Хамтарсан Засгийн газар мөнгө үрэхийн дон шүглэв

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 19



 

Засгийн газар нийгмийн чиглэлд зориулан их хэмжээний мөнгө үрээд байгаа. Ер нь амалсан зүйлээ биелүүлэх явдал бол тухайн улсын халаасны сан хөмрөгийн хэмжээтэй холбоотой асуудал. Хэн нэг нь гарч ирээд шууд тэр их мөнгө олж аваад, тэр бүх зүйлийг хийнэ гэж байхгүй. Монголчууд “хөнжлийнхөө хирээр хөлөө жий” гэж ярьдаг. Мөнгө үрэн таран хийдэг шилдэг аргуудад манайхан гаршаад байна. Бид өөрсдийнхөө болж байгаа хэмжээнд зардлаа төлөвлөх ёстой. Зөвхөн ялалт байгуулахын тулд хоосон амлалт, тооцоогүй зүйл хэлэх нь хор хохиролтой. Мэдээж боломжтой бол нийгмийн чиглэлтэй асуудалд хэн л мөнгө хөрөнгө харамлах вэ…

Өнгөрсөн хаврын чуулганаар “жижүүрийн” хэдэн хууль баталснаас хэд хэдэн онцлог асуудлуудыг шийдэж. Ноос ноолуурын салбар, жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд зориулан, Засгийн газраас 300 тэрбумын бонд гаргах асуудлаа нэн түрүүнд ач холбогдол ихтэй гэж онцолсон. Уг бонд нь мал аж ахуй, үйлдвэрүүдээ дэмжих учиртай юм. Малчид ирэх сараас хонь, тэмээний ноосны нэг кг тутамд нь 2000 төгрөгийн урамшуулал улсаас авах болоод байна. Гишүүд мал аж ахуйн салбарыг өөд татах гэж их л чармайдгаа дахин харууллаа. Эхнийх нь алдарт ямааны 30 тэрбум. Тэр их мөнгийг авсан ямаанаас төдий хэмжээний ашиг тус үзээд, ар гэр амьдрал ахуй нь сайжирсан гэх малчин өнөөдөр байхгүй нь харамсалтай. Бас нэгэн чухал хуулийг хаврын чуулганы сүүлчийн өдөр зуун хувийн саналаар баталсан нь, оюутанд сар бүр 70 мянган төгрөг олгох тухай хууль юм. Ирэх есдүгээр сараас энэ ажил эхэлнэ. Арван сарын турш нийт 700 мянган төгрөг гар дээр бэлэн авах оюутнууд шилдэг боловсон хүчин болохоор чармайх юм байх.

Мөнгө бол амьдрал болоод эд материалын хүчин зүйлүүдийн өртөгийг илэрхийлсэн цаас. Их, бага ялгаагүй тохируулаад амьдарч болно. Арабын шах Мустасим Халифыг Хүлэгү хаан Эрдэнэсийн санд нь “үүнийгээ ид” гэж гурав хонуулахад тэрээр өлсөж цангаж үхсэн байдаг. Гэхдээ бас мөнгө хэрэгтэй шүү. Хүн гэдэг бол мөнгөнд шунаж цаддаггүй амьтан шүү дээ. Өгөөд байвал аваад байна авснаа харин хэрхэн зөв зарцуулахаа мэдэх нь ховор.    

Тавантолгойн төсөлд Монгол улс 18-хан хувийг эзэмших болов. Тавантолгойгоос гарах ашгийн 10 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр тараана гэснээс өөр онцгой шийдвэр өнгөрсөн хаврын чуулганаас гарсангүй. Харин зарим гишүүд компаниудад худалдах хувьцааг шударга биш гэж үзээд, иргэдэд тараах хувь дээрээ нэмэрлэе гэсэн санаа гаргаж, хуулийн төсөл өргөн барьсан. Томоохон ордын гэрээгээр дагнасан ЗГ-ын ХЭГ-ын дарга төслийг эцсийн байдлаар танилцуулахдаа, Тавантолгойг БНХАУ-ын Шинхуа групп 40 хувь, АНУ-ын “Пибоди” 24 хувь, Орос, Монголын хамтарсан консерциум 36 хувь буюу 18, 18 хувиар нь хамтран эзэмшихээр болжээ. Ингэж шийдвэрлэсний хариуд манай улсад төмөр зам, цахилгаан станц, мөн нүүрснээс шингэн түлш гаргах, кокс үйлдвэрлэх зэрэг нэмүү өртөг бий болгодог үйлдвэрүүдийг барихаар болсон. Хөрөнгө оруулагчид манайд 500 сая ам.долларыг буцалтгүйгээр олгож, дахин нэмж 500 сая ам.долларыг урьдчилгаа болгон өгөхөөр болсон юм. Түүнчлэн Монгол улсад төлөх бүх татвар, хураамжаас гадна “Эрдэнэс Таван толгой” компанид тээврийн зардлыг хассан борлуулалтын орлогоос таван хувьтай тэнцэх төлбөрийг мөн өгөхөөр тохиролцсон байна.

Д.Сэндэр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top