СУДАЛГАА: Бизнес эрхлэгчдийн 96%-д үнийн өсөлт сөрөг нөлөөлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 22

МҮХАҮТ-аас Улаанбаатар хот, орон нутгийн 1073 аж ахуйн нэгжийн дунд явуулсан “Цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын судалгаа”-ны үр дүн, нэгдсэн дүгнэлтийг танилцууллаа.

Цахим хэлбэрээр наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 4-ний өдрүүдэд явуулсан судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 79% нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна гэсэн бол 21% тогтвортой ажиллаж чадахгүй байна гэжээ. 

Бизнест эрхлэгчдийн 71% зээл авах хүсэлтэй, зээл авахаар хандсан боловч 27% зээлээ авч чадсан. Зээлийн олдоц муу, хүүгийн түвшин өндөр, хугацаа богино, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй зэргээс шалтгаалж зээл авч чадахгүй байна.

Бизнес эрхлэгчдийн 96%-д үнийн өсөлт сөрөг нөлөөтэй байж, бизнесийн ашиг дунджаар 52%-иар буурсан гэж үзжээ. Үнийн өсөлтийн нөлөөгөөр бизнес эрхлэгчид үйл ажиллагааны зардлаа танасан, бизнесийн стратеги, санхүүдээ шинжилгээ хийсэн, зарим ажлын байраа цөөлсөн байна.

Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 58% нь мэргэжлийн ажиллах хүчний дутагдалд орсон ба энэ нь цар тахлын өмнөх үеийн судалгаатай харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн 85% нь шаардлагатай ажиллагсдаа өөрсдөө сургаж байна гэв.

Бизнес эрхлэгчдийн 83% нь ханган нийлүүлэлт ямар нэгэн байдлаар тасалдсан. Ханган нийлүүлэлтийн тасалдлын үед бизнес эрхлэгчид шуурхай уян хатан шийдвэрлэх, өөр ханган нийлүүлэгчидтэй хамтрах сэлгэх, дотоодоос зарим бараа материалын нийлүүлэлтийн сүлжээ бий болгон ажиллаж байна.

СУДАЛГААНЫ ҮР ДҮНД ЦААШИД:

 

  • Хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн болгох;
  • Тээвэр логистикийн асуудлуудыг шийдэрлэх;
  • Хөнгөлөлттэй зээл, санхүүжилт олгох;
  • Түр хугацааны татварын хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх;
  • Түүхий эдийн экспорт/импорт хийхэд хил, гаалиар шуурхай горимоор нэвтрүүлэх;
  • Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого шийдвэр гаргах;
  • Мэргэжлийн ажиллах хүчээ сургаж мэргэшүүлэхэд санхүү, татварын дэмжлэг үзүүлэх зэргээр бизнест шаардагдах дэмжлэгүүдийг тодорхойлжээ.

 

Үнийн өсөлт, ажиллах хүчний хомсдол,  ханган нийлүүлэлтийн сүлжээний тасалдал нь бизнес эрхлэгчдийн 79%-д нь сөрөг нөлөө үзүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад хүндрэлтэй байна.

Судалгааны дүнг танилцуулах үеэр Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар товч мэдээллийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин өглөө. 

Энэ оны хоёрдугаар улирлын бодит үйлдвэрлэл 7.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.3 хувь, хагас жилээр нийт үйлдвэрлэл 12.7 их наяд төгрөг болж, эдийн засаг 1.9 хувь тэллээ. Дэлхийн банкнаас 2022 оны эдийн засгийн өсөлтөд цаг уурын таатай нөхцөл байдлын нөлөөгөөр хөдөө аж ахуйн салбар, 2023 онд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, олборлолт голлон нөлөөлнө гэж үзжээ.

Энэ оны наймдугаар сард улсын төсвийн тэнцэл 899.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 142.1 тэрбум төгрөг буюу 13.6 хувиар буурчээ.

2022 оны хоёрдугаар улиралд төлбөрийн тэнцэл 104.4 сая ам.долларын алдагдалтай байв.

Монгол Улсын нийт экспортын 82.6 хувийг БНХАУ, 1.2 хувийг ОХУ эзэлж буй бол импортын 36.4 хувийг БНХАУ, 28.6 хувийг ОХУ эзэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top