“Өглөөний зочин”-ы өнөөдрийн дугаарт СЭЗИС-ийн багш, эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайханыг урилаа. Түүнээс ирэх 2023 оны улсын нэгдсэн төсвийн хүрээнд дараах асуултад хариулт авсан юм.
-Намрын чуулган нээлтээ хийлээ. Мэдээж энэ чуулганаар хамгийн түрүүнд хэлэлцэх асуудал бол улсын төсөв. Эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед ирэх оны төсвийг батлахад нэн чухал анхаарах ёстой асуудал юу байна вэ?
-Анхаарах асуудлын тухайд хэд, хэдэн зүйлийг хэлмээр байна.
Нэгдүгээрт, гадаад эдийн засгийн нөхцөл байдлыг маш сайн ойлгосон байх ёстой. Хоёрдугаарт, түүнтэй уялдаад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвийг их сайн тодорхойлох шаардлагатай. Дээрх хоёр үндсэн асуудлыг маш сайн бодитой тооцож, түүнд тохирох төсвийг л оруулж ирэх хэрэгтэй.
Улсын төсөв оновчтой, зөв бодлоготой байх ёстой. Ялангуяа эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хүндрэлтэй байна. Иргэдийн орлого буурсан, инфляц өссөн, эдийн засгийн өсөлт саарсан төвөгтэй нөхцөлд байна.
Ийм үед ирэх оны төсвийг хэрхэн төлөвлөхөөс шалтгаалан Монгол Улсын эдийн засгийн нөхцөл, үнийн өсөлт, валютын ханш бусад эрсдэлүүд цаашид хэрхэх нь шийдэгдэнэ.
Тиймээс бодлого болоод тоон үзүүлэлтийн хувьд зөв төсөв орж ирээсэй гэсэн хүлээлттэй байна. Би ярилцлагын эхэнд хэлсэн. Ирэх оны төсвөө батлахдаа гадаад нөхцлөө сайн судлах хэрэгтэй гэж. Дэлхийн эдийн засагт маш сонин онцгой үзэгдлүүд болж байна. Валютын ханшын уналт, ам.долларын эсрэг уналтууд явагдаж байна. Үүний эсрэг дэлхийн томоохон Төв банкууд мөнгөний ханшаа хадгалах чиглэлд арга хэмжээ авч байна.
Мөн судалгааны байгууллагууд дэлхийн эдийн засаг эрсдэлтэй гэсэн дүн танилцуулах болсон. Гэтэл 2023 оныг угтаж байгаа бидний нөхцөл байдал сайнгүй. Гадаад өр өндөртэй. Валютын ханш өсчихсөн, инфляц өндөр, иргэдийн амьжиргаа доройтсон ийм эдийн засагтай байгаа үед хэт эрсдэлтэй төсөв оруулж болохгүй.
-Эрсдэлтэй гэдэг нь?
-Төсөв маш чамбай байх ёстой. Бага тэлэлттэй, зардал багатай байх нь хамгийн чухал үзүүлэлт. Одоогоор Сангийн яамнаас танилцуулаад байгаа мэдээнээс харахад ямартаа ч хөрөнгө оруулалтын зардлыг тэлээгүй. Нийгмийн халамжийн чиглэлд бага зэрэг дэвшил гаргах гэж байгаа, мөн алдагдлыг өмнөх жилээс бууруулсан гэх үзүүлэлт яригдаж байна. Гэхдээ зарлагын төсөв нэлээд өндөр харагдаж байна.
Тухайлбал, нийгмийн халамжийн төсөвт арай илүү анхаарах хэрэгтэй байсан уу гэсэн бодол байна. Өмнөх жилийн төсвийн тоон үзүүлэлтийг илүү сайжруулах ёстой. Үүнд төсвийн орлого, зардал түүний өсөлт, үр ашгийн байдал, хөрөнгө оруулалтын зардлыг илүү оновчтой болгох шаардлага бий. Орлого, зарлагын өсөлтийг эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд тохирсон бодитоор буюу аль болох алдагдал багатай төсөв оруулж ирэх нь чухал л даа. Тэгж чадахгүй бол өнөөдрийн энэ их үнийн өсөлт төсвөөр дамжиж маш их дарамт болж нэмэгдэнэ.
Дараагийн асуудал Монгол Улсын өр санхүүгийн нөхцөл байдал таагүй байгаа үед төсөв дээр өндөр ачаалал өгч, алдагдлыг бий болгох нь аюултай. Алдагдлыг бид мэдээж өрөөр санхүүжүүлнэ. Ийм ирээдүйн эрсдлийг улам нэмэх шаардлага байхгүй. Ойрын жилүүдэд Монгол Улс хамгийн арвич, хямгач, ашигтай төсвийг л хийх ёстой.
-Манай улсын төсөв жил бүр алдагдалтай гардаг. Энэ онд л гэхэд хагас жилийн гүйцэтгэлээр төсвийн алдагдал 1.1 тэрбум ам.долларт хүрээд байгаа. Оны төгсгөлд энэ тоон үзүүлэлт мэдээж нэмэгдэнэ. Төсвийн алдагдлын гол шалтгааныг юутай холбож тайлбарлах вэ?
-Алдагдал байх ёстой юу, үгүй юу гэдэг дээр онолын хувьд эсрэг, тэсрэг байр суурь байдаг. Ер нь алдагдал байж болно ч гэж ярьдаг. Гэхдээ алдагдал нь тухайн улс орны эдийн засгийн хүчин чадал, төсвийн үр ашигтай байдлаас хамаарах ёстой.
Монгол шиг эдийн засагтай улс өнөөдөр төсвийг алдагдал хийх шаардлага байхгүй. Учир нь өнгөрсөн жилүүдэд бид хэдэн их наядаар яригдах маш их хэмжээний алдагдалтай төсвүүдийг баталж ирсэн. Үүний үр дагаварт Монгол Улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдалд үзүүлж буй үр нөлөө эерэг гэхээсээ илүү сөрөг байдал нь нэмэгдсэн.
Манай улсын эдийн засаг дорой, сахилга бат муу, үр ашиггүй байгаа үед бид алдагдал үйлдвэрлэх шаардлагагүй. Түүнээс бус өндөр үр ашигтай, эдийн засгийн үр өгөөж өндөртэй байгаа улс оронд бол алдагдалтай төсөв байж болно. Энэ бол миний хувийн бодол. Харин өнөөдрийн нөхцөл байдалд байгаа Монгол Улс алдагдал ерөөсөө л гаргамааргүй байна.
-Гадаад валютын нөөц бараг хоёр дахин буурч, 2.6 тэрбум ам.долларт хүрсэн гэх мэдээлэл байна. Валютын нөөцөө нэмэгдүүлэх гол эх үүсвэрийн тухай яриач?
-Валютын ханш гэдэг зүйл хэрхэн, яаж тогтдог вэ гэдгийг эхлээд анзаарах хэрэгтэй. Маш энгийнээр тайлбарлахад, эрэлт нийлүүлэлт дээр л үндэслэж тогтоно.
Тодруулбал, Монгол Улсад орж ирж байгаа валютын хэмжээ, гарч байгаа валютын хэмжээний харьцаанаас л хамаарна. Тэгвэл сүүлийн үед буюу цар тахлаас хойш Монгол Улсын эдийн засаг харьцангуй тогтворжиж, валютын гарах урсгал нэмэгдсэн. Эсрэгээрээ валютын орох урсгал татарчихаад байна. Хэдийгээр гадаад худалдааны тэнцэл эерэг гарч байгаа ч энэ дээр төлбөр тооцооны асуудал үүсээд байгааг холбогдох албаныхан нь учирлаж байгаа. Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалт багассан. Гаднаас шууд татаж байгаа санхүүжилт буюу өрүүд байна.
Дараагийнх нь алт. Ерөнхийдөө гурав, дөрөвхөн сувгаар валют орж ирдэг. Үүнээс одоогоор Монгол банкны алт худалдан авах хөтөлбөрөөр л хэдэн ам.долларыг нөхөж байна. Экспортын тэнцлийн эерэг байдал дэмжлэг болж чадахгүй байна. Шулуухан хэлэхэд, гадаад валютын орох урсгал гарах урсгалаасаа хэд дахин бага байгаагаас үүдэлтэй валютын нөөц багасаад байна.
Мэдээж гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд гадаад худалдааны бодлого дээр онцгой анхаарах, хилийн боомтуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зэрэг асуудлуудыг анхаарах нь чухал. Дараа нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшлийн байгууллагууд гадаад зах зээл дээрээс санхүүжилт оруулж ирэх боломжийг бүрдүүлэх нөхцлийг хангах хэрэгтэй.
Валютын ханшийн өсөлттэй холбоотой асуудал хэнтэй илүү хамааралтай, хэн шийдэх вэ, хэн хариуцлага үүрэх ёстой вэ гэх асуудал нийгэмд сөхөгддөг. Тэгвэл валютын ханшийн өсөлттэй холбоотой асуудал Төв банкнаас гадна Засгийн газар голчлон хүчин чармайлттай ажиллах ёстой. Түрүүн ярьсан. Валютын орж ирэх урсгалын ихэнх нь УИХ, Засгийн газар түүний хэрэгжүүлэх бодлоготой шууд хамаарч байгаа нь харагдаж байна.
Бид олон жил ярьж байна. Экспортыг нэмэгдүүлье, олон тулгуурт эдийн засагтай болъё, импортыг орлоё, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье гэж. Энэ бүгдийг өнөөг хүртэл хийж чадаагүйн улмаас тогтвортойгоор гадаад валютын урсгал орж ирэх нөхцөл бүрдээгүй байна гэсэн үг. Гэхдээ энэ дээр цаг үеийн шинж чанартай, жижиг арга хэмжээнүүдийг авсаар л байгаа. Харамсалтай нь үр дүн нь тодорхой харагдахгүй байна.
-Хэдхэн хоногийн өмнө ОУВС-аас мэдээлэл хийсэн. Халамжийн бодлогоо эргээд харах хэрэгтэй талаар зөвлөсөн. Энэ талаар?
-Ер нь ОУВС гэлтгүй дотоодын эдийн засагчдын зүгээс халамжийн асуудлаар шүүмжлэлтэй ханддаг. Жишээлбэл, хүүхдийн мөнгө, бусад төрлийн халамжийн мөнгөн эх үүсвэр гэхэд гурав, дөрвөн их наядаар яригдаж байна. Тэгэхээр халамжийн зардалд бид их наяд, их наядаар хэмжигдэх их хэмжээний мөнгө зарцуулж байна. Энэ бол Монгол Улсын хувьд тийм ч сайн зүйл биш. Дэлхийд өндөр халамжтай улсууд байдаг. Гэхдээ тэнд эдийн засаг, нийгмийн хөгжлийн төвшин асар өндөрт хүрсэн. Харин манай улс энэ их халамжийг сүүлийн арав гаруй жилд ихээр нэмэгдүүлсэн.
Өөрөөр хэлбэл, нийгэмд халамжийн бодлого хэрэгжүүлэх үү, эсвэл хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх үү гэдэг дээр сонголт хийх хэрэгтэй. Хатуухан хэлэхэд, бид нийгмийн бодлогыг халамжийн бодлоготой андуураад байх шиг. Үүнийг маш сайн ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Сая хүүхдийн мөнгөний асуудал сөхөгдлөө. Есөн хувьд нь өгөхгүй байх тухай яригдаж байна. Энэ бол чамлалттай. Ер нь хүүхдийн мөнгө чинь юу юм бэ. Хүүхдийн мөнгө юм уу. Ирээдүйн өв сан юм уу. Халамж юм уу. Ингээд ялгаад үзэхээр хүүхдийн мөнгө бол нийгмийн халамж болохоор байна. Одоо бид халамжийг хавтгайруулах биш хамгийн байж болох цөөн хүнийг хамруулдаг болмоор байна. Хэрвээ тэгж чадахгүй энэ байдлаараа халамж их байвал иргэдийн хөдөлмөрлөх идэвх сулраад л байна. Халамж эцэстээ нийгэмд санхүүгийн болон нийгмийн асар том хохирлыг авчраад байна. Тийм учраас энэ байдлаас зоригтой татгалзах хэрэгтэй.
-Ирэх онд төсвийн орлогыг 19.6 их наяд, зарлагыг 20.3 их наяд төгрөг байхаар тооцсон гэх мэдээлэл байна. Төсвийн зарлага 20 их наяд төгрөг давсан түүхэн тохиолдол ч гэж хэлж болно. Энэ талаар та байр сууриа илэрхийлээч?
-Сүүлийн жилүүдэд төсөв өссөөр байгаа хэдий ч нийгмийн амьдралын чанар, төрийн үйлчилгээний чанартай харьцуулж харахад төсвийн үр ашигтай байдалд эргэлзээ үүсэж байгаа юм. 2022 оны эдийн засгийн төлөв сайнгүйгээр дуусах төлөвтэй байна. Иймд 2023 он хүнд жил болно. Тиймээс төсвийн бодлого, мөнгөний бодлогоо зөв хослуулах ёстой. Төсвийн зардлыг аль болох үр ашигтай, оновчтой тодорхойлж, орлогоо бодитоор төлөвлөх шаардлагатай. Алдагдлын хувьд боломжит дээд түвшинд багасгахыг хичээх хэрэгтэй гэж бий хувьдаа үзэж байгаа. Монгол Улс сүүлийн жилүүдэд төсвийн алдагдал маш өндөртэй явж ирсэн. Энэ нь олон жилийн алдаатай бодлогын үр дагавар.
2014-2016 онд төсвийн байдал хүндэрсэн. Харин 2017-2019 онд төсвийн нөхцөл байдал сайжирч 2019 онд тэнцэл ашигтай гарсан боловч цар тахалтай холбоотойгоор сүүлийн хоёр жилд буцаад алдагдал өссөн. Төсвийн алдагдал нь нийгэм, эдийн засгийг урагшлуулах хүчийг бий болгож чадаж байгаа эсэхэд дүгнэлт хийх хэрэгтэй. Үүнийг л маш сайн тунгаах ёстой. Би түрүүн ч хэлсэн. Төсвийн алдагдлаас үүдэж өрийн дарамт, төсвийн хүндрэл, ирээдүйд зарцуулах боломжтой байсан эх үүсвэрүүдийг хязгаарладаг. Тиймээс л төсвийн алдагдал хийх хэрэггүй гэдгийг байнга хэлээд байгаа хэрэг.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
Pyaldagnaad bdaggui gaigui ediin zasagch bh shuu..
харин энэ хүн зөв хэлжээ