БҮРЭН МОНГОЛ | Эх орны хилчин хүү, элгэн нутгийнхаа БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ

2024 оны 01 сарын 26

"БҮРЭН МОНГОЛ” ТӨСӨЛ ХЭНТИЙ АЙМАГТ

Хөх Азийн цээжинд орших хүмүүн төрөлхтний өлгий нутаг Монгол Улс. Түүх соёл, зан заншлын хэлхээг түгээн дэлгэрүүлэх үйлсийн түүчээ "Бүрэн Монгол" төсөл.

Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгсийн санаачлан, “Бидний бүрэн Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын хэрэгжүүлж байгаа “Бүрэн Монгол-Гэр” төслийг "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевиз хамтран 21 аймагт хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд аймаг бүрээс хичээнгүй, зорилготой амьдарч, өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөр бусдыг үлгэрлэж яваа энгийн гэр бүлийг сонгон, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж байна. Тухайлбал, бүрэн тавилгатай монгол гэр өгөхөөс гадна тухайн аймгийн Засаг захиргаатай хамтран, ажлын байранд зуучлах гэх мэт олон төрлийн санаачилгууд багтаж байгаа. Ингэхдээ амьдралын төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй, багахан дэмжлэг үзүүлэхэд цаашдаа амьдрал ахуйгаа өргөн тэтгэх чадвартай залуусыг сонгон, оролцуулж байгаа билээ.

Төслийн баг усны тунгалаг, ургамлын шим, түүхийн гэрч, араатан жигүүртний сор болсон хараа булаам нутгийг зорьж, Хэнтий аймгийн Дадал суманд хүрэлцэн ирлээ.

“Бүрэн Монгол” төслийн багийн хамт олон амьдралын сайхан, ажлын амтыг мэдэрч, чин шударгаар хөдөлмөрлөж байгаа бүтээлч гэр бүлийг сонгон тулгамдаж байгаа асуудлыг нь цогцоор нь шийдэхээр сэтгэл шулуудан хичээж яваа билээ. Тиймдээ ч эх дэлхийгээ хамгаалж, ирээдүйдээ унаган байгалийг нь бүрэн бүтнээр нь хадгалан үлдээх чин эрмэлзэлтэй залуу байгаль хамгаалагч Ганбаатарын Лхагвааг энэ удаа онцоллоо.

Лхагваа 2000 онд Хэнтий аймгийн Дадал суманд Ганбаатарынх хэмээх айлын удам залгах хүү нь болон мэндэлжээ. 2020-2021 онд Дорнод аймгийн Халхгол сумын хилийн цэргийн 0198 дугаар ангид цэргийн албаа нэр төртэй хааж, халуун элгэн нутгийнхаа ширхэг чулуу, хээрийн өвсийг нь хүртэл хамгаалан зогсож, эх орны хүү, “ХИЛЧИН” хэмээх алдрын эзэн болсон.

2022 оноос төрсөн нутгийнхаа Онон - Балжийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд Байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа шинэхэн боловсон хүчин.

Түүний ажиллаж байгаа Онон – Балжийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь Дэлхийн байгаль хамгаалах сангаас зарласан зайлшгүй хамгаалах шаардлагатай 35 эко бүс нутагт ордог. Юнескогийн шим мандлын дэлхийн сүлжээнд бүртгэлтэй Онон – Балжийн сав газрын хамгаалдаг.

Байгаль, ан амьтанд хайртай залуухан байгаль хамгаалагч маань туршлагатай ажлын хамт олноосоо суралцахын зэрэгцээ өөрөө ажигч гярхай байж гахай, буга, гөрөөс, чоно, туулай, үнэг, баавгайны үүрийг хараад мэддэг, амьтдыг мөрөөр нь ялгахтай болсон туршлагажиж яваа нэгэн.

Хэдийгээр шинэхэн боловсон хүчин ч гэлээ гярхай, ажилсаг, жаахан ичимхий энэ залуугийн хичээл зүтгэл хэн хүний хайрыг нэмнэ...

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ

Эх сурвалж: ТВ8 телевиз

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top