БҮРЭН МОНГОЛ | М.Ганбаатар: Угаалгын газарт ажиллаж байхад захирал ахын хэлсэн үг хөдөөг зориход нөлөөлсөн

2024 оны 01 сарын 22

"БҮРЭН МОНГОЛ” ТӨСӨЛ АРХАНГАЙ АЙМАГТ

Хөх Азийн цээжинд орших хүмүүн төрөлхтний өлгий нутаг Монгол Улс. Түүх соёл, зан заншлын хэлхээг түгээн дэлгэрүүлэх үйлсийн түүчээ "Бүрэн Монгол" төсөл.

Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгсийн санаачлан, “Бидний бүрэн Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын хэрэгжүүлж байгаа “Бүрэн Монгол-Гэр” төслийг "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевиз хамтран 21 аймагт хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд аймаг бүрээс хичээнгүй, зорилготой амьдарч, өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөр бусдыг үлгэрлэж яваа энгийн гэр бүлийг сонгон, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж байна. Тухайлбал, бүрэн тавилгатай монгол гэр өгөхөөс гадна тухайн аймгийн Засаг захиргаатай хамтран, ажлын байранд зуучлах гэх мэт олон төрлийн санаачилгууд багтаж байгаа. Ингэхдээ амьдралын төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй, багахан дэмжлэг үзүүлэхэд цаашдаа амьдрал ахуйгаа өргөн тэтгэх чадвартай залуусыг сонгон, оролцуулж байгаа билээ. 

... Хүн нь хүн рүүгээ нүүдэг нь жам. Гэхдээ аливаа зүйл байх байрандаа байж гэмээнэ зөв дохио бүрддэг.

Төмөр тэрэг хэлхэлдэж, түмэн бужигнасан улсын нийслэлийг зорих хүн олон. Гэвч угаас зүрхэнд уяатай нүүдэлчин занг хэрхэн хязгаарлаж болох билээ.

Соёлын өв тээгч Сэмүүний Ганбаатар анх 18 настайдаа Улаанбаатарыг зорьж, ажил хийхээр ирсэн. Машин угаалгын газар, барилга, нүүрсний уурхай, элсний карьер, хүнсний үйлдвэрт ачигч гээд мөнгө төгрөг олж болох бүх л ажлыг хийж үзжээ.

... “Миний ажиллаж байсан угаалгын газрын Захирал н.Болд ах нэг өдөр “Энд ажиллаад өсөж дэвшихгүй. Эцсийн эцэст чи бөөргүй л болно.” гэж хэлсэн. Тэр үг намайг хөдөө гарахад их нөлөөлсөн.” хэмээн ярих энэ залууг нэг л зөв шийдэл амьдралд өөрчлөлт, амжилт авч ирдгийн нэг л жишээ.

Тэрээр Архангай аймгийн нутгийн бүсгүйтэй гэр бүл болон тус аймагт мал маллан, арьс шир боловсруулан суран эдлэл хийж, амьдралаа өөд татан амьдарч байна. Ширээ элдэж боловсруулан сураар олон төрлийн эдлэл урладаг. Тухайлбал, духавчтай гоёлын хазаарыг нэг бүтэн өдөрт, ташуурыг 30 минутад хийдэг аж. Мөн сур сүлжихэд учир бий бөгөөд тэрээр дээд тал нь 16-аар сүлждэг байна. Түүнээс олноор сүлжиж болох ч болхи харагддаг гэлээ.

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ

Эх сурвалж: ТВ8 телевиз

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
45(103.10.23.120) 2024 оны 01 сарын 23

Бүрэнтөгс аварга сайхан ажил хийж байгаа үнэн. Гэхдээ УИХ гишүүн болно гэвэл ёстой ҮГҮЙ шүү. Түрүүчийн бөхчүүдийн балаг дуусаагүй байна. Спортын ажлаа л хийгээрэй дээ.

1  |  0
Top