Монголын цэргийн нисэх хүчин агаарт нэг ч онгоц хөөргөж чадахаа больсоор олон жилийн нүүр үзэж байна. 1990-ээд оны эхээр уг нь хотын дээгүүр бараг долоо хоног бүр байлдааны Ми онгоцууд нисч сүрийг үзүүлдэг байлаа. Оросын цэргийн ангиуд монголоос гарч явсны дараах жилүүд юм л даа. Ингээд удалгүй хэд хэдэн онгоцоо харамсалтайгаар агаарт сүйрүүлсэн юм. Мөн тэртээ тэргүй хуучирсан онгоцууд нь моралийн элэгдэлж орж, бэлтгэгдсэн нисгэгчид нь тэтгэвэр, чөлөөндөө гарсаар үндсэндээ нисэх хүчин нь хаалгаа барихад хүрсэн түүхтэй. Одоо тухайн үед нисч байсан бүрэлдэхүүнээс бараг нэг ч нисгэгч байхгүй. Миг-21 загварын, үүрэг гүйцэтгэх чадвартай гэгддэг арваад онгоцууд нь газар доорхи агуулахдаа “нойрсож” байгаа. 1994 оноос хойш өнөөг хүртэл цэргийн нисэх хүчнээ шинэчлэх гээд чадсангүй. Оросууд гэв гэнэтхэн Монголоос цэргээ татаж авсандаа “шоконд” орж, харилцаагаа бага зэрэг “царцаасан” нь ч гай болсон биз. Оросын цэргийн бүрэлдэхүүн Монголоос буцаж очоод Байгалийн цэргийн тойргийнхоо бүрэлдэхүүнд багтан хэдэн өвлийг “нүхэн гэр”-т өнгөрөөсөн юм. Өөрөөр хэлбэл тэд адаглаад орон сууцаар офицер ахлагч нараа хангах боломж муутай байжээ. Иймээс бухимдах нь зүйн хэрэг биз. Тэгвэл одоо хоёр орны цэргийн хамтын ажиллагаа нэлээд өөрчлөгдөн, шинэ агуулгаар баяжиж байна. Хэдэн жилийн өмнө Оросууд манайхныг бяцхан хулхидсан ч гэсэн Ми-8 загварын цөөн нисдэг тэрэг засварлаж өгсөн. Тэдгээрээс одоо агаарт хөөрөх нь бас л хуруу дарам цөөн болжээ. Иймэрхүү гачлантай байдлыг далимдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаяр гэгч доншуур наймаачин хүртэл хуучирсан Ми-8-ыг оросуудаас олж авчраад шахаж байлаа. Гэтэл тэр нь яалаа даа. Түймэрт дайчлагдсан Онцгой Ийнхүү будилж явсаар саяхан Батлан хамгаалахын сайд Л.Болд Оросоос Ми-29 загварын байлдааны нисэх онгоц авахаар болжээ. Ийм онгоц 4-5-ыг авна гэнэ. Яг нарийн дээрээ тулвал Ми-29 онгоц нь Ми-21-ээс яламгүй сайжруулагдсан ч гэсэн бас л хуучин загварынх юм. Оросууд зэвсэглэлээсээ бараг хасч байгаа. Оронд нь Су-27 мэтийн олон шинэ загварын онгоц агаарт нисгэн аюулгүй байдлаа хангаж байна. Зэвсэглэл сайтай, техникийн шинэлэг шийдлээр өндөр түвшинд бүтээгдсэн өөр нэлээд хэдэн шинэ загварын онгоцуудтай болсон. Анх манай Зэвсэгт хүчний мэргэжилтнүүд тэрхүү Су-27 загварын онгоцуудаас авах санал тавьж байсан юм билээ. Гэвч яагаад ч юм бүү мэд, нэг мэдэхэд Л.Болдын багийнхан ийнхүү Оросын төмрийн хог дээр хаяхаар болчихсон хуучин онгоцуудаас авахаар тохирчихож. Бас болоогүй ээ, тэгээд энэ тухайгаа Америкийн “Авэйшн уик энд спейс техноложи” сэтгүүлд ярилцлага өгөхдөө ихээхэн сайрхсан байна. “Ичмээр дамшиг” гэдэг шиг л юм болж дээ.
Харин ганц олзуурхууштай нь бага зэрэг хуучирч байгаа ч гэсэн цэргийн тээврийн онгоц нэмж авахаар болов. Энэ нь 20 тонны даацтай, 100 хүн өлхөн багтаах онгоц юм байна. Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох цэргийн бүрэлдэхүүний тоо жилээс жилд нэмэгдэж байгаа үед ийм онгоц зайлшгүй хэрэгтэй. Үүнээс ч илүү хүчин чадалтай тээврийн онгоцтой баймаар байгаа юм. Гэхдээ яая гэхэв. Цаашдаа болох байлгүй. Ми-29-өөр нисэх нисгэгчдийг шинээр бэлтгэж таарна. Л.Болд энэ талаар Оросуудтай ярьж тохиролцсон бололтой. Дан ганц Орос ч биш, Украин улстай ийм тохиролцоо хийвэл бүр ч сайн хэрэг болно. Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Украинд хийсэн айлчлалын үеэр Л.Болд хамт очихдоо үүнийг санаандаа авсан байлгүй дээ.
Манайх агаарын цэргийн хүчнээ бэхжүүлэх нь Араб, Африк, Латин Америк гээд дэлхийн өнцөг булан бүрд болж байгаа зэвсэгт мөргөлдөөн, терреорист халдлагын болзошгүй нөхцлөөс хамгаалахад илүү дөхөмтэй болох юм. Дотооддоо зуд, гал усны аюул нүүрлэсэн үед ядаж хэдэн нисдэг тэрэг хөөргөх чадвартай байх хэрэгтэй. Гэвч ийм хэрэгцээгээ хуучин онгоцуудаар шийдчихээд холын Америкт хүртэл очиж сайрхаж, цуураад байх нь утгагүй юм. Тэд биднийг үнэндээ шоолж суугаа шүү дээ.
Сэтгүүлч Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )