Өнөөдөр /2022.10.14/ өглөө Улаанбаатарын цагаар 08.54 минутад Монголын нийслэл болон төвийн аймгуудад газар хөдлөлт мэдрэгдлээ.
Газар хөдлөлтийн голомт нь Эрхүүгээс 98 км, Буриадын Бабушкин хотоос 33 км-ын зайд, 10 метрийн гүнд байсан гэж үзэж байгаа бөгөөд ойролцоогоор 5-6 магнитутын хүчтэй мэдрэгдсэн гэж Европ, Газар дундын тэнгисийн Газар хөдлөлт, судлалын төвөөс мэдээллээ.
Буриадад газар хөдлөлт нэлээд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд айлуудын хананы зураг унах, гэрлийн обжур хагарах зэрэг үйл явдал болсон талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Манай улсын хувьд нийслэлээс гадна Дархан, Эрдэнэт хотуудад хүчтэй мэдрэгдсэн байна.
Монголын Одон орон геофизикийн хүрээлэнгээс "Өнөөдөр Улаанбаатарын цагаар 08:53:53 цагт ОХУ-ын Байгал нуур орчимд 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдлээ" гэсэн албан мэдээлэл өгөөд байна. Газар хөдлөлтийн солбилцлын тухайд өргөрөг 52.15, уртраг 105.81 байжээ.
Дашрамд өгүүлэхэд, өчигдөр Хөвсгөл аймгийн нутагт 3.6 баллын хүчтэй газар хөдлөлт мөн мэдрэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )