БҮРЭН МОНГОЛ | Боржигин уртын дууг дэлгэрүүлж яваа ӨВ ТЭЭГЧ Н.ГАНТӨГС

2024 оны 02 сарын 05

"БҮРЭН МОНГОЛ” ТӨСӨЛ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ

Хөх Азийн цээжинд орших хүмүүн төрөлхтний өлгий нутаг Монгол Улс. Түүх соёл, зан заншлын хэлхээг түгээн дэлгэрүүлэх үйлсийн түүчээ "Бүрэн Монгол" төсөл.

Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгсийн санаачлан, “Бидний бүрэн Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын хэрэгжүүлж байгаа “Бүрэн Монгол-Гэр” төслийг "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевиз хамтран 21 аймагт хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд аймаг бүрээс хичээнгүй, зорилготой амьдарч, өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөр бусдыг үлгэрлэж яваа энгийн гэр бүлийг сонгон, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж байна. Тухайлбал, бүрэн тавилгатай монгол гэр өгөхөөс гадна тухайн аймгийн Засаг захиргаатай хамтран, ажлын байранд зуучлах гэх мэт олон төрлийн санаачилгууд багтаж байгаа. Ингэхдээ амьдралын төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй, багахан дэмжлэг үзүүлэхэд цаашдаа амьдрал ахуйгаа өргөн тэтгэх чадвартай залуусыг сонгон, оролцуулж байгаа билээ.

“Бүрэн Монгол” төслийн баг болон салбар зөвлөлийн оролцоотойгоор энэ удаа шалгарсан залуу гэр бүлийн өрхийн тэргүүнийг Наранбатын Гантөгс гэдэг. Тэрээр монгол уртын дуу, тэр дундаа боржигин уртын дууг түгээн дэлгэрүүлж яваа өв тээгч.

Н.Гантөгс Говьсүмбэр аймгийн Боржигин чуулгын уртын дуучаар 2012 оноос өнөөг хүртэл ажиллаж байна.

Ухааны чанадаас урласан үгсийн тэргүүнийг аясын сайхныг сорчилсон уянгалаг аялгууг хоолойн цард нийцүүлэн хүргэнэ гэдэг зөвхөн чин хичээнгүй хүний л хийх үйл.

Дуу дуулна гэж тайзнаа гарна гэдэг зөвхөн сайхан дуулахаас гадна сэтгэл зүтгэл, итгэл үнэмшлийг түгээн дэлгэрүүлэх их үйлсийг давхар тээн гардгийг тэр бүр хүмүүс мэддэггүй.

Тухайн бүтээлийн утга уянга, агуулга илэрхийллийг хоршуулж үзэгч, сонсогчдын сонор, сэтгэлд хүргэнэ гэдэг дуучин хүний өлмийгөөс зулай хүртэл мэдэрсний эцэст хүргэх сэтгэл илэрхийллийн дээд цэг юм.

Аливаа уран бүтээлч хүн бүрийн сэтгэлийн чанадад хадаатай байдаг эрхэм мөрөөдөл гэж бий. Гагцхүү тэр мөрөөдөлдөө хүрэхийн тулд хичээн зүтгэж, хөдөлмөрлөх хэрэгтэй.

Бага наснаасаа эхлэн дуулж эхэлсэн тэрээр хувийн уран бүтээл рүү түлхүү орохыг зорьж буй. Өмнөх уран бүтээлүүдээ дүрсжүүлэх, шинэ уран бүтээлээ гаргаж, тоглолтоо хийх төлөвлөгөө түүний өмнө байна...

Гантөгсийн гэргий мөн л Боржигин чуулгад ажилладаг. Хамтдаа ажилдаа явж, хамтдаа Монгол Улсынхаа урлагийг, боржигин соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд зүтгэж байна.

 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ

Эх сурвалж: ТВ8 телевиз

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top