Вандан Даваа, Токио хот, Кокүгикан ордон
Өнөөдөр (2023.01.28) мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо зодог тайлах ёслолоо хийж байна. Сүмо бөхийн 72 дахь ёкозүна Кисэносатогоос цагийг эзэлсэн их аваргын талаарх сэтгэгдлийг нь сонслоо.
-Та Хакүхо аваргатай анх танилцсан үеийнхээ дурсамжийг хуваалцаач.
-Би макүүчи зиндаанд гарсан 2004 оны 11 дүгээр сарын башё хүртэл өөрийн жинхэнэ нэр болох Хагивара нэрээрээ барилдсан. Хагивара нэртэй байхдаа макүшитад анх Хакүхотой барилдаж, нүүр тулж байж билээ. Би нэг насаар дүү ч тэр үед жин ойролцоо байсан болов уу. Хакүхо маш уян зөөлөн биетэй, хөдөлгөөн нь хийгүй санагдсан. Бид хоёр хайнцаад дахин барилдаж, би унасан. Барилдах хүртлээ таньдаггүй байсан.
-Хакүхо аварга өвдөг шороодолгүй дараалан 63 даваад танд унаж, рекорд амжилт нь зогссон. Энэ барилдаан таны сэтгэлд хамгийн их хоногшсон болов уу гэж боддог. Та санал нийлэх үү?
-Үгүй, миний хувьд өөр барилдаан илүү дурсамжтай. 2013 оны тавдугаар сарын башё. Би тэр үед зүүн жигүүрийн озэки цолтой, бие сэтгэл, бяр чадал, бэлтгэл бүрэн ханасан байлаа. Ер нь миний сүмогийн амьдралын хамгийн оргил, дээд хэмжээндээ тулсан үе байсан юм. Түрүүлнэ гэсэн итгэлээр дүүрэн, өвдөг шороодолгүй 13 даваад 14 дэх өдөр нь мөн л нэг ч унаагүй Хакүхо аваргатай таарсан юм. Аваргад унасан энэ барилдаан сэтгэлд үлджээ. Хакүхо аварга тэр тэмцээнд өвдөг шороодолгүй түрүүлсэн. Бид хоёрыг дохёнд гарахад ордон дүүрэн үзэгчдийн дуу хоолой, алга ташилт урьд өмнө тохиолдож байгаагүйгээр гайхмаар нүргэлэн үргэлжилсэн нь чихэнд хоногшиж, сэтгэлд мөнхөрсөн.
-Монгол аваргууд, Монголын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач.
-2008 оны наймдугаар сард Монголд тойргийн барилдаан зохиогдох үед би комүсүби цолтой, Япондоо ч хүнд бүрэн танигдаагүй, жирийн нэг сүмо бөх байсан. Харин Монголд уулзсан хүн болгон хүүхэд, хөгшидгүй “Кисэносато “ гэж дуудаж, таньж, зургаа авхуулж байсан нь надад их сайхан санагдаж байсан. Энэ бүхнээс Монгол бол ёстой бөхийн орон юм байна гэдгийг мэдэрсэн дээ. Мэргэжлийн сүмогийн 69 дэх Ёкозүна Асашёорюү аваргаас эхлээд үе үеийн монгол аварга ах нар манай дэвжээг зорин ирж, бэлтгэлийг минь харж, зааж өгдөг байсанд сэтгэлийн гүндээ талархаж явдаг. Миний анхны багш Нарүто, Харүмафүжи ёкозүнагийн багш Исэгэхама ояката хоёр Аомори аймгаас төрсөн аваргууд. Багш нар маань жил бүрийн зун цаг агаар сэрүүн Аомори нутагтаа дэвжээгээ авч гаран, бэлтгэл хийдэг байлаа. Заримдаа бид хамт бэлтгэл хийнэ. Тэр үед Харүмафүжи аварга надад “Чи ирээдүйд ёкозүна болно” гэж урам хайрлаж, итгэл өгөн, барилдах арга барил зааж өгдөг байсан. Бид хоёр хамтдаа наргиж наадна, их ойр дотно байсан.
-Та Ёкозүна болоход монгол аваргуудын ханыг давахад хэцүү байсан биз?
-Юуны түрүүнд ёкозүна Хакүхог унагаахгүй бол цааш дэвшихгүй гэдгээ мэдэж байлаа. Би босго маш өндөр үед ёкозүна болсон. Хакүхо өрсөлдөгчийнхөө хийх мэх, хөдөлгөөнийг бүрэн хааж, амьгүй болгодог, барилдахад маш хэцүү.
-Хакүхо та хоёр одоо холбоонд ояката болсон. Ирээдүйн хүсэл зорилгоосоо хуваалцана уу?
-Узэгчид, бөх сонирхогчдын хайр хүндэтгэлийг татсан сайн шавь төрүүлж, бид хоёрын шавь нар барилдахаар дохёнд гарахад үзэгчдийн дуу хоолой танхимыг доргитол нүргэлэх тийм ирээдүйн өдрийг угтан хамтарч ажиллах үүрэг бид хоёрт ногдсон гэж бодож явдаг.
-Баярлалаа.
Сэтгэгдэл ( 0 )