Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт Улс тэрбумтан Илон Маскийн үүсгэн байгуулсан “SpaceX” компанид олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна гэж “The information” мэдээллийн сайт мэдээлжээ.
Тус хэвлэлийн эх сурвалжийн мэдээллээр, хөрөнгө оруулалтыг Саудын Арабын хөрөнгө оруулалтын төрийн санд багтдаг “Badeel” компаниас гаргана. АНЭУ-ын талаас “Alpha Dhabi” компани ивээн тэтгэгчээр оролцох аж. 140 тэрбум ам.долларын санхүүжилтийг Morgan Stanley банкаар дамжуулан хийхээр төлөвлөж байна.
“SpaceX” компани 2002 онд байгуулагджээ. Тус компани “Falcon 1”, “Falcon 9”, “Falcon Heavy” пуужин тээвэрлэгч, “Dragon”, “Crew Dragon” болон “Starship” сансрын хөлөг үйлдвэрлэж байна. Хиймэл дагуулын “Starlink” сүлжээ мөн “SpaceX” компанийн боловсруулалт юм. Энэ сард Илон Маск тус компани нь хэдэн долоо хоногийн дараа “Starship” сансрын хөлгөө хөөргөхөөр бэлтгэж байна гэж мэдэгдсэн. “Starship” хөлөг нь шинэ үеийн хэт хүнд пуужин юм. Энэхүү хөлгийг хүмүүсийг сар болон Ангараг гараг руу тээвэрлэхэд ашиглана хэмээн Маск мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )