Оюуны өвийн сан хөмрөг аюулд өртөөд байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 19

 
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй номын сангуудын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтад шалгалт хийжээ. Монголын ард түмний оюуны өвийг хадгалагч, Үндэсний төв номын сан нийт 500 мянган ном хадгалах хүчин чадалтай ч, өнөөдрийн байдлаар 2,6 сая гаруй ном, хэвлэл байгаагийн 20 мянга гаруй нь гар бичмэл. Тэдгээрээс 60 гаруй хувийг нь сэлбэн засах шаардлагатай аж. Төв номын сангийн сан хөмрөгийн өрөөний таазаар ус гоожиж, мөөгөнцөртсөн нь номын хадгалалтад муугаар нөлөөлж болзошгүй байгаа гэнэ. Хөдөө орон нутагт хийсэн шалгалтаар Архангай аймгийн номын сангийн барилга стандартын шаардлага хангаагүй учир өнгөрсөн онд үйл ажиллагааг нь зогсоож, Булган аймгийн төв номын сангийн сан хөмрөгийн өрөөний даац хэтэрч цөмөрсөн, Дундговийн номын сангийн сан хөмрөгийн өрөөний хаалга нь галд тэсвэргүй, амархан хайлж, шатах хуванцар материалаар хийсэн зэрэг зөрчил илэрчээ. Манайхны хэнэггүй, аливаад сэтгэлээсээ ханддаггүй, стандарт шаардлагыг үл ойшоодог, хариуцлагагүй байдлаас улсын оюуны өв, үнэт бүтээлүүд үрэн таран болох аюул нүүрлээд байна.   
Шалгалтад хамруулсан нийт номын сангийн 50 гаруй хувь нь зориулалтын байргүй, сан хөмрөгийн өрөөний хүрэлцээ муу, цахилгааны монтаж, сантехникийн шугам, сүлжээний угсралтын аюулгүй байдлыг бүрэн хангаагүй байх юм. Үүнээс гадна номын сангууд гэнэтийн халдлагад өртөхөд шууд мэдээлэх системээр тоноглогдоогүй байгааг үндэслэн улсын хэмжээний болон аймгийн номын сангийн сан хөмрөгийн аюулгүй байдалд хангалтгүй дүн тавьжээ. Дүн тавих нь яах вэ, дүрэм журмаар нь хадгалж хамгаалах ажлыг хурдавчлахгүй бол өнгөрсөн хойно нь амаа барих хэрэг гарахвий дээ.

Д.Сэндэр.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top