"БҮРЭН МОНГОЛ” ТӨСӨЛ ДОРНОГОВЬ АЙМАГТ
Хөх Азийн цээжинд орших хүмүүн төрөлхтний өлгий нутаг Монгол Улс. Түүх соёл, зан заншлын хэлхээг түгээн дэлгэрүүлэх үйлсийн түүчээ "Бүрэн Монгол" төсөл.
Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгсийн санаачлан, “Бидний бүрэн Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын хэрэгжүүлж байгаа “Бүрэн Монгол-Гэр” төслийг "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевиз хамтран 21 аймагт хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд аймаг бүрээс хичээнгүй, зорилготой амьдарч, өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөр бусдыг үлгэрлэж яваа энгийн гэр бүлийг сонгон, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж байна. Тухайлбал, бүрэн тавилгатай монгол гэр өгөхөөс гадна тухайн аймгийн Засаг захиргаатай хамтран, ажлын байранд зуучлах гэх мэт олон төрлийн санаачилгууд багтаж байгаа. Ингэхдээ амьдралын төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй, багахан дэмжлэг үзүүлэхэд цаашдаа амьдрал ахуйгаа өргөн тэтгэх чадвартай залуусыг сонгон, оролцуулж байгаа билээ.
Монгол Улсын иргэн би цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, нууцыг чанд сахин, чин шударгаа ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ... хэмээн эх орон, ард түмэндээ тангараг өргөн, төр түмнийхээ төлөө зүтгэх энэ залууг М.Мөнхсүрэн гэнэ. Цагдаагийн дэд ахлагч тэрээр Дорноговь аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах газрын шүүгч, шүүгчийн аюулгүй байдлыг хангах цагдаагаар ажиллаж байна.
Өөрийн хүсэл, мөрөөдлийнхөө төлөө чигч шударгаар ажиллаж байгаа түүний хийдэг ажил хүн бүрийн төдийлөн хийхээргүй хүндрэлтэй. Сонор сэрэмж, мэдрэмж, гярхай байдлыг цаг ямагт түүнээс шаарддаг. Тэрээр шүүх хурлын үеэр гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж байх үүрэгтэй.
Амьдрал хэмээх их далайд дөнгөж сэлүүр атган яваа энэхэн шинэхэн гэр бүлийн гэргийг Б.Номин гэдэг. Сонирхолтой гэмээр учирсан тэдний түүх хайр татам. Ёстой л “заяаны хань зам дээр” гэдгийг батлан ярих тэдний ярианаас хайр дурлал, залуу халуухан нас, эрч хүч амтагдана...
Аз жаргал хаана оршдог вэ гэх асуултын хариулт эндээс л харагдана. Амьдрал бүхэн өөр өөрсдийн түүхтэй. Түүх бүхэн залгамж үетэй. Эцэг эх болж сандарч баясаж явсан үе саяхан ч гэлээ он цаг хугацааны түүх болон үлджээ. Цэл залуугаараа аав ээж болсон үеэ дурсан суух тэдний нүд одоо ч хүүхдээрээ...
Ийм нэгэн залуу гэр бүлийг "Бүрэн Монгол" төслийн баг сонгож, шинэхэн гал голомтыг нь бадраалаа.
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ
Эх сурвалж: ТВ8 телевиз
Сэтгэгдэл ( 1 )
huurhun yum be, hoorondoo yamr adilhan yum be, amjilt