Орос, Украины байдал улаан буудайн ХОМСДОЛ үүсгэх эрсдэлтэй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

ОХУ, Украины хүнсний экспортын тасалдал нь дэлхийн хүнсний зах зээлд олдоц муудах, импортын тасалдал үүсэх, цаашлаад хүнсний үнийн өсөлт зэрэг эрсдэлүүдэд хүргэж буйг Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн мэдээлэлд тодотгосон байна. 

НҮБ-ын ХХААБ-аас зэвсэгт мөргөлдөөний өмнө гаргасан 2021-2022 оны улирлын чанартай худалдааны таамаглал болон хоёрдугаар сар хүртэл бүртгэгдсэн экспортын нөхцөл байдал дээр үндэслэн үзэхэд Украин энэ оны 3-6 дугаар сарын хооронд ойролцоогоор 6 сая тонн улаан буудай экспортлох төлөвтэй байсан. Харин ОХУ энэ хугацаанд дахин 8 сая тонныг тээвэрлэх төлөвтэй байсан аж. Гэвч Украин дахь боомтуудыг хааж, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан, санхүүгийн хориг арга хэмжээний улмаас ОХУ-д хүлээгдэж буй борлуулалтын хүндрэлүүд нь эдгээр экспортыг бодитоор хэрэгжүүлэх эсэх талаар эргэлзээ төрүүлж эхэлсэн байдаг. Украин улаан буудай, эрдэнэ шиш зэрэг төрөл бүрийн түүхий эдийг экспортлох боломж, нөхцлүүдийг эрэлхийлж хэрэгжүүлнэ гэдгээ зарласан ч боомтуудын нөхцөл байдал үүнд нь сөрөг нөлөөллийг дагуулж байгаа юм. 

Бусад экспортлогчдын нэг болох Аргентин улсын экспортын хэмжээ нь дотоодын инфляцыг хянах засгийн газрын бодлогоор хязгаарлагдмал байх магадлалтай байна. Одоогоор тус улсын инфляцын түвшин 64 хувьд хүрсэн. Харин Австрали ложистикийн хувьд хамгийн дээд хүчин чадлаараа ажиллаж байна. Зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш дэлхийн экспортын хувь хэмжээ мэдэгдэхүйц буурч, дэлхийн зах зээл хатуу байгаа ийм нөхцөлд бусад улс орнууд дотоодын нийлүүлэлтээ тогтвортой байлгах дотоодын  инфляцыг зохицуулахын тулд экспортыг удаашруулах, хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж магадгүй гэдгээ зарим улс орнуудын зүгээс мэдэгдээд байна. 

Үүнээс үүдэн импортлогчдын улаан буудайн хэрэглээний хомсдол нь Ойрх Дорнод болон Хойд Африкийн улс орнуудад онцгой хүндрэл учруулах эрсдэлтэй байна.

Улаан буудай нь хүнсний гол бүтээгдэхүүн. Түүнчлэн зарим улс орнууд улаан буудайн хомсдлоос сэргийлж, импортоо баталгаажуулахын тулд худалдан авах хувь хэмжээгээ нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй юм.

Эрэлтийг хэт өсгөх нь зах зээл чангарч, үнэ улам өсөх нөхцөл бүрдүүлж, дэлхийн зах зээлд дарамт учруулж болзошгүй гэж эдийн засагчид, судлаачид үзэж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top