БҮРЭН МОНГОЛ | С.Төртогтох: Хүн ер нь зовлонг дааж чаддаг юм байна

2023 оны 03 сарын 13

“БҮРЭН МОНГОЛ” ТӨСӨЛ УВС АЙМАГТ
 

Уудам монгол орны алс хязгаар, ёс заншлын хэлхээ товчоон УВС нутаг. Олон олон нуурын завсар, онгон дагшин уулсын дунд орших энэхүү хотыг Улаангом гэнэ. Энд л бидний гол дүр бий.

Энэ залууг С.Төртогтох гэдэг. Эгэл амьдралын аясад нугаралгүй, хорвоог өнгөлж яваа энгийн л нэг эцэг хүн. Тэрээр эхнэр, хоёр охины хамтаар бусдаас дутахааргүй хөдөлмөрлөж, сайхан амьдралыг бүтээж байгаа нэгэн. Үеийнхэн нь үлгэрлэн дуурайх олон зан чанар түүнд бий.

... Амьдрал бүхэн дардан байдаггүй. Харамсалтай гэхэд дэндүү харамсалтай тэр өдрүүд түүнийг тойрох биш дайраад гарсан. Ингэхдээ мөнхийн гунигийг үлдээгээд явсан нь харамсалтай. Урд дүнхийх хайрхан нь нураад уначих шиг тэр нэгэн гашуун өдөр. Эцгийн нөмрөө алдаад мөнхөд эзгүйрэх гэрийн хоймор. "Ирнэ дээ" гээд хүлээж суусан хүүгийн хүлээлт талаар болсон тэр нэг өдөр... Давааны цаана даваа гэгчээр аавыгаа нутаглуулаад удаагүй, долоо хоногийн дараа түүний хоёр нүд хараагүй болжээ.

Амьдрал хэмээх их далайд хөл алдахгүй, бүдрэхгүй хүн гэж үгүй. Харин үүнийг сэтгэл зүрх, зоригоороо даван туулах хэрэгтэй. Төртогтох ч үүнийг даван туулж чадсан юм.

 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ

Эх сурвалж: ТВ8 телевиз

 

 
 

Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгсийн санаачлан, “Бидний бүрэн Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын хэрэгжүүлж байгаа “Бүрэн Монгол-Гэр” төслийг "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевиз хамтран 21 аймагт хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд аймаг бүрээс хичээнгүй, зорилготой амьдарч, өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөр бусдыг үлгэрлэж яваа энгийн гэр бүлийг сонгон, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж байна. Тухайлбал, бүрэн тавилгатай монгол гэр өгөхөөс гадна тухайн аймгийн Засаг захиргаатай хамтран, ажлын байранд зуучлах гэх мэт олон төрлийн санаачилгууд багтаж байгаа. Ингэхдээ амьдралын төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй, багахан дэмжлэг үзүүлэхэд цаашдаа амьдрал ахуйгаа өргөн тэтгэх чадвартай залуусыг сонгон, оролцуулж байгаа билээ.

Төслийн гол баатруудын тухай хөрөг нэвтрүүлгийг ТВ8 телевиз 14 хоног тутам цувралаар хүргэж байгаа бөгөөд өдгөө хоёр дугаар гараад байна.

 
ЖИЧ: Уншигч, үзэгч та бүхэн "Бүрэн Монгол-Гэр" төсөл болон нэвтрүүлгийн талаарх мэдээллийг цахимаар хүлээн авахыг хүсвэл "БҮРЭН МОНГОЛ" фэйсбүүк хуудсаар зочлоорой.
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top