ТОЙМЧИЙН ӨНЦӨГ: Хандлага, харах өнцгөө өөрчилье

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 07

Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө дөө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг УИХ-д суудалтай болгоё гэсэн агуулгатай нийтлэл бичиж байлаа.

Энэ нийтлэлийг зүгээр нэг сэтгэлийн хөөрөл, аль эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өрөвдөж халагласандаа бичиж байсангүй ээ. Нийгмийн шаардлага, бодит үнэнээс хөндөгдөж гарсан сэдэв болохоор өлгөж авч, олон нийтэд ойлгуулахыг хичээсэн хэрэг.

Хууль тогтоох байгууллага, шийдвэр гаргах төвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг ч хамаагүй квот байх хэрэгтэй. Өнөөдөр энэ асуудлыг эргэн сөхөх шаардлага байна уу гэвэл байна. Байх нь бүү хэл, улам чангаар, илүү тодоор дуугарах цаг болжээ.

Учирлаваас, өдгөө манай орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо хүн амын бүлгийн хэмжээнд хэдийн хүрчихсэн. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхэд, ахмад настан гэсэн дөрвөн бүлэг дээр нэмж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгай бүлэг болгон үзэх зайлшгүй шаардлага бий болов. Та бод доо, манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо 2020 оны байдлаар 107 мянгыг давжээ. Энэ бол бага тоо биш.

Манайх шиг хүн ам цөөтэй улс оронд бол маш том орон зайг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна. Ийм байхад эдгээр иргэний төлөөлөл парламентад яагаад байж болохгүй гэж. Бидний хамгийн их хүн амтай гэгддэг Хөвсгөл аймгийн хүн амын тоо 130 мянга. Ойлгогдохоор өгүүлэхэд, ялгаагүй 100 мянга гаруй хүн амтай аймгийн иргэдийн эрх ашгийг хамгаалж, нийгмийн асуудлыг нь шийдэх гэж УИХ-д гурвын гурван хүн сууж байна. Гэтэл 107 мянгад хүрээд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн асуудал, эрх ашгийг нь хамгаалах ганц ч хүн манай парламентад алга. Салбарын сайд гэж зарим нь хэлж магадгүй. Гэвч яам бол нийт масст л нийгмийн халамжийн чиглэлээр хүрч ажилладаг.

Түүнээс биш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тууштай барьж аваад цогцоор нь шийдэж даанч амжихгүй. Тэгээд ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмээс халамж хайр нэртэй хэдэн бор төгрөг хүртэхийг л хүсдэг горьдогсод биш.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодит болгоё. Тэдний төлөө стратегийн алхам хийх ёстой гэдгийг ч төр, засгийн өндөрлөгүүд бодох ёстой. Өнөөг хүртэл бид хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн бодлогод нөлөөлдөггүй, эрүүл мэнд, эсвэл даатгалын байгууллага хариуцах ёстой юм шиг хавсарга байдлаар ойлгож, хүн амын цөөнх мэтээр хардаг байсан нь үнэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тав, арван төгрөгийн дэмжлэг үзүүлэх, хиймэл гар, хөл, таяг, тэргэнцэр өгөх байдлаар асуудлыг шийдэж байна гэж үзэж ирсэнтэй ч санал нийлэх байх.

Харин энэ чиг хандлага, үзлийг өнөөдрөөс эхлээд таягдан хөөе. Тэгэхийн тулд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг иж бүрэн шийдэх гарцыг олох нь чухал. Энэ гарцыг хэн нэгэн сайхан сэтгэлтэн, хэн нэгэн улстөрч, хэн нэгэн гэгээнтэн хэзээ ч шийдэж өгөхгүйг баттай хэлчихье. Тэгвэл хэн хийх ёстой вэ гэж үү. Тиймээ, зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө хийж чадна. Хүн өөрөө, өөрийнхөө л төлөө бүхнийг хийж чаддаг шүү дээ. Тиймээс л 107 мянгад хүрчихээд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж хууль тогтоох дээд байгууллагад хүн суулгамаар байгаа юм. Тэгж байж өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан хууль санаачилж, боловсруулж, тогтоож, хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ.

Өнгөцхөн харахад өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө хууль журам баталж байгаа мэт дүр зураг парламентад хааяа нэг үзэгддэг ч үнэндээ үр дүнд хүрч байгаа нь үгүй. Яагаад гэвэл, хууль тогтоогчид, хуулийг хэрэгжүүлэгчид өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй биш болохоор тэр. Тэдгээр иргэнийг ойлгодог, мэдэрдэг юм шиг байвч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийнх нь дотоод ертөнц, тулгамдаж буй асуудлыг даанч мэдэхгүй. Энэ бол бодит үнэн. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг паралипд суулгах боломжийг хайж олцгооё. Болохгүй зүйл огтхон ч биш юм байна.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц” гэж бодлогын даацтай баримт бичиг байна. Энэ конвенцид манай улс аль хэдийнэ нэгдэж, дагаж мөрдөх үүргийг нь хүлээн зөвшөөрчихсөн. Тус конвенцийн 29 дүгээр зүйлийг энд онцолъё. Улс төр нийгмийн амьдралд оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нэрийг сонгуульд дэвшүүлэх болон шаардлагатай тохиолдолд туслах, шинэ технологи ашиглах замаар албан тушаал хаших, төр засгийн байгууллагын аль ч түвшинд төрийн алба хаах эрхийг дэмжиж хамгаалахыг заажээ.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бусадтай адил тэгш байх үндсэн дээр ямар нэг алагчлалгүйгээр төрийн удирдах хэрэгт бүрэн дүүрэн, үр нөлөөтэй оролцох орчин бүрдүүлэх явдлыг идэвхтэйгээр хөхиүлэн дэмжиж, тэдний нийгмийн хэрэгт оролцох оролцоог олон хэлбэрээр дэмжиж өгөхийг ч заасан байна. Энэхүү конвенцийн хэрэгжүүлэх Засгийн газрын 218 дугаар тогтоол гарч байсныг санаж байна. Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн 3.7.2.5-д хөгжлийн бэрхшээлтэй хүний сонгогдох эрхийг хангах хүрээнд Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хуульд үнэлгээ хийж дүгнэлт гаргах шаардлага байгааг ч тодотгож өгчээ.

Энэ мэт бодлогын баримт бичиг үндэс болгож хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг УИХ-ын сонгуульд нэрийг нь дэвшүүлдэг, улмаар сонгогдож чадсан нь парламентийн гишүүн болдог хууль эрх зүйн тогтолцоог боловсруулах нэн шаардлагатайг энд сануулъя. Улс төрийн намууд эмэгтэй гишүүний квот баталдаг шиг УИХ-ын гишүүдийн дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэний квотыг буй болгож яагаад болохгүй гэж. Ингэснээр эдгээр иргэний сонгох, сонгогдох эрх бодит болох боломжтой. Ингэж улс орны удирдах түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оруулж байж тэдэнд зориулсан төрийн цогц бодлого бий болно.

“Хөгжилтэй улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэрээсээ гараад хэний ч тусламжгүйгээр нийгмийн харилцаанд орох боломжтой. Тэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж бүх боломжийг нээж өгсөн байдаг. Гэтэл манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань гэрээсээ цухуйхад ч хэцүү байдалтай байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад зориулсан сурах орчин, нөхөн сэргээх эмчилгээ зэрэг наад захын эрхээ эдэлж чаддаггүй. Жишээ нь, ердийн ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцъя гэхэд зориулалтын ширээ, сандал, бие засах газар, зорчих хэсэг байдаггүй. Тэгэхээр тэр хүүхэд тусгай сургуульд л явах болдог. Тэр хүүхэд өөртэйгөө адил хүүхдүүдийн дунд тусгай орчинд тусгай байдлаар сураад байвал яваандаа нийгмийг үзэн ядаж, ганцаардаж эхэлдэг. Ингээд л тэднийг энгийн иргэдийн дунд нийгэмшүүлэх асуудал алдагдаж байгаа юм. Боловсрол гэлтгүй бүх салбарт тэдэнд зориулсан стандартыг бий болгох ёстой.

“Салбар бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан мэргэжилтэн байх учиртай” гэх уриа лоозонгийн маягаар ярих олон улс төрчийг сонсч байлаа. Гэвч тэд өнөөдрийг хүртэл тэр стандартаа, тэр дэд бүтцээ бий болгоогүй л сууж байна. Дээр хэлсэн. Энэ бүгдийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө л бий болгож чадна гэж. Тэднийг тахир дутуу, гар хөлгүй, сонсголгүй, хараагүй гэж бүү бас. Бүгдийг хийж чаддагаа бидэнд бэлхнээ харуулсан. Паралимпийн аварга Д.Баатаржавыг хар, Дэлхийн цомын гурван удаагийн аварга Э.Содномпилжээг хар, хөгжлийн бэрхшээлтэй ч хэн хүнээс илүү ажиллаж, тэмцэж болдгыг харуулж чадсан Б.Болороо бүсгүйг хар. Эрүүл саруул хүний хийж чадаагүйг тэд хийж чадсан. Хөгжиж чаддагийг харуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй” өөр олон хүн бий. Тэд энгийн иргэдээс багахан ялгаатай л хөгжилтэй хүмүүс. Хандлага, харах өнцгөө өөрчил. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ялгаатай хөгжлийг нийгмээрээ хүлээн зөвшөөрье. Хүн зөвхөн гараараа л хоол хийж, хувцас угаадаг юм биш. Хөл, тохой, бугалга гээд хөдөлж болох бүх зүйлээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдралаа босгодог юм шүү дээ. Дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэхийн тулд тэд энгийн нэгнээс хавь илүү бие сэтгэлийн тэнхээтэй байдаг юм. Энэ ч утгаараа тэд өөрсдийнхөө төлөө төдийгүй өрөөл бусдынхаа төлөө хүчтэй ажиллаж чадна. Хууль тогтоох дээд байгууллагад тэдний төлөөлөл үгүйлэгдэж байна. Сонгогдох эрхийг нь бодит болгоё. Боломж байгаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top