндрэл гарлаа. Гэхдээ 2021 оны КОВИД-н нөхцөл байдлаас үүдэн бүтээн байгуулалтын төгсгөлд нэлээд зардал мөнгө орсон, цаг хугацаа шаардсан зүйл боллоо.
-Бүтээн байгуулалтын явцад хамгийн хүндрэлтэй зүйл юу байсан вэ?
-Төмөр замын дээд бүтэц болон гүүрийн ажлыг гадаад туслан гүйцэтгэгчээр хийлгэнэ гэж төлөвлөж байсан ч цар тахлын улмаас ажиллах хүч орж ирэх боломжгүй болсон. Үүнээс гадна бүх зүйлийг өөрсдөө зохион бүтээх, засвар үйлчилгээ хийх гэхээр гадаадаас ирж байгаа тоног төхөөрөмж дээр сургалт хийх үүний сэлбэг хэрэгсэл орж ирэхдээ хугацаа алдаж байсан. 2021 онд хөдөлгөөн хаагдсан үед ажиллах хүч байгаагүй.
-Тавантолгойн төмөр зам Монгол Улсын хамгийн анхны нэгдүгээр зэрэглэлийн ангилалд орж байна. Энэ ангиллын онцлог нь юу вэ?
-Нэгдүгээр зэрэглэлийн ангилал ачааны хэмжээнээс хамаарч байгаа юм. Тиймээс үүнийг дагасан технологи нь өөрөө нэгдүгээр зэрэглэл байх ёстой. Манай төмөр зам уулзваргүй, хамгийн бага радиустай 2500 мм урттай. Ингэснээр зам төмрийн элэгдэлд орохгүй. Уулзвартай замд төмрийн элэгдэл маш их гардаг байсан бол одоо үлэмж хэмжээгээр буурч байгаа.
Мөн дохиолол холбооны тоноглол нь хүний гараар хянах шаардлагагүй байгаа. Дээгүүр нь явж байгаа вагоны хувьд урт хугацаанд ашиглах, засвар үйлчилгээ бага авах, зүтгүүрийн бэлэн байдлын хэмжээ нь 95 хувь байгаа. Ингэж байж 30 сая тонн ачаа явуулах боломж бүрдэнэ.
Бид бол барилга угсралын ажлыг эхний гурван жил хариуцна.
Сэтгэгдэл ( 0 )