Туркийн Хатая мужийн Антакья хотод Монгол Улсын Эрэн хайх, аврах баг гурав дахь өдрөө үүрэг гүйцэтгэж байна.
Эрэн хайх, аврах багийнхан баасан гарагт нурангинд дарагдсан хоёр иргэний цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.
Мөн Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа болон Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, хошууч генерал Ж.Бадамбазар нар аврах багийн бааз, хээрийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Эмнэлгийн бүлэг хоёрдугаар шатны хээрийн эмнэлгийг бүрэн дэлгэж, 86 хүнд үзлэг, оношилгоо хийж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ.
Эдгээрээс ясны хугаралтай 31 хүний хугарлыг засаж, боолт тавьсан бол 15 хүнд өвчин намдаах, таван хүнд шингэн сэлбэх эмчилгээ хийж, дөрвөн мэс ажилбар хийсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )