"БҮРЭН МОНГОЛ” ТӨСӨЛ ДОРНОД АЙМАГТ
Хөх Азийн цээжинд орших хүмүүн төрөлхтний өлгий нутаг Монгол Улс. Түүх соёл, зан заншлын хэлхээг түгээн дэлгэрүүлэх үйлсийн түүчээ "Бүрэн Монгол" төсөл.
Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгсийн санаачлан, “Бидний бүрэн Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын хэрэгжүүлж байгаа “Бүрэн Монгол-Гэр” төслийг "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевиз хамтран 21 аймагт хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд аймаг бүрээс хичээнгүй, зорилготой амьдарч, өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөр бусдыг үлгэрлэж яваа энгийн гэр бүлийг сонгон, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж байна. Тухайлбал, бүрэн тавилгатай монгол гэр өгөхөөс гадна тухайн аймгийн Засаг захиргаатай хамтран, ажлын байранд зуучлах гэх мэт олон төрлийн санаачилгууд багтаж байгаа. Ингэхдээ амьдралын төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй, багахан дэмжлэг үзүүлэхэд цаашдаа амьдрал ахуйгаа өргөн тэтгэх чадвартай залуусыг сонгон, оролцуулж байгаа билээ.
“Бүрэн Монгол” төслийн багийнхан Дорнод аймгийн “Бүрэн Монгол” салбар зөвлөлийн гишүүдийн хамтаар олон ажилч хичээнгүй гэр бүлийн дундаас сонгож онцолсон гэр бүл бол Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх тусгай ангийн аврагч Чулуунсүхийн Сугархүүгийн гэр бүл билээ.
Ч.Сугархүү 1988 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрж, сумынхаа Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийг төгсөн, 2009-2010 онд Сүхбаатар аймгийн хилийн цэргийн 046 дугаар ангид эх орны хүү, эр цэргийн албаа нэр төртэй хаажээ.
Улмаар 2012 онд Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын ахлагчийн сургуульд амжилттай суралцан төгсөж, өдгөө Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх тусгай ангид ахлагчаар томилогдон 10 дахь жилдээ амжилттай ажиллаж байна.
... Орчин цагт буу бариад байлдана гэж байдаггүй, онцгой байдлын алба хаагч нь байгалийн гамшигтай тэмцдэг, жинхэнэ эр хүний эрч хүч, зориг тэвчээрийг шалгасан ажил юм гэж ойлгож байсан. Тэр ойлголтдоо хөтлөгдөж, олон сайхан эрчүүдтэй ажиллахыг хүсэж, энэ салбарт орж ирсэн хэмээн тэрээр онцгой байдлын албанд орсон түүхээ хуваалцлаа.
Түмний төлөө, эх орныхоо төлөө зүтгэсэн тэрээр 96 удаагийн ой хээрийн түймэрт ажиллахдаа 12 хүний амь насыг аварч, 87 айлын гэр, 21 хашаа саравч, 6350 гаруй мал сүрэг, 135 мянган га бэлчээрийг ой хээрийн түймрээс авран хамгаалсан байна.
Мөн Хэрлэн, Халхгол зэрэг сав газруудын усны ослын дуудлагаар 23 хоног уснаас эрэн хайх, аврах багийн бүрэлдэхүүнд орж ажиллахдаа олон хүний амь насыг аварч, үүргээ нэр төртэй биелүүлж явна.
Ч.Сугархүү багаараа олон янзын дуудлагад явснаас “хүүхэд алга боллоо” гэсэн 2019 оны нэгэн дуудлага санаанаас нь гардаггүй гэнэ.
Дуудлагын дагуу очиход хоёр настай хүүхэд алга болсон, гэрийнхэн нь айл, хөршүүдтэйгээ нийлэн өөрсдийн хэмжээнд эрж хайсан ч олоогүй байжээ.
Аврагчид хүүхдийг маш хүнд сэтгэл зүйтэй хайж, нар шингэхийн алдад хүүхдийг гэрээс нь 200 орчим метрийн зайнаас эсэн мэнд олжээ. Хүүхэд 30 см диаметртэй, 2-3 метр орчим гүн нүхэнд унасан байсан учир аврагчид нүхэнд сэтэлгээ хийж, 2-3 цаг ухан, хүүхдийг гаргаж авчээ. Харин хоёр настай хэрсүү хүү нүхнээс гарч ирээд “өлсөөд байна” гэж хэлсэн нь тэр өдрийн түгшүүр, айдсыг үргээж чадсаныг инээд цацруулан дурслаа.
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ
Эх сурвалж: ТВ8 телевиз
Сэтгэгдэл ( 0 )