Зайлшгүйг хүлээх нь: Украин хэзээ, хэрхэн давшилтад орох вэ?

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 15

Украины арми давшилтад бэлдэж буй талаар сүүлийн хэдэн сар бүхий л түвшинд, ингэхдээ зөвхөн Украинд төдийгүй, баруун болон Орост хүртэл ярьж байна. Албаны хүмүүс, цэргийн шинжээчид давшилтын нарийвчлал, зорилго, төгсгөлийг хүртэл хэлэлцэж байгаа ч эхлэх боломжийг орхигдуулсаар. Украинаас дайсан нь хүртэл давшихын шаардаж байгаа энэ үед тус улсын арми нөхцөл байдлын золиос болоод байна. 

Хамгийн сүүлд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа Украины арми сэтгэл зүй, бие бүрэлдэхүүний хувьд давшилтад бэлэн байгаа ч техникийн хувьд арай болоогүй байна гэв. Түүний хэлснээр, тодорхой хугацаа хэрэгтэй. 

Энэ удаагийн давшилт түрэмгийлэгч талын хувьд гэнэтийн бэлэг биш. Киев энэ оны нэгдүгээр сараас энэ тухай зарлаж эхэлсэн. Харин давшилтын зорилго, цар хүрээ, үр дагавар, хамгийн гол нь эхлэх хугацаа, чиглэл тодорхойгүй хэвээр. 

Өрнөдийн байр суурь 

Украинчуудыг давшилтад орох сэдлийг өдөөж буй бас нэг хүчин зүйл бий. Өрнөдийн хэвлэлүүдийн бичиж буйгаар, Киевт өрнөдийн холбоотнуудаас мэдэгдэхүйц шахалт ирж байгаа. Шалтгаан нь энгийн. Өрнөдийн улс орнууд Украиныг дэмжсээр байгаа ч хэд хэдэн улс тусламжийн хэмжээгээ бууруулж байна. Украинд дэмжлэгийг өмнөх хэмжээнд тогтоож, тэр байтугай нэмэгдүүлэхийн тулд тодорхой үр дүн, ахиц хэрэгтэй. Үүнд мөн улс төрийн хүчин зүйл бий. Юуны өмнө АНУ дахь нөхцөл байдал. Тус улсад ирэх онд ерөнхийлөгчийн сонгууль болно. Цагаан ордны тэргүүнээр хэн сонгогдох, Киев, Вашингтоны харилцаа хэрхэн өрнөх нь тодорхойгүй байна. Тиймээс Жо Байден Цагаан ордныг тэргүүлж байгаа энэ үед Украинд тулааны талбарт томоохон үр дүн гаргах нь чухал. Түүнчлэн, дотоодын дарамт, шахалт багагүй нөлөөлж байна. Тулааны талбарт хүлээлт үүсээд байна. 

Хэзээ?

Украины армийн давшилт хэзээ, хэрхэн эхлэх нь мэдээж нууц. Украины Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Даниловын хэлснээр, энэ талаар дэлхий дээр зөвхөн 3-5 хүн л мэдэж байгаа. Түүнээс гадна Даниловын ярьснаар, давшилтын эцсийн төлөвлөгөөг батлаагүй байна. Хэд хэдэн хувилбар байгаа ба нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой шийдвэрүүдийг гаргана. 

Украины армийн давшилтын эхлэх хугацаа нь өөрөө амжилтад хүрэх эсэхийг шийдэх гол хүчин зүйлсийн нэг. Оросын арми цэргийн нисдэг онгоцны тоо, чанараар Украинаас хэд дахин давуу тул давшилт газраар явах нь тодорхой. Харин үүнд хөрсний байдал чухал үүрэг гүйцэтгэхээр болж байна. Цэргийн хүнд техник явж болохуйц хатуу байх ёстой. Украины өмнөд болон зүүн хэсэгт хүйтэн, бороотой хавар болсон. Харин одоо дулаарснаар Украины армийн давшилтын талаарх яриа ахин идэвхэжсэн билээ. 

Зэвсэглэл нийлүүлэх, цаг агаар, хөрсний байдал зэрэг нь давшилтыг эхлүүлэх хугацааг тодорхойлох үндэслэл биш хэмээн цэргийн шинжээчид үзэж байна. Учир нь ийм хүнд ажиллагаа олон хүчин зүйлээс шалтгаална. 

Юугаар байлдах вэ? 

Украин армийнхаа түүхэн дэх хамгийн том довтолгоонд хэдий хэмжээний хүч төвлөрүүлэх, хэдий хэмжээний зэвсэг ашиглах нь мэдээж хэрэг нууц. Өнгөрсөн оны намар Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный дайсныг ялахын тулд 300 танк, 600-700 явган цэргийн байлдааны машин, 500 хөдөлгөөнт их буу хэрэгтэй хэмээн мэдэгдэж байсан. Өдгөө өрнөдийн хуягт техник Украинд хүрч байгаа. Судалгааны “Oryx” группийн мэдээллээр, Украинд дайн эхэлснээс хойш 480 гаруй нэгж танк нийлүүлжээ. Эдгээр техникийн тал нь тулааны талбарт устгагдсан бол үлдсэн нь нөөцөд бий. Тус группийн тооцоолсноор, Украин явган цэргийн байлдааны 325 машин аваад байгаа бол 340 нэмж авна. Үүнээс гадна 1180 хуягт тээвэрлэгч авсан бол нэмж 380-ыг авна. 

НАТО-ийн тэргүүн Йенс Столтенберг Киевийн холбоотнууд амласан цэргийн машиныхаа 98 хувийг нийлүүлсэн хэмээн дөрөвдүгээр сард мэдэгдэж байсан. Харин пуужин зэрэг зэр зэвсгийн хэмжээг тогтоох боломжгүй. 

Цаашид хэрхэх вэ?

Украины давшилт бүрэн эсвэл хэсэгчлэн зорилгодоо хүрвэл үйл явдал хэрхэн цаашид өрнөх нь мөн л тодорхойгүй. Хамгийн өөдрөг үзэлтнүүд хүртэл нэг давшилтаар Оросыг ялахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл украинчууд энэ жил Крымд амрах тасалбар захиалахад эрт байна. 

Киев тулааны талбарт амжилт гаргаснаар өрнөдөөс шинэ давшилтад бэлтгэх цэрэг болон санхүүгийн дэмжлэгийг үргэлжлүүлэн авна хэмээн найдаж байна. Тэр бүү хэл орчин үеийн сөнөөгч онгоцоор дэмжлэгээ өргөжүүлж, Владимир Зеленскийн тунхагласан зорилгоо хэрэгжүүлнэ хэмээн тооцоолж байна. Өөрөөр хэлбэл, Украины хяналтад 1991 онд тогтоосон нутаг дэвсгэрээ буцаан авна. 

Зөвхөн үүний дараа Киев Оростой дайны дараах зэрэгцэн орших тухай хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн хэмээн Украины эрх баригчид мэдэгдсэн. 

Бодит байдалд Киевт хүртэл үүнийг хэтрүүлсэн байр суурь гэж үзэж буйн шинж бий. Ямартаа ч Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд тэргүүн Андрей Сибига ийн мэдэгдэж байв. “Хэрэв бид тулааны талбарт стратегийн зорилгодоо хүрч чадвал бид Крымийн ирээдүйн асуудлыг хэлэлцэх дипломатын шинэ хуудсыг нээхэд бэлэн байна” гэж мэдэгдсэн. Тэрбээр Крымийг цэрэг дайны замаар чөлөөлөх хувилбарыг үгүйсгээгүй. Ямар ч тохиолдолд давшилт нь амжилтад хүрвэл Киев хэлэлцээний ширээний ард суухад бэлэн гэсэн тод биш ч гэсэн дохио юм. 

Яриа хэлэлцээ юу?

Энэ тал дээр Украины өрнөдийн түншүүдийн барьж буй байр суурийг тодорхой гэхэд хэцүү. Өрнөдийн удирдагчид Владимир Зеленский холбоотнуудынхаа зүгээс ямар нэгэн шахалтгүйгээр Оростой яриа хэлэлцээ хийх тэр хугацааг өөрөө тогтоох ёстой хэмээн нэгэн дуугаар мэдэгддэг. Тэр хүртэл өрнөд Украинд дэмжлэг үзүүлсээр байх болно. 

Харин бодит хэрэг дээр өнгөрсөн хоёрдугаар сард Мюнхенд болсон аюулгүй байдлын асуудлаарх бага хуралд Чехийн Ерөнхийлөгч Петр Павел Украин болон түүний түншүүдэд хэтийдсэн зорилго тавихгүй байхыг сануулж байв. Түүний хэлснээр, Украины арми алдсан газар нутгаа асар олон тооны цэргийн амиар чөлөөлөх болох тул Украины нийгэм өөрөө асар их өндөр үнээр хүрэх зорилгоос татгалзахад хүрнэ. 

Дайныг сар, жилээр сунжруулах нь хязгааргүй шахуу хүний нөөцтэй, тодорхойгүй зорилготой тусгай цэргийн ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд хомстлыг тэсэхэд бэлэн хүн ардтай Орост л илүү ашигтай. Украин өрнөдийн цэргийн техник төдийгүй эдийн засгийн тусламжаас хараат болсон. 

Мюнхений бага хурал дээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, энэ үе шатанд өрнөдийн тавьж буй зорилго бол Украинд давшилт эхлүүлэх, ялах, яриа хэлэлцээг өөрийн хатуу болзлоор эхлүүлэх явдал хэмээн онцолж байсан. Ямартаа ч Украин, Оросын хооронд бодит яриа хэлэлцээ хийх боломжгүй гэж Киев ч тэр, Москва ч тэр үзэж байгаа. Үүнтэй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш санал нэгдсэн. Түүний хэлснээр, талууд хоёулаа тулааны талбарт ялна хэмээн итгэж байгаа энэ үед яриа хэлэлцээ хийх боломжгүй. Тиймээс нөхцөл байдлыг зөвхөн Украины давшилт л хөдөлгөнө. Эх сурвалж: ВВС 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shal hudalaa(202.55.191.130) 2023 оны 05 сарын 18

baruuniihan 300 han tank ogson harin chirdeg ih buu 350 ogson bol ooroo ybagch ih buu 480 ogson baisan niit 830 ih buu ogsonii barag gurvanii negiig orosuud ustgaj orhison doo. hyagtiig bol 1500 ogsonii bas talig ustgaj hyasan da. odoo ukrainii davshilt bol svireleer duusan daa. hvn hvchinii asar ih hohirol vzeed l but tsahigdoj duusan daa.orosuud ih buu tank hyagt puujingiin sistemeer ilt davuu bnaa..

2  |  1
Зочин(66.181.161.226) 2023 оны 05 сарын 18

15 сарын өмнө Укрианы ерөнхийлөгч буу зэвсэг гуйж байхад барууны улсууд юу ч хэлж чадахгүй байсан, Одоо бол байдал огт өөр.. Алдах юмгүй болсон Укрианчууд Путины сүүлчийн буриад цэргийг нь дуустал үзэлцэж газар нутгаа чөлөөлөх болно

3  |  8
Байдэн(192.82.73.14) 2023 оны 05 сарын 18

Сүүлчийн ганц украин залуу үлдтэл зэвсэг сум нийлүүлнэ.

4  |  1
Top