Херсон мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Владимир Сальдо удахгүй эхлэх ширүүн тулааны улмаас оршин суугчдыг Днепр мөрний зүүн эрэг рүү нүүлгэн шилжүүлж байгаа талаар мэдэгджээ.
Херсон мужийн төлөөх ширүүн тулааны өмнө 50-60 мянган хүнийг Днеприйн зүүн эрэг болон Оросын зарим муж руу нүүлгэн шилжүүлэх аж.
Саяхан бүх нийтийн санал хураалтаар ОХУ-ын бүрэлдэхүүнд орохоор шийдсэн Херсон мужийн төлөөх тулаан эхлэх тул мужийн оршин суугчдыг боломжоороо өөр бүс нутгууд руу явахыг анхааруулж байгаа юм.
Херсон мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч энэхүү шийдвэрийг “Ямар ч дайралтыг няцаахын тулд том хэмжээний хамгаалалтын бэхлэлт бий болгож байна” гэж тайлбарлажээ.
Херсон мужийн дөрвөн хотын хүн амыг Днепр мөрний зүүн эрэг рүү нүүлгэн шилжүүлэх юм. Тус мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Владимир Сальдо “Бериславск, Белозерск, Снегирёвск болон Александровскийн хүн амыг зохион байгуулалттайгаар нүүлгэн шилжүүлэх хүнд боловч зөв шийдвэрийг би гаргалаа” гэжээ.
Тэрбээр Украины тал томоохон хэмжээний довтолгоонд хүчээ бүрдүүлж байгааг хэлсэн байна. Тэгвэл ОХУ-ын тал энэхүү дайралтыг няцаахын тулд цэргийн бүлэг байгуулжээ. Энэхүү тулааны талбар нь Херсон мужийн газар нутаг болж, хот, тосгод аюулд өртөөд байгааг Владимир Сальдо мэдэгдсэн байна.
Түүний ярьснаар Каховскийн усан цахилгаан станцын далан сүйдэж, тэр хавийн газар нутаг усанд автах шууд аюул нүүрлэж байгаа аж.
Сальдо “Цааш Оросын бүс нутгууд руу нүүн шилжих хүсэлтэй байгаа Херсон мужийн иргэдэд ОХУ-ын Засгийн газар орон сууцны гэрчилгээ олгож байгаа. Та бүхнээс тайван байдлаа хадгалж, худал мэдээлэл тараагчдыг сонсохгүй байхыг хүсэж байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Ezlen turemgiilechid urgelj yalagdaj baidag
түрэмгийлэгчид ялагдана,хүүрээ ч авч чадахгүй шившгээ дэлгэж байгаа
Оросууд удахгүй Херсонд ялагдаж нутаг буцна гэж таамаглаж байна.