Дэлхийн автомашин үйлдвэрлэл дэх бичил схемийн хомстол ирэх оныг дуустал үргэлжилнэ гэж хагас дамжуулагч үйлдвэрлэгчид анхааруулж байна.
“Financial Times” хэвлэлд мэдээлснээр, 2023 онд чипний зах зээлийн нөхцөл байдалд өөрчлөлт гарахгүй. Эрэлтийг хангах үүднээс үйлдвэрлэгчид улирал тутам үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэж энэ салбарт тэргүүлэгч “Onsemi ” компанийн гүйцэтгэх захирал Хассан эль-Хури мэдэгджээ. Түүний хэлснээр, цахилгаан автомашинд ашигладаг кремнийн карбидаар хийсэн хагас дамжуулагчид 2023 оныг хүртэл захиалаг аваад дуусжээ.
Германы “Infineon” компанийн тэргүүн Йохен Ханебекийн хэлснээр, чипний хомстол харьцангуй удаан хугацаанд үргэлжилнэ. Дэлхийд дөрөвт ордог автомашин үйлдвэрлэгч “Stellantis” корпорацын гүйцэтгэх захирал Карлос Таварес мөн үүнтэй санал нэг байна. Автомашины чипний зах зээл дэх нөхцөл байдал компаниудыг үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд хүргэж байна. Тухайлбал, “Infineon” компани таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, Дрезденд үйлдвэр барихаар зэхэж байгаа бол “Onsemi” ирэх онд Чех, БНСУ, АНУ дахь үйлдвэрүүдийнхээ бичил схемийн үйлдвэрлэлийг 30 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр, юуны өмнө удаан хугацааны гэрээ байгуулсан худалдан авагчдынхаа эрэлтийг хангахаар зорьжээ.
Сэтгэгдэл ( 0 )