УИХ-ын чуулганы энэ сарын 4-ний өдрийн нэгдсэн хуралдаан дээр Ш.Адьшаа гишүүн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хойшлуулах, татаж авах горимын санал оруулсан. Энэ үеэрээ тэрбээр Оюу Толгой ХХК Өмнөговь аймагт хандив өгсөн нэрээр Монгол Улсыг 50 сая ам.долларын өрөнд оруулсан хэмээн хэлсэн.
Тодотговол, "Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдсөн ашигт малтмалын тухай хуулийн заалтыг оруулж ирлээ. Энд ямар заалт байна вэ гэхээр тухайн орон нутагт уул уурхайн олборлолт хийж байгаа компаниуд албан ёсоор хандив тусламж авах ийм заалт оруулж ирсэн. Нөгөө талаасаа тэнд ажилладаг гадаад, дотоодын компаниудын квотын асуудлыг оруулж ирсэн байна. Энэ бол үнэхээр ноцтой асуудал шүү. Бид өнөөдөр Оюу Толгойн ажлын хэсэг гэж ажиллаж байхад Оюу Толгой компаниас Өмнөговь аймагт жил бүр таван сая ам.долларын хандив тусламж олгож ирсэн. Гэтэл энэ хандив тусламжаа "Монгол Улсын өр" гэж бичиж байршуулсан байгаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид 50 сая ам.долларын өртэй болчихсон” хэмээн хэлсэн билээ.
Тиймээс бид бүхэн мэдээллийн тэнцвэртэй байдлыг хүргэх үүднээс УИХ-ын гишүүн Ш.Адьшаа болон Оюу Толгой компанийн төлөөллийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: “Монгол Улсын өр” гэж Оюу Толгой өөрийн блансад тусгаж ирсэн
-Та Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хойшлуулах, татаж авах санал гаргасан. Яагаад?
-Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр өргөн барьсан. Энэ өргөн барьсан хуулиар орон нутагт уул уурхай эрхэлж байгаа компаниуд албан ёсоор хандив тусламж авч болно гэсэн заалт оруулсан. Нөгөө талаасаа тэнд ажилладаг дотоод, гадаадын ажилчдын квотын асуудлыг зохицуулна гэж заасан. Тэгэхдээ салбарын сайдаас нь зөвшөөрөл аваагүй. Нөгөө талаасаа уул уурхайн компаниуд орон нутагт хандив тусламж нэрээр мөнгө төгрөг өгдөг асуудал сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд явж ирсэн. Гэхдээ өгсөн мөнгө нь сум, орон нутгийн ард иргэдэд ямар ч хүртээлгүй. Эмнэлэг, сургууль барих, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхэд зарцуулагдаж ирсэн. Дээрээс нь энэ мөнгийг орон нутагт засаг барьж байгаа удирдлагууд авч хэрэглэдэг гаж тогтолцоог хуулиар зохицуулж болохгүй. Яагаад гэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т байгалийн баялагийг тодорхой хөгжлийн бодлогод тулгуурласан тухайн орон нутаг, эдийн засагт ашигтай байдлаар ашиглана. Ингэхдээ баялагийн сангаар дамжуулж нийт ард түмэн хувь хүртэнэ гэснийг л бид эхлээд биелүүлэх ёстой байхгүй юу. Өнгөрсөн 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ 6.2-оор Баялагийн сангийн хуулийг хамгийн эхэлж батлах ёстой юм. Баялагийн сангийн хууль батлагдсанаар Монгол Улсын газрын дор болон дээр байгаа бүх баялаг бол төр, нийтийн өмч бөгөөд ард түмэн хувь хүртэнэ гэсэн Үндсэн хуулийн зарчмаар батлах хэрэгтэй. Тэгж байж дараа, дараагийн Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуулийг батлах ёстой.
-Чуулганы хуралдаан дээр та Оюу Толгой компани Өмнөговь аймагт өгсөн хандиваа “Монгол Улсын өр” хэмээн бичдэг гэж хэлсэн. Энэ талаараа тайлбарлахгүй юу?
-Би өнөөдөр үүнийг яагаад шүүмжлээд байгаа юм гэхээр орон нутагт уул уурхай явуулж байгаа жижиг, том уурхайнууд хандив нэрээр мөнгө өгдөг. Тэр нь нэгдүгээрт, тухайн орон нутгийн дарга нарын үзэмжээр шийдэгддэг болохоос тухайн нутагт байгаа нийт ард иргэдэд ямар ч хүртээл байхгүй. Ийм л тогтолцоо явж ирсэн. Үүнийг одоо засаж залруулах ёстой. Хамгийн том жишээ бол Оюу толгойн асуудал байгаа.
Би өөрөө Оюу Толгойн байгаль орчин, хөрс, агаарын бохирдлыг шалгах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхад Оюу Толгой компаниас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд жил бүр таван сая ам.долларыг Өмнөговь аймгийн орон нутгийн хөгжилд зориулж өгдөг. Үүнийг нь эрх барьж байгаа засаг захиргааны байгууллага захиран зарцуулж ирсэн. Гэхдээ үүнд нэг харамсалтай юм байгаа. Яагаад гэвэл тэр мөнгийг “Монгол Улсын өр” гэж Оюу Толгой өөрийн блансад тусгаж ирсэн. Ингээд 10 жил гэхэд 50 сая ам.доллар буюу 300 тэрбум төгрөг Монгол Улсын өр дээр нэмэгдсэн. Энэ мэтийн байдлыг засах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
Оюу Толгой: 101.2 тэрбум төгрөгөөр 300 гаруй төсөлд хөрөнгө оруулсан
Тэгвэл энэ талаар болон орон нутагт өгсөн хандивынхаа захиран зарцуулалтад хяналт тавьдаг эсэхийг Оюу Толгой компаниас тодруулж дараах хариултыг авсан юм.
-УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тус компанийг Өмнөговь аймагт жил бүр таван сая ам.долларын хандив өгдөг ч түүнийгээ “Монголын өр” гэж бичилт хийдэг гэсэн. Энэ тал дээр тайлбар өгнө үү?
-Оюу Толгой ХХК нь Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтэд жил бүр зарцуулж буй таван сая ам.долларыг тус компанийн үйл ажиллагааны зардалд бүртгэдэг. Оюу Толгой ХХК, Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд сумын хооронд 2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Уг гэрээний хэрэгжилтийг хангах зорилго бүхий “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” төрийн бус байгууллагыг 2015 оны есдүгээр сарын 25-ны өдөр байгуулж, Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр бие даасан хуулийн этгээдийн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Монгол Улсын хууль тогтоомж, Хамтын ажиллагааны гэрээ, сангийн дүрмийн дагуу сангийн Удирдах зөвлөл, Харилцааны хороо, Итгэмжлэгдсэн зөвлөх, Гүйцэтгэх захирал ажлын алба гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Хамтын ажиллагааны гэрээний 8.3-т заасны дагуу Оюу Толгой ХХК-аас жил бүр олгох таван сая ам.долларын санхүүжилтийг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-д шилжүүлдэг. “Говийн Оюу ХДС” нь эрүүл мэнд, боловсрол, сургалт, хөдөлмөр эрхлэлт, орон нутгийн бизнесийн хөгжлийг дэмжих, байгаль орчин, соёлын өвийг хамгаалах зэргээр аймгийн болон Түншлэгч сумдын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэгдсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, тэдгээрийг үр ашигтай, зүй зохистой удирдах зохион байгуулах зорилготой.
-Танай компани орон нутагт өнгөрсөн хугацаанд хэдий хэмжээний хандив өгөөд байна вэ?
-Оюу Толгой компани Өмнөговь аймаг, Ханбогд сум болон бусад түншлэгч сумдтай хийсэн Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”(www.goviinoyu.mn)-г байгуулж жил бүр таван сая ам.доллароор санхүүжүүлдэг. Тус сан 2015 онд Даланзадгадын 25 дугаар цэцэрлэгийн барилга барих төслийг санхүүжүүлэн үйл ажиллагаа эхлүүлж байсан бол өнгөрсөн долоон жилийн хугацаанд санхүүжүүлэгч Оюу Толгой компаниас хүлээн авсан 101.2 тэрбум төгрөгөөр нийт 300 гаруй төсөл хөтөлбөрийг 100 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулан ажиллаж байна. Эдгээрээс аймгийн музей, зургаан цэцэрлэг, хоёр сургууль, гурван сумын хүн эмнэлгийн барилга, сумдын уурын зуух, цэвэр бохирын шугам зэрэг дэд бүтцийн олон төслүүд, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуйд чиглэсэн олон тооны хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, 500 гаруй оюутанд сургалтын бүрэн тэтгэлэг олгосон байна. Энэ хүрээнд давхардсан тоогоор 760 мянга гаруй хүн үр шимийг нь хүртжээ.
Түүнчлэн Оюу Толгойн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Ханбогд сумын урт хугацааны, тогтвортой хөгжлийг дэмжих 50 сая ам.доллар(150 тэрбум төгрөг)-ын таван жилийн хөтөлбөрийг баталсны дагуу Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн санг өнгөрсөн есдүгээр сард байгууллаа. Тус сан нь бие даасан, ашгийн бус хуулийн этгээдээр бүртгүүлсэн. Сан нь Ханбогд сумын хөгжлийг дэмжих, хүнд ээлтэй, гэр бүл төвтэй тогтвортой суурин газар болон хөгжих, түүнчлэн орон нутгийн иргэдийн сайн сайхан байдал, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
-Ер нь орон нутагт хандив тусламж өгөх тусгайлсан хуулийн заалт, дүрэм журмаар хүлээсэн үүрэг гэж бий юу. Өгсөн хандивынхаа захиран зарцуулалтад хяналт тавьж чаддаг уу?
-Оюу Толгой ХХК, Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд сумын хооронд байгуулсан 2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Уг гэрээний хэрэгжилтийг хангах зорилго бүхий “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” Төрийн бус байгууллагыг 2015 оны есдүгээр сарын 25-ны өдөр байгуулж, Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр тус сан бие даасан хуулийн этгээдийн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь Өмнөговь аймгийн (Оюу Толгой ХХК-ийн түншлэгч сумд болох Ханбогд, Баян-Овоо, Манлай, Даланзадгад сумыг хамруулан) тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу Оюу Толгой компаниас тус санд олгох сайн дурын санхүүжилт болон “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-д олгох аливаа бусад санхүүжилтийг удирдан зохион байгуулах зорилготой.
Оюу Толгой ХХК, Өмнөговь аймаг, болон тус аймгийн Оюу Толгой төслийн түншлэгч сумдын (Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сум) байгуулсан Хамтын ажиллагааны гэрээ нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль (42 зүйлийн 42.1 дэх хэсэг), Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу гэрээ байгуулагч талууд тэгш байдал, харилцан итгэлцэл, хамтын ажиллагаанд тулгуурласан, бүх талууд нь хамтран хэрэгжүүлэхээр зөвшөөрсөн эрх зүйн баримт бичиг юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Хандив нэрээр монголын баялгийг гадагшаа зөөж төлбөр тооцоог монголоор дамжуулахгүйгээр өөрсдөө ашигладаг дэлхийд зартай эдийн засгийн дээрэмчин бүлэглэл Рио Тинто монголчуудыг өрөнд оруулдаг юм байна. Хандив авч байгаа орон нутгийн удирдлагад байгаа дотоодын хулгайн бүлэглэл өөрсөддөө ихэнх % ийг завшиж багахан хэсгийг эмнэлэг, сургууль нэрээр ганц дан байшин барьж тайлагнадаг аж. Монголчууд хэзээ хөрөнгөндөө эзэн сууж улс орноо, хүн ардаа өөд нь татах вэ залуучууд аа?