Дэлхий нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахлын улмаас манай улсын хүнсний хангамжийн тогтвортой байдалд эрсдэл бий болж байгааг албаныхан өмнө нь хэлж байсан. Тухайлбал, судалгаагаар манай улс 2030 он хүртэлх хугацаанд малын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүнийг дотооддоо бүрэн хангаж жилд дунджаар 95.4 мянган тонн малын мах, 54.6 мянган тонн махан бүтээгдэхүүн, 288 мянган тонн сүү, сүүн бүтээгдэхүүн, 111 мянган тонн гурил, 21 мянган тонн гурилан бүтээгдэхүүн экспортлох боломжтой байгаа тухай тооцоолол бий.
Тэгвэл гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангахад зөвхөн хүнс хөдөө аж ахуйн салбар бус улсын хэмжээнд нийт салбарын хүрээнд хамтран ажиллах, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын хангах чиглэлээр нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаатай холбогдуулан “Хүнсний хангамж” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр болж өндөрлөлөө.
Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын гавьяат багш, АУ-ны доктор, профессор Ч.Цолмон,ШУТИС-ийн ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг зэрэг эрдэмтэн судлаачид жижиг, дунд үйлдвэрлэлийн төлөөлөл оролцож санал бодлоо солилцсон юм. Ийн Монгол Улс хүнсний хувьсалд бэлэн эсэх, хүнсний эрүүл ахуй ба эрүүл мэнд, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны эрх зүйн орчин ямар байгаа талаар илтгэгчид байр сууриа илэрхийллээ.
Ч.Цолмон: Манай улсад хүнсний эрүүл ахуйн асуудал хурцадмал түвшинд бий
-Тэрбээр хүнсний аюулгүй байдал эрүүл ахуйн өнөөгийн нөхцөл байдлын талаар ийн ярив.” Хүнсний асуудал хүн ба орчинтой олон зүйлсээр холбогддог. Тийм учраас хүнсний аюулгүй байдал эрүүл ахуйн боловсролыг бага наснаас нь эхлэн олгох хэрэгтэй. Ингэж чадаагүйгээс багачууд эрүүл мэндэд тустай шим тэжээлээ хүнснээс бүрэн авч чаддаггүй. Мөн дэлхий дээр хүнсний аюулгүй байдал алдагдахад хүргэсэн хүчин зүйлсийн нэг нь үйлдвэрлэлийн хог хаягдал юм. Бид үйлдвэрлэсэн хүнснийхээ гуравны нэгийг хог болгочихдог. Энэ нь ерөнхийдөө тэгш бус хуваарилалт, хүнсний болон эрүүл ахуйн боловсрол олгоогүй асуудалтай холбоотой. Энэ мэт байдлаас үүдэн манай улсад хүнсний эрүүл ахуйн асуудал хурцадмал болсон. Олон улсад хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнийхээ талаар эерэг болон сөрөг талын мэдээлэлтэй байдаг юм байна лээ. Хүнсний хувьсал шим тэжээлийн асуудал сүүлийн үед хөгжиж байгаа. Гэсэн ч эрүүл мэндийн боловсрол хичээлээр дамжуулан хоол хүнсний талаарх мэдлэг авч чадахгүй байна. Тиймээс Эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийн цагийг нэмэхэд холбогдох байгууллагаас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр цаашид яаж аюулгүй эрүүл ахуйн шаардлага хангасан хүнс үйлдвэрлэлийн бизнесийг өргөжүүлэх вэ гэх асуудлыг хэлэлцэж байна” хэмээв.
Мөн олон улсад хүнс үйлдвэрлэгчдийн жишээнээс хэрэгжүүлэхээр судалж байгаагаа онцоллоо. Тухайлбал, хүнс хүртээмжтэй, тогтвортой, компанийн сайн засаглалтай байх нь нэн чухал аж. Хүнсний эрүүл ахуй чанар алдагдаж буй шалтгаан нь химийн бордоо байдаг. Ингэснээр хүнсний бүтээгдээхүүний олон талт биологийн чанарт сөрөг нөлөө үзүүлж буй хэрэг. Импортын бараа бэлэн бүтээгдэхүүний хадгалалт тээвэрлэлтийг нэг бүрчлэн хянах боломжгүй учир чанарын асуудал чанд мөрдөгдөж байгаа нь эргэлзээтэй гэдгийг илтгэгчид онцолж байсан юм. Харин хүнсний хангамжийн асуудлыг дэлхийн хэмжээнд авч үзвэл нийт хүн амын 40 хувь нь өлсгөлөнд нэрвэгдсэн гэх судалгаа гарчээ.
Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн хүндэт зочдын нэг ШУТИС-ийн ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг илтгэлдээ хүнсний аюулгүй байдал алдагдсанаас хорт хавдарын өвчлөл ихсэж байгааг дурдахын зэрэгцээ монголчуудын дунд хүнсний хангамжийн дутагдал бий болсон нь сүүлийн хоёр жилд нэлээн анзаарагдсан хэмээн дурдлаа. Тиймээс бодлогын түвшинд энэ асуудлыг шийдэх зорилгоор “Хүнсний хангамж” сэдэвт хэлэлцүүлэгийг зохион байгуулж байгаа гэлээ. Үүний хүрээнд хүнсний чиглэлд боловсон хүчин бэлтгэдэг судалгаа явуулдаг байгууллагуудад хамтарч байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Эрүүл монгол хүн байхын тулд хүнсний эрүүл ахуй хангамж хүртээмжийн талаар мэдлэгтэй байх нь чухал гэж үздэг. Харин манай улсад энэ талын зүйл дутмаг учир бидний дунд халдварт болон хорт хавдарын өвчлөл зонхилох болсон гэдэг. Тийм учраас энэ удаагийн хэлэлцүүлэгт хүн бүр ач холбогдол өгч зайлшгүй анхаарах хэрэгтэй бөгөөд холбогдох байгууллага үйлдвэр эрхлэгчдийн хоорондох уялдаа холбоо нэн чухал аж.
Й.Ханймхан: Гурилын чанар сайн муу байгаа нь технологитой холбоотой /ХХААХҮЯ-ны сургалт, судалгаа хөгжлийн төвийн зөвлөх/
-“Хөдөө аж ахуйн салбар төмс, мах, гурил гээд дотоодын хэрэгцээг 100 хувь хангадаг. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд гурилын үйлдвэрүүд улаан буудай хэрэгцээний шаардлагыг хангахгүй байна гэх гомдол тасраагүй. Шууд дүгнэхэд үүнд үр, технологи, цаг агаарын өөрчлөлт нэлээдгүй нөлөөлж байгаа. Иймд тариаланчид үүнд түлхүү анхаарах хэрэгтэй. Хүнсний аюулгүй байдал хангамжийг сайжруулахын тулд зөвхөн тариалалтыг нэмээд шийдэгдэхгүй.
Тариалахаас эхлээд экспортод гаргах асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэх шаардлагатай гэсэн үг. Гурилын чанар сайн, муу байгаа нь үйлдвэрүүдийн нарийн технологитой холбоотой. Үүнээс үүдэн чанарын шаардлага хангахгүй асуудал үүсч гадаадаас гурил импортлохоос аргагүйд хүрдэг тохиолдол бий” гэлээ.
Ямартай ч монголчууд бидний эрүүл амьдрах үндэс болсон амин чухал зүйл бол хүнс гэдэгтэй маргах хүн үгүй. Тэгвэл өнөөгийн түвшинд бид эрүүл, органик, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн хоол хүнсэндээ хэрэглэж байгаа эсэх нь эргэлзээтэй байгааг энэ хэлэлцүүлэгээр ил тод мэдээлж буй хэрэг. Тиймээс цаашид хүнсний хангамж, эрүүл ахуйг бүрэн дүүрэн хангахад чиглэсэн цогц бодлого өгүүлэгдэж байгааг хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаачид илүүд онцолсон юм.
Ерөнхийлөгч ирэх таван жилд гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга гаргасан байдаг. Энэ хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбар гэлтгүй нийт салбарын хүрээнд хамтран ажиллах, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн юм. Иймд МУИС-ийн харьяа бизнесийн сургуулийн эрдэмтэн судлаачид энэ удаагийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан нь энэ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Хортой махнаас бүх өвчин хавдар гарч байгаа үнэнийг хэлээч, ямар ч хэрэггүй зүйлс ярьсаар, улам өвдсөөр.