Хямд архины балгийг амссан гашуун түүх давтагдах вий

2022 оны 12 сарын 02

Архи гэдэг зүйлийг нэн эртнээс идээний дээж хэмээн нэрийдэж ирсэн. Гэтэл манай улсад архины  хэрэглээ хэт хавтгайрсаныг бид бодитоор харж буй. Үүнээс үүдэн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон олон гашуун түүх бий. Тэгвэл төр засгаас архины хэрэглээг хязгаарлаж, зөв зохистой хэрэглээг бий болгохын тулд архины онцгой албан татварыг нэмэгдүүлэх хуулийг баталсан. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Гэтэл чухам энэ нь архидалтыг бууруулах оновчтой бодлого мөн үү гэдэгтэй олон хүн маргана биз. Архины албан  татварыг нэмбэл хуурамч архины үйлдвэрийн тоо нэмэгдэж цаашлаад амь насаараа хохирох асуудал нийгэмд олшрох аюултай. Тэгвэл  гэр хороолын дэлгүүрүүдэд зарагдаж буй хямд архи хаанаас гаралтай, үүнд хэн хэрхэн хяналт тавьдаг,  талаар сурвалжилсан юм. Ямартай ч захын гэр хорооллоор явахад хаа нэгтээ бөөгнөрөл үүсгэн зогсох гэр оронгүй архины хамааралтай болсон гэх хэд хэдэн хүнтэй уулзлаа.


 

ГЭР ХОРООЛЫН ДЭЛГҮҮРҮҮДЭД ОРЦ НАЙРЛАГА, ҮЙЛДВЭРЛЭСЭН ХУГАЦАА НЬ ТОДОРХОЙГҮЙ АРХИ ХУДАЛДААЛСААР БАЙНА

 

Сонгинохайрхан дүүргийн Нарангийн голын эцэст байрлах Баялаг хүнсний дэлгүүрээр ороход худалдагч бүсгүй “Эхний өдөр 10-15 шил архи авч уугаад, маргааш нь дахиад шараа тайлна гээд жижиг 0.33 граммын Хараа архинаас нэлээн хэдийг авдаг. Хараа архи 4500 төгрөг 0.33 граммтай байдаг бол 0,75 граммтай Хийморь, Шүншиг архи 7000 төгрөгөөр зарагддаг. Үүнийг байнга уудаг хүн олон. Зарим нь халамж, тэтгэвэр буухаар өгнө гэж хэлээд зээл авах тохиолдол бий. Сар бүрийн 15-20 ны хооронд архины худалдан авалт нэмэгддэг. Энэ хавийн ихэнх дэлгүүрүүдэд байгаа. Гэхдээ хамаагүй хүнд өгдөггүй юм. Зүс таньдаг хэдэн хүмүүст өгдөг” хэмээв.

Ийн дэлгүүрт зогсох үед ноорхой хувцастай хахир өвлийн хүйтэнд пүүз өмссөн 40 орчим настай залуу 7000 төгрөгийн Шүншиг архийг худалдан авч сугавчлаад гарч одов. Түүнийг хаашаа явахыг нь ажиглан зогсоход автобусны эцэст байрлах байшингийн нөмөр бараадан суух хэсэг хүмүүс дээр очсон юм. Араас очиход нөхдийн хамт 0.75 граммын Шүншиг гэх архийг нэг удаагийн аяганд хийн дамжуулан уух аж.

Тэдний нэг хэлэхдээ, “Төмөр, зэс, шил, лааз цуглуусан мөнгөөрөө архи авчихдаг. Гэртээ очихоор идэх хоолгүй архиар л голоо зогоож байна. Наашаа гэх ах дүү, үр хүүхэд төрөл төрөгсөд байхгүй. Архи уулаа гээд зайгаа барьсан. Арга ч үгүй биз. Өглөө нүдээ нээгээд яаж дотроо засах вэ гэх бодол толгойд эргэлдэнэ. Архи ууж эхэлсэн өдрөөс хойш хүмүүс надаас нүүр буруулсан. Нарангийн голын эцэс  Хар хорин бол миний архи уудаг цэг” хэмээн ярилаа.

Ямартай ч архины гайгаар амиа алдахаас наагуур болчихсон түүний хувьд ирээдүй гэж алга. Хайран сайхан хүний амьдралыг орвонгоор нь эргүүлдэг ийм л гайтай зүйл дээ хэмээн харамсах бодол төрсөн нь тэр. Энэ мэтчлэн хямд архины эрэл хайгуул тэр хавийн  дэлгүүрүүдээр тасардаггүй байна. Хямд архи нь цаагуураа  хичнээн хүний амийг дээсэн дөрөөн дээр аваачдагийг хэлж мэдэхгүй. Энэ бол чанаргүй архиар сэтгэлээ аргацаадаг хүмүүсийн тод жишээ.

Түүнчлэн хямд архи их гашуурсан, үнэтэй архи зөөлхөн байдаг гэдгийг тэд хэлж байлаа. Ийн Нарангийн голын эцсээс наашилж Баянхошууны эцсийн буудалд үйл ажиллагаа явуулдаг архи, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүрийн хаалга татлаа. Энэ дэлгүүрүүдэд 30 мянгаас таван мянган төгрөгийн үнэтэй архинууд худалдаалдаг юм байна. Шүншиг, Хийморь, Хамаг Монгол  гэх гоёмсог савлагаатай 0.5 грамм нь 5000, 0.75 грамм нь 7000 мянган төгрөгөөр хуалдаалдаг архи тэнд ч мөн ижил байв. Ийм архийг голдуу архинд дуртай хүмүүс худалдаж авдаг гэнэ. Түүнчлэн сэржимний гэх тодотголтой сархдыг донтсон хүмүүс ихээр авдаг байна. Худалдагчид тухайн зарж буй архиныхаа талаар наад захын мэдлэггүй.

Тухайлбал, хаана үйлдвэрлэсэн, ямар спиртээр найруулсан гэх зэргийн мэдээлэлгүй байгаа нь үүний цаана олон мянган хүний амь нас эрсдэхгүй байхын баталгаа алга. Цаашлаад хямд архинуудын тодорхой шошгогүй гарал үүсэл үнэндээ тодорхойгүй хэзээ мөдгүй эрсдэл дагуулж мэдэхээр  байна. Гэр хороололд архидалт хавтгайрсан учир  энэ төрлийн шошгогүй архийг ихээр худалдаалдаг биз ээ. 7000 мянган төгрөг давсан архийг хүмүүс нэг их аваад байдаггүй аж. 

Найман нэрийн хүнсний дэлгүүрийн орлогийн дийлэнх хувийг архи тамхи бүрдүүлдэг гэдгийг худалдагч тодотгож байгаа юм. Тухайн үед тус дэлгүүрээс өнөөх л хямд архийг худалдан авах хүмүүсийн цуваа тасарсангүй. Согтуучуудын ээдрээтэй адармаатай гэмээр гашуун түүх эндээс улбаатай гэхэд хилсдэхгүй. Архинд донтогчид ийм л архиар эрүүл мэнд оюун сэтгэхүйгээ хордуулж, ар гэр, ойр орчмынхныхоо амгалан тайван байдлыг алдагдуулж нийгэмдээ жигшүүлэн байна.

 

НМХГ: ХУУРАМЧ АРХИ ҮЙЛДВЭРЛЭСЭН ХЭД ХЭДЭН ЗӨРЧИЛ БҮРТГЭГДСЭН

 

Харин дэлгүүрүүдэд олноор зарагдах  шошгогүй гарал үүсэл, орц найрлага нь тодорхойгүй архинд Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавин ажилладаг талаар дараах тайлбарыг өгч байна. Тэрбээр “Он гарсаар хуурамч буюу тусгай зөвшөөрөлгүй архи үйлдвэрлэдэг гэх зөрчил хэд хэд  бүртгэгдсэн. Гомдлын дагуу шалгалт явуулж зөрчилтэй архийг хураан авч устгалд оруулсан гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллэж буй юм.

Архины буруу  хэрэглээтэй тэмцье гэвэл чанаргүй хуурамч хямд архийг цэгцэлж хяналт шалгалтыг илүү сайжруулахад түлхүү анхаарах нь зүйтэй болов уу. Манай улсад архины хэтрүүлсэн хэрэглээнээс үүдэн жилд 4500 хүн нас бардаг байна. ДЭМБ жилд нэг хүнд долоон литрээс дээш спирт ноогдоход ҮАБ-д хүрсэн гэж үздэг. Гэтэл манай улсад жилд нэг хүнд 12 литр спирт, 55 литр архи согтууруулах ундаа ноогдож байгаа нь ҮАБ-д аюул учруулах түвшинд хүрснийг илэрхийлж буй хэрэг.

Судалгаанд  суурилсан архидалтын эсрэг бодлого явуулаагүй нь энэ мэт жишээнээс харагдаж байгаа юм. Одоогоор манай улсад нийт насанд хүрэгчдийн 6.2 хувь нь архинд донтох эмгэгтэй байгаа гэх мэдээллийг  эрүүл мэндийн байгуулагаас  гаргажээ. Цаашлаад аюулын харанга дэгдээж буй элэгний цирроз буюу хорт хавдар гэхэд чанаргүй архинаас үүдэлтэй аж. Архидалтын түвшин ямар байгааг ил тод харуулдаг газар бол эрүүлжүүлэх байр билээ.

Тэгвэл Нийслэийн цагдаагийн удирдах газрын харьяа Эрүүлжүүлэх-Саатуулах байраар орсон юм.

Эрүүлжүүлэх байрны эмч Н.Будмаагаас ийн тодрууллаа.


 

-Эрүүлжүүлэх байранд хоногт хэчнээн хүн ирдэг вэ?

-Манай эрүүлжүүлэх байр 12 эмчтэй. Хоногт  энгийн үед 50-60 хүн ирдэг.

-Ямар тохиолдолд иргэдийг  эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгдөг юм бэ?

-Саатуулагдах хугацаандаа гар хөлөө зүсэх болон өөрийгөө гэмтээх, цаашлаад хүнд гэмтэл авсан, эсвэл архины хордлогод орж эрүүл мэнд нь тогтворгүй болсон тохиолдолд  яаралтай түргэн тусламжийн 103 төвд хүлээлгэн өгдөг. 

-Архины хордлогод орсон иргэдийг цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлдэг байх нь тийм үү?

-Архины хэт их хэрэглээнээс үүдэн саатуулах байранд бие нь муудсан иргэнийг эрүүл мэндийн байгууллагад хугацаа алдалгүй хүлээлгэн өгсөнөөр хурц хордлогоор нас барах эрсдлээс хамгаалж чаддаг.

-Биеэ авч явах чадваргүй болоод гудамж талбайд уначихсан хүмүүс хэр их бүртгэгддэг вэ?

-Өдөрт 3-7 хүн бүртгэгдэнэ.

-Ямар үед эрүүлжүүлэх байрны ачаалал ихэсдэг вэ. Архинд хэт донтсон хүнтэй ажиллахад хүндрэлтэй биз?

-Сар бүрийн15-25-нд ачаалал эрс  нэмэгддэг. Энэ нь мэдээж халамж олгодог өдрүүд юм. Эрүүлжүүлэх байранд ирж буй хүмүүс догшин ааш авир гаргадаг. Зарим нь бүр архи нэхэж шил арчигчны шингэн ууж байсан ч тохиолдол бий.  Архинд донтсон хүмүүс энэ мэт үйлдэл гаргана. 2-3 удаагийн давтамжтай эрүүлжүүлэгдсэн тохиолдолд ар гэрийнхэнийх нь  хүсэлтээр архины эмчилгээнд явуулдаг.

Эрүүлжүүлэх байрны тухайд архидан согтуурсан хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ийн үзүүлдэг бол Нийслэлийн түргэн тусламжийн төвд өдөрт 1000-1200 дуудлага ирдэг бөгөөд үүнээс 100 хүн  архины хордлого гэх оноштой байдаг байна. 2022 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар 363 хүн архины хордлогоор амиа алдсан гэх судалгаа бий.  Цагдаагийн байгууллагын хэлж буйгаар архины хордлого гэсэн шалтгаантай нас баралт сард 30 ба түүнээс дээш бүртгэгддэг аж. Ямартай ч хуурамч архинаас үүдэн гарсан гашуун түүх бидэнд нэгээр дуусашгүй бий. Тодруулбал, Азийн чоно компанийн метилийн спиртээр найруулсан архинд 200 гаруй хүн хордож арван таван хүний алтан амийг авч одсон гашуун түүх одоо ч бодоход эвгүйцмээр.

Хэрэв архины татварыг нэмэгдүүлбэл үнэ дагаад өсөх нь бичигдээгүй хууль. Дайны хажуугаар дажин гэгчээр үүнтэй зэрэгцэн хуурамч хортой архи үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжиж олон жилийн өмнөх  эмгэнэлт үйл явдал давтагдах вий гэхээс сэтгэл түгшээнэ. Хямд архины үйлдвэрлэл олдоц зэрэг нь ихэсвэл архинд донтогсдын хэрэглээ дагаад өсөх нь ойлгомжтой. Ийн цаашлаад хямд, чанаргүй  архины  балгийг бид дахин амсах вий гэх айдас ч олны дунд бий. Өмнөх жилүүдэд Архи тамхины албан татвар нэмэгдсэн ч архины худалдаа багассангүй. Харин ч цэцэглэхэд түлхэц болжээ. Гэтэл 2023 он гармагц архины татварыг дахин нэмэгдүүлэх заалт бүхий хууль хэрэгжиж эхлэх билээ.

Б.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top