НҮБ-ын Ерөнхий ассамблейн өндөр түвшний долоо хоног эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 21

 

НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит 77-р чуулганы өндөр түвшний долоо хоног Нью Йорк хотноо есдүгээр сарын 20-нд эхэллээ.

Энэ үеэр төр, засгийн тэргүүн нар НҮБ-ын индэр дээрээс үг хэлж, олон арван хоёр болон олон талт уулзалтууд зохион байгуулна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш эл чуулган олон улсын тогтолцоог сорино гэж тодотгожээ. Өндөр түвшний долоо хоногийн үеэр дэлхийн 92 орны төрийн тэргүүн нар үг хэлэхээ мэдэгдсэн байна. Арга хэмжээнд мөн дөрвөн улс дэд ерөнхийлөгч, 61 улсын засгийн газрын тэргүүн, хэд хэдэн улс шадар сайд, гадаад хэргийн сайдын түвшинд оролцож байна. Их Британийн хатан хааны оршуулгын ёслолд оролцсон зарим удирдагчдын хөтөлбөрт өөрчлөлт орсон. Их Британийн шинэ Ерөнхий сайд Лиз Трасс 22-нд, Германы канцлер Олаф Шольц 23-нд үг хэлнэ. НҮБ-ын ерөнхий ассамблей энэ сарын 16-нд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд цахимаар оролцох эрх олгосон. Тэрбээр өнөөдөр /2022.09.21/ үг хэлнэ.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулганы өндөр түвшний долоо хоногийг эхлүүлж, хэлсэн үгэндээ НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш олон улсын хамтын нийгэмлэгт хандан, сөргөлдөөнөө зогсоож, дэлхийн бүх хүнд найдвар өгч, хамтран хүчин чармайлт гаргахыг уриалав. Тэрбээр хүн төрөлхтөн сүүлийн үед олон тооны хямралтай нүүр тулгараад байгааг онцолж, хүчээ нэгтгэхэд найдвар төрж эхэлдэг хэмээв. Ингэхдээ тэрбээр найдварыг НҮБ-ын туган дор Украинаас үр тариа тээвэрлэн, өлсгөлөнд нэрвэгдсэн Африкийн олон сая хүнд авчирч өгсөн “Brave Commander” хөдөг онгоцтой зүйрлэв. Түүний хэлснээр, эл хөлөг зөвхөн чухал ачаа тээвэрлээд зогсохгүй найдвар тээж ирсэн хэмээн дайны бүсээс үр тариа тээвэрлэсэн хөлгийг тодотгоод энэ нь олон талт дипломат ажиллагааны жишээ хэмээн онцолжээ.

“Бид бүхий л чиглэлд хөдлөх хэрэгтэй байна. Дэлхий даяар шуурга шуурч байна. Итгэлцэл нуран унаж байна. Тэгш бус байдал огцом нэмэгдэж байна. Манай гараг галд автжээ. НҮБ-ын дүрэм, үзэл санаа аюулд өртсөн. Хүмүүс, тэр дундаа хамгийн эмзэг бүлэгт хамаарах хүмүүс зовж, шаналж байна. Тиймээс бид хөдлөх хэрэгтэй” гэж Антонио Гутерриш мэдэгджээ.

Дэлхий дахин Украины нутаг дэвсгэр руу Орос халдсанд анхаарлаа хандуулж байна. Энэ дайн сүйрэл, хүний эрх, олон улсын эрх зүйн зөрчилд хүргэсэн. Дайны хөлд олон мянган хүн үрэгдсэн. Олон сая хүн гэрээ орхиход хүрсэн. Энэ дайны үр дагаврыг дэлхийн тэрбум тэрбум хүн амсаж байна. Тэрбээр мөн Афганистан, Ардчилсан Конго, Этиоп, Гаити, Ливи, Ирак, Израил, Палестин, Мьянмарын нөхцөл байдлыг дурджээ.

Антонио Гутерриш хүн төрөлхтний эх дэлхийдээ хандаж буй хандлагыг “амиа егүүтгэх дайн” хэмээн тодорхойлов. Манай цаг үеийн томоохон асуудал нь уур амьсгалын хямрал болж байна хэмээн тодотгожээ. Уур амьсгалын гамшиг өнөөдөр болж байна. Сая сая амьтан, ургамлын төрөл зүйл устаж үгүй болох аюулд өртөөд байна. Зуунд нэг тохиож байсан гамшиг удахгүй жил бүр тохиох болно. Уур амьсгалын хямрал нь ёс зүйн болон эдийн засгийн тэгш бус байдлын тод жишээ. Хүлэмжийн хийн ялгарлын 80 хувь “Их-20” бүлгийн улс орнуудад ногдож байна. Гэтэл үүний үр дагавартай хүлэмжийн хийн ялгаралд огт хамаагүй хөгжиж буй орнууд тулгарч байна. Тиймээс Антонио Гутерриш сэргээгдэх эрчим хүчний хөгжүүлэлтэд түлхүү хөрөнгө оруулалт хийхийг уриалав.

Түүнчлэн, хүн төрөлхтний бэлэн байх ёстой бас нэг хямрал нь шинэ технологийг зүй бус ашиглаж буйн үр дагавар хэмээн нэрлэжээ. Сүүлийн үед хүн төрөлхтний хэрэглээнд амьдралыг илүү сайн, сайхан болгох учиртай технологийн шинэ шийдлүүд нэвтэрч байна. Тухайлбал, геномыг засварлах технологи, хүний мэдрэлийн тогтолцоог технологитой нэгтгэх нейротехнологи гарч, криптовалют зэрэг блокчейн технологийн бусад шийдлүүд өргөнөөр дэлгэрч байна. Хиймэл оюун ухаан мэдээллийн системийн аюулгүй байдалд заналхийлж, квант тооцоолол цахим аюулгүй байдлыг үгүй хийх эрсдэл бий болгож байна. Гэтэл хүн төрөлхтөнд эдгээр асуудлын нэгийг нь ч даван туулах арга зам алга байна хэмээн Гутерриш сануулж байна.

Түүний хэлснээр, зөвхөн геополитикийн хурцадмал байдлыг шийдэж байж онцгой анхаарал татсан асуудалд үр дүнд хүрэх боломжтой. Хамтын ажиллагаа, яриа хэлэлцээ нь урагшлах цорын ганц замтай ертөнцөд бид амьдарч байна. Нэг ч гүрэн эсвэл бүлэг улс дангаараа асуудлыг шийдэж чадахгүй. Дэлхий дахин эвсэн нэгдэх шаардлагатай гэж НҮБ-ын тэргүүн онцолжээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблейг даргалж буй Чехийн дипломат Чаба Короши хэлсэн үгэндээ сайн үр дүнд хүрэх цорын ганц арга зам нь нэгдсэн, тогтвортой, шинжлэх ухаанч шийдлийн тусламжтай өөрчлөгдөх явдал хэмээн мэдэгджээ. Тэрбээр ирэх нэг жилийн бүрэн эрхийн хугацаан дахь НҮБ-ын Ерөнхий ассамблейн уриаг “Эв санааны нэгдэл, шинжлэх ухаан, тогтвортой хөгжилд суурилан асуудлыг шийдэх” гэж дахин тодотгов.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит 77-р чуулганы өндөр түвшний долоо хоног есдүгээр сарын 20-26-ны хооронд үргэлжилнэ.

Top