Өнөөг хүртэл дэлхийн зах зээлд нийлүүлэгдэж буй героин хар тамхины ихэнх хувийг Афганистаны намуу цэцгээр үйлдвэрлэдэг байв. Афганистанд очин, хиймэл дагуулын мэдээллийг задлан шинжилсний дараа “Талибан” хөдөлгөөний удирдагчид хэнээс ч илүү намуу цэцгийн тариалалтын эсрэг үр дүнтэй тэмцэж буй нь нүдэнд ил болсныг ВВС агентлагийн сурвалжлах баг баталж байна.
Калашников автомат буу зүүн мөрөн дээрээ тохож, баруун гартаа том саваа барьсан Абдул намуу цэцгийн толгойг бүхий л хүчээрээ цавчина. Намуу цэцгийн иш хар тамхины хурц үнэр бүхий шүүстэй хамт агаарт цацагдана. Хэдхэн минутын дотор Абдул нөхдийн хамтаар намуу цэцгийн ургацыг устгаж дөнгөнө. Тэд гайхалтай хурдтай ажиллана. Афганчуудын уламжлалт хувцас өмссөн урт сахалтай тэдний зарим нь нүдээ хар өнгөөр хүрээлжээ. Бүгд зэвсэглэсэн байх. Учир нь намуу цэцгийн талбайн эзэд үе үе эсэргүүцэл үзүүлдэг. Нэг талбайг дуусгасны дараа тэд пикап машины тэвшинд суун, дараагийн талбай руу явна.
Тэд бол Нангархар мужийн хар тамхитай тэмцэх талибуудын анги. Ангийн удирдлагууд ВВС агентлагийн сурвалжлах багт үйл ажиллагааг нь сурвалжлах ховор боломж олгожээ.
Хоёр хүрэхгүй жилийн өмнө тэд босогчид байсан. Харин өдгөө тэд ялж, эрх баригчдын талд зогсож, тушаалыг нь биелүүлнэ.
2022 оны дөрөвдүгээр сард талибуудын дээд удирдагч Хайбатулла Ахундзада героин хар тамхины гол орц болох намуу цэцэг тариалахыг хатуу хориглох зарлиг буулгажээ. Хоригийг зөрчсөн хэн бугайг ч шариатын хуулиар шийтгэнэ. Хар тамхи хэрэглэх нь шашны хуультай харшилдаг тул ийн хориг тавьсан байна.
Намуу цэцгийн оронд улаан буудай
Афганистан нь дэлхийн нийт опиум хар тамхины 80 гаруй хувийг үйлдвэрлэдэг байжээ. Афганистаны опиумаар хийсэн героины 95 хувь Европт борлуулагддаг.
Харин өдгөө томоохон мужуудад намуу цэцгийн тариалалт эрс багассан нь илт харагдана. Хиймэл дагуулын авсан гэрэл зургууд ч үүнийг гэрчилнэ. Өнгөрсөн онтой харьцуулахад энэ жил намуу цэцгийн ургац 80 хувиар буурах төлөвтэй байна гэж Афганистан дахь хар тамхины наймааны шинжээч Дэвид Мэнсфилд үзэж байна.
Намуу цэцгийн оронд фермерүүд улаан буудай тариалж байна. Гэвч энэ төрлийн аж ахуй ашиг багатай тул зарим нэг нь хоригийг зөрчих нь бий. Зарлигийг зөрчин байж намуу цэцэг тариалсан фермер Али Мохаммад Миагаас юуны учир ийм зориг гаргасан тухай лавлахад тэр “Гэрт хоол байхгүй, хүүхдүүд өлсөж байхад өөр яах ёстой гэж” гэж хариулав. Талбайн хэмжээ бага тул улаан буудайнаас олох ашиг намуу цэцэгтэй харьцуулахад туйлын бага хэмээн учирлана.
Харин өлсгөлөнд нэрвэгдсэн ард түмнийхээ орлогын эх үүсвэрийг устгаж байгаад талибууд өөрсдөө хэрхэн хандаж байгааг асуухад хар тамхитай тэмцэх ангийн захирагч Тур Хан “Энэ бол удирдагчийн зарлиг. Бид түүнд туйлын үнэнч. Хэрэв тэр намайг дүүжлэхийг манай найзад тушаавал бид найздаа бууж өгнө” хэмээн тайлбарлав.
Гильменд муж нэгэн цагт Афганистаны намуу цэцгийн төв байжээ. Тус улсын опиумын тал хувийг тэнд үйлдвэрлэдэг байв. Өнгөрсөн онд намуу цэцгийн тариалангийн талбай байсан газар энэ жил хоосон. Гильменд мужид намуу цэцгийн тариалалт 99 хувиар буурчээ. Хиймэл дагуулаас авсан гэрэл зургаас үзвэл өнгөрсөн онд 129 мянган га-д хүрч байсан талбай энэ онд нэг мянгад хүрэхтэй үгүйтэй болж, багасжээ.
Гильменд мужийн оршин суугчид амьжиргаагаа арайхийн залгуулж байна хэмээн ярина. Засгийн газраас тусламж байхгүй.
Засгийн газрын төлөөлөгч Забиуллу Мужахидын хэлснээр, Засгийн газар ард иргэд нь ядуу, зовж шаналж байгааг мэднэ. Гэхдээ опиумын хор уршиг үүнээс ч илүү. 37 сая хүн амын дөрвөн сая нь хар тамхины хамааралтай байсан. Энэ бол том тоо. Олон улсын хамтын нийгэмлэг афганчуудад тусламж үзүүлэхийг хүсэж байна гэж тэрбээр онцлов. Түүний хэлснээр, олон улсын хамтын нийгэмлэг хүмүүнлэгийн асуудлыг улс төрийн асуудалтай хольж, хутгах учиргүй. Опиум зөвхөн Афганистанд төдийгүй дэлхий дахинд хор хөнөөлтэй. Дэлхий дахин энэ хорт зүйлээс аврагдсаны хариуд Афганистаны ард түмэнд тусламж үзүүлэх нь шударга ёсны хэрэг хэмээн тэрбээр учирлаж байна.
Афганистанд намуу цэцгийн тариалалтыг хориглосноор дэлхий зах зээл дээрх опиумын үнэ огцом өссөн. Гэхдээ гудамжинд зарагдаж буй героины үнэ буурахад цаг хугацаа хэрэгтэй гэж Дэвид Мэнсфилд үзэж байна. Энэ онд намуу цэцгийн ургац огцом буурсан ч сүүлийн зургаан сард опиум, героины үнэ аажмаар унасан. Энэ нь хангалттай нөөц байгааг илтгэж байна хэмээн тэрбээр өгүүлэв.
Намуу цэцэгтэй тэмцсэн 20 жил
Талибуудын анхны дэглэм 2000 онд буюу АНУ Афганистанд цэргээ оруулахаас нэг жилийн өмнө намуу цэцэг тариалахыг хориглож байв. Гэвч энэ нь өрнөд дэх хар тамхины үнэ болон зах зээлд шууд нөлөөлөөгүй. Учир нь хар тамхины наймааны энэ чиглэлд их хэмжээний нөөц байсан. Энэ бол зах зээлийн жам. Сүүлийн 20 жилд зарчмын хувьд өөрчлөгдөөгүй.
АНУ талибуудын санхүүжилтийг таслах найдвар тавьж, опиумын үйлдвэрлэл, худалдааг зогсоохын тулд Афганистанд олон тэрбум ам.доллар зарцуулсан. Америк цэргүүд намуу цэцгийн талбайд агаараас цохилт өгч, опиумын агуулахуудыг шатааж, хар тамхи үйлдвэрлэдэг лабораториудыг шалгадаг байсан. Гэвч АНУ-ын дэмжиж байсан Афганистаны эрх баригчдын хяналтад байсан бүс нутгуудад опиумыг чөлөөтэй тариалдаг байжээ.
“Талибан” хөдөлгөөн өрнөдийн хийж чадаагүй зүйлийг амжилттай хэрэгжүүлж байна. Харин хориг хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй гэж НҮБ-ын мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтан асан Майк Трейс онцолжээ. Түүний үзэж буйгаар, Афганистан дахь опиумын тариалалт огцом багассанаар Европт өөр төрлийн буюу опиумаас илүү хор хөнөөлтэй синтетик хар тамхины хэрэглээ өсөхөд хүргэж болзошгүй хэмээн болгоомжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )