Монгол Улсын 24 дэх аварга Пүрэвийн Бүрэнтөгсийн санаачилгаар “Бүрэн Монгол” төслийг орон даяар 2021 оны зургаадугаар сараас албан ёсоор хэрэгжүүлэн, өдгөө үргэлжилж байна.
Төслийн зорилго нь нийгмийн олон асуудлыг шийдвэрлэхэд залуучууд өөрсдөө манлайллыг үзүүлэх, шийдвэрлэх чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэж буй бөгөөд Монголын уламжлалт өв соёлын дархлааг бэхжүүлэх, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, талцал хуваагдлыг багасгахад дэмжлэг үзүүлэх, нийгмийн хөгжил дэх залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудад зөв хандлага, дадлыг бий болгох, зөв хандлага, зөв дадалтай, хөдөлмөрч залуучуудыг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн, ажил хэрэгж болгон ажиллаж байна.
Төслийн баг 2022 онд нийтдээ 13 мянга гаруй км замыг туулж, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Завхан, Сүхбаатар, Увс, Өвөрхангай, Ховд, Хэнтий зэрэг 13 аймагт “Бүрэн Монгол - Гэр” төслийг хэрэгжүүллээ. Аймаг тус бүрээс хөдөлмөрч хичээнгүй, зөв хандлагатай, монгол өв соёлоо тээж яваа залуу гэр бүлүүдийг сонгож, тусгайлан захиалан хийлгэсэн монгол гэрийг иж бүрэн тавилгын хамт гардуулж, малжуулах төсөл, жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслүүдэд хамруулж, амьдрах газар, өвөлжөө, хаваржааны газруудыг орон нутгийн удирдлагуудтай хамтран иж бүрнээр нь шийдвэрлүүллээ.
“Бүрэн Монгол – Гэр” төслийн үйл ажиллагааг ТВ8 телевизийн “Эрэл” багийн хамт олон телевизийн контент бэлтгэн хамтран ажилласан. Телевизийн эхний хоёр дугаарыг үзэгч олонд хүргээд буй юм. /Д.Алпамыс: Эх орон хаана дуудна, тэнд би бэлэн/, /С.Төртогтох: Хүн ер нь зовлонг дааж чаддаг юм байна/
2023 онд Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймагт төслийг үргэлжлүүлнэ.
“БҮРЭН МОНГОЛ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ӨӨР ЮУ ХИЙВ?
*** Цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд Хэнтий аймгийн Дархан сумын Эрүүл мэндийн газарт 4 сая төгрөгийн үнэ бүхий халдвар хамгааллын хэрэгсэл, Увс аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын хэлтэст 20 сая төгрөгийн үнэ бүхий 50 мянган ширхэг амны хаалт, 18ш автомат халуун хэмжигч, гар ариутгагч, халдвар хамгааллын иж бүрэн хувцас зэргийг төслийн багийн гишүүдийн зүгээс хандивласан.
*** “Бүрэн Монгол” төслийн албан ёсны нээлтийн арга хэмжээ буюу төслийн “Алтан намар” эвентийг 2021 оны аравдугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутагт байрлах “Монгол номадик цогцолбор”-т зохион байгуулсан.
Арга хэмжээний үеэр П.Бүрэнтөгс аваргын зодог, шуудгийг дуудлага худалдаанд оруулж, төслийн анхны хандив цуглуулах үйл ажиллагааг зохион байгуулсан.
*** Зөв хандлага, зөв дадалтай, хөдөлмөрч залуучуудыг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, “Шинэ Ховд” бизнес хөгжлийн төвтэй хамтран “Тарвасын баяр” арга хэмжээг санаачлан анх удаа Ховд аймагт зохион байгуулсан.
Тус арга хэмжээний хүрээнд Олон улсын хэмжээний мастер тогооч, бартендер, бариста, жимсний сийлбэрч зэрэг мэргэжлийн багийг Ховд аймагт ажиллуулж, орон нутгийн брэнд хоол, десерт, шингэн хүнсний 27 орчим жорыг гаргаж, аймгийн хэмжээний тогооч нарыг сургаж, улмаар “Тарвасын баяр” арга хэмжээг жил бүр ургацын баяртай хамтатган уламжлал болгон зохион байгуулахаар тогтсон. Арга хэмжээнд нийтдээ 1000 гаруй иргэн хамрагдсан.
*** Монголын Уламжлалт өв соёлын дархлааг бэхжүүлэх, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилтын хүрээнд “Бүрэн Монгол” төслийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг Монголын Үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-той хамтран 202 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан.
Монгол үндэсний бөхийн хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх хүрээнд МҮБХ-той хамтран “Монгол бөхийн хөгжил – Өнгөрсөн, одоо, ирээдүй” форумыг 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан. Тус форумд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, Дархан аварга Х.Баянмөнх, аварга О.Балжинням, аварга С.Мөнхбат болон бөхийн дэвжээ, судлаач, багш, дасгалжуулагч зэрэг 150 гаруй төлөөлөл оролцсон.
*** Монгол Үндэний соёлын биет бус өвийн цахим музей “Spirit of nomads” гар утасны аппликэйшныг гаргаад байна.
Монгол үндэсний соёлын биет бус өвүүдийг AR, VR технологи ашиглан нэгдсэн платформд цогцлоож, биет бус соёлын өвийн дархлааг бэхжүүлэх, хүүхэд, залуучуудад сурталчлан таниулах, өвлүүлэх, соёлын өвийн менежментийг сайжруулах замаар соёлын өвийг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлсэн цахим интерактив музейн эхний суурь тавигдаад байна.
Сэтгэгдэл ( 3 )
Талархаж байна,аваргад.Бусдын төлөө хийж байгаа сайн үйл чинь буян болж хур мэт түгэх болтугай.Нэг ч гэсэн хүний амьдрал дээшилж байвал болох нь тэрээ.
Энэ одоо бүх л бүтэн улсыг өөрөөрөө овоглодог хэн бэ. Төсөл нь уг нь зүгээр юм
Зев тесел байна, хедеегийн оркуудыг эвийг нь олоод тэнд нь улдээх хэрэгтэй, хот руу ируулж утаа, орчны бохирдол, хог нэмэх хэрэг юун