Украины мужуудад Орост нэгдэх эсэх бүх нийтийн санал асуулга эхлэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 23

Украины Донецк, Луганск, Херсон болон Запорожье мужуудад бүс нутгийн хувь заяаг шийдэх бүх нийтийн санал асуулга эхэллээ.

Таван хоног үргэлжлэх санал асуулгын үеэр эдгээр мужуудын оршин суугчид ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх эсэхийг шийдэх юм. Донецкт санал хураалтын 450, Луганскт 461, Запорожьед 394, Херсон мужид 198 хэсэг ажиллаж байгаагаас гадна Украины дүрвэгсдийг хүлээн авсан Оросын зарим бүс нутагт нээгээд байна. Донбассын оршин суугчид “Бүгд найрамдах улсыг ОХУ-ын бүрэлдэхүүнд орохыг дэмжиж байна уу” гэсэн ганц асуултад хариулах ёстой бол Херсон, Запорожьед Украины бүрэлдэхүүнээс гарах, тусгаар улс байгуулах, ОХУ-д нэгдэх эсэх гурван асуулт тавьж байна.

Луганск: газар нутгийн хэмжээ 26.7 мянган кв. км, хүн ам нь хоёр сая орчим. Эдийн засаг: машин үйлдвэрлэл, газрын тосны бүтээгдэхүүн, хүнс, мод боловсруулах үйлдвэрлэл, барилгын материал болон нэхмэлийн үйлдвэрлэл. Экспортын 75 хувийг төмөрлөгийн үйлдвэрлэл бүрдүүлдэг.

Донецк: Газар нутгийн хэмжээ 26.5 мянган кв. км, хүн амь нь дөрвөн сая. Эдийн засаг: төмөрлөгийн үйлдвэрлэл, машин үйлдвэрлэл, цахилгаан эрчим хүч, хүнс, хөнгөн үйлдвэр. Экспортын 73 хувийг чулуун нүүрс, антрацит, коксжих болон хагас коксжих нүүрс эзэлдэг.

Херсон: Нутаг дэвсгэрийн хэмжээ 28.5 мянган кв.км, хүн ам нь нэг сая орчим. Эдийн засаг: хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, усан онгоц, машин үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, цахилгаан эрчим хүч, төмөрлөгийн үйлдвэрлэл.

Запорожье: Нутаг дэвсгэрийн хэмжээ 27.2 мянган кв. км, хүн ам нь 1.5 сая. Украины цахилгаан эрчим хүчний гол үйлдвэрлэгч /Украины нийт эрчим хүчний 25 хувийг хангадаг/. Днеприйн усан цахилгаан станц, Запорожийн дулааны станц, Европ дахь хамгийн том атомын цахилгаан станц байрладаг. Эдийн засаг: хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгч, хар болон өнгөт төмөрлөг, машин үйлдвэрлэл, газрын тосны бүтээгдэхүүн, химийн үйлдвэр, хөнгөн болон эмийн үйлдвэрлэл.

Top