“Ая зохиогч Б.Долгион Cоёлын гавьяат зүтгэлтэн боллоо. Баяр хүргэе” гэхэд тэрээр “Хүмүүс намайг ая зохиогч гэж хэлэхэд дуртай байдаг юм. Мэргэжлийн сургуулийг нь төгсөөгүй ч авьяас чадвараараа энэ салбарт зүтгэж явна. Гэхдээ би Хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн болохоор хөгжмийн зохиолч гэж явдаг” гэснээр бидний яриа эхэлсэн юм.
Би амьдралаа рок, попын урлагт зориулсан
-Рок, поп урлагийн отгон гавьяат маань цолны найраа хэзээ хийх вэ. Нижгэр тэмдэглэх байх даа?
-Намрын налгар өдөр хийхээр болсон. Айраг, цагаа исээд, хурим найр болдог үеэр. Тэр цагаар ах дүү, найз нөхдөө цуглуулж баяраа тэмдэглэнэ гэж бодож байна.
-Зарим хүн гавьяат цолныхоо найрыг хийдэггүй. Нэг хэсэг нь их л хөл хөөр болж байгаа харагддаг. Та шагналдаа хэр ач холбогдол өгч байгаа вэ?
-Монголын төрт ёс, монгол уламжлал гэж бий. Төрийн тэргүүн маань зарлиг буулган хийж бүтээснийг маань үнэллээ. Энэ шагналаа хүмүүстэй хуваалцаж тэмдэглэх нь зүйтэй. Төрийн ордонд ард түмнийхээ өмнө энгэрээ цоолуулна гэдэг их сонин сайхан мэдрэмж байлаа. Монгол төрийнхөө хайр ивээлийг хүртэн, сэтгэл их догдолсон. Түүнийгээ ч нуумааргүй байна.
-Төр таны хийсэн бүтээснийг үнэллээ. Харин та өөрийгөө хэрхэн дүгнэх вэ. Цаг үеэ олсон шагнал мөн байв уу?
-Би энэ амьдралаа Монголын рок попын урлагт зориулсан хүн. Сэтгүүлч мэргэжилтэй ч зүрх сэтгэл маань энэ л замд татагдсаар ирлээ. Рок поп урлагийг ад үзэж, гадуурхаж байсан үе бий. Харин одоо нийгмийн нэгэн давхарга болон хөгжиж байна. Эдгээр он жилүүдэд би тэр л урлаг дотор амьдарч, түүний нэгэн эрэг шураг нь болж явсан. Надтай хамт жүжигчин Аглуу, Оюундарь нар гавьяат болсон. Мөн Насанбат, Золжаргал нарыг дурдахгүй өнгөрч болохгүй. Бүгдээрээ л эх орондоо хийсэн бүтээсэн зүйлтэй, авах ёстой шагналаа авлаа гэж бодож байна.
Рок попыг “онцсайн” хөгжүүлэх хүсэл бий
-Шагнал урамшуулал хүний хийсэн бүтээснийг дүгнэхээс гадна цаашдын уран бүтээлд нь урам зориг хайрладаг болов уу. Таны хүсэл, мөрөөдөл, зорилгыг сонирхмоор байна?
-Монголд рок поп урлаг сайн хөгжиж байна. Цаашид “онцсайн” хөгжүүлэх хүсэл мөрөөдөл надад бий. Анх тэнэмэл урлаг гээд хүлээж авдаггүй байлаа. Монголын рок поп хоёр нийгмийн нүүрийг үзсэн. Хуучин нийгэм хатуу чанга тогтолцоотой байсан ч хүний дуулах сонсох эрхийг хязгаарлаж чадаагүй. Хаалттай нийгэмд хэцүү байсан ч шаардлага өндөртэй байсан болохоор хэзээ ч хуучрахгүй дуунуудыг бидэнд үлдээсэн. Рок урлагаа би галт тэрэгтэй зүйрлэх дуртай. Аливаа нийгмийн үзэл санааны зүтгүүр, хөтлөгч байдаг болохоор энэ зэрэгтэй хөгжиж чадлаа. Залуу хүн байгаа цагт рок урлаг мөхөж бүдгэрэхгүй.
-Олон урсгал, чиглэл гарч байна. Энэ нь рок попын хөгжилд сайнаар нөлөөлнө биз?
-Японы урлаг Азидаа хамгийн дээгүүрт ордог. Дээд цэгтээ тултал хөгжчихсөн болохоор “Одоо яах вэ” гэсэн асуудал тэдний өмнө тулгарсан. Гэтэл Солонгосын хөгжмийн хамтлагууд тэнд хүчээ авч байгаа гэж сонссон. Манайд ч гэсэн солонгос маягийн хандлага харагдах болжээ. Тэгэхээр энэ дэлхийн хэмжээний урлаг болохоор ингэж хөгжих нь зүйн хэрэг. Мөн ардын урлагаа хадгалсан хамтлагууд мооданд орж байна. “Алтан ураг”, “Хөсөгтөн, “Бөртэ” гээд л бүгд нэг зүйл дуулгаад байгаа биз. Тэгэхээр дэлхийн залуус шинэ хөгжмийн эрэлд гарч, тэдний дундаас өвөрмөц өнгө аяс тодорлоо. Би “Битлз” хамтлагийн дуунуудыг ардын хөгжмөөр эгшиглүүлэхээр зорьж байна. Үүний санааг Ерөнхий сайд асан С.Баяр гаргасан. Эх орноо сурталчилсан сайхан уран бүтээл болно гэж бодож байна.
Би Ангирмаадаа ахархаад байдаггүй
-Сэтгүүлч Б.Долгионыг рок поп урлагт хэн уруу татсан бэ. Дүүг тань юм болов уу гэж боддог?
-Цаг үе өөр болжээ. Нэг хэсэг хүмүүс Долгионы дүү Ангирмаа гэдэг байлаа. Харин одоо Ангирмаагийн ах Долгион гэдэг болж. Манай гэр бүлд урлагийн мэдрэмжтэй хүн олон байсан. Аав маань дэлхийн залуучуудын урлагийн наадамд Г.Хайдав гуайтай мөр зэрэгцэн дуулж зогссон хүн. “Би сургуулиа орхиод урлагт оръё” гэхэд аав маань “Миний хүү сэтгүүлч бол, сайхан мэргэжил. Ажлынхаа хажуугаар хөгжмөө тоглож, дуулж болдог юм” гээд намайг сургуулиас гаргаагүй. Тэгээд л би аавынхаа хүссэнээр сэтгүүлч болж хажуугаар нь “Инээмсэглэл” хамтлагтаа тоглож ирсэн. Үүгээр би залуустаа “Заавал нэг зүйлээр дагнах биш, хоёрыг хослуулж яваарай” гэж хэлмээр байна. Ардчилсан эрх чөлөөт нийгэм сайхан шүү.
-Ах, дүү хоёр нэгэн урлагийн төлөө мөр зэрэгцэн явна гэдэг сайхан хэрэг. Бие биедээ түшигтэй байдаг биз?
-Тийм ээ. Надад зааж зөвлөх үе байдаг. Би ч гэсэн хэлэх зүйлээ хэлнэ. Рок поп залуу хүний урлаг. Тийм ч учраас өнөөдөр миний найзуудын дунд 20 гаруй настай залуус олон байна. Тэднээс би эрч хүч мэдэрч, өнөөдрийн хөгжмөөс хоцрохгүй байх боломж олж авдаг. Түүнтэй адилхан Ангираадаа ахархаад байдаггүй.
-Залуу сэтгэлгээтэй гэснээс таны нүдний шил, зүүдэг ороолт их өвөрмөц санагддаг шүү?
-Рок, поп урлаг маань өөрөө хэв маягаараа ялгарсаар ирсэн. Өнөөдөр олны танил хүмүүсийг харж, үлгэр дуурайлал авах нь элбэг болсон байна. Тийм болохоор гял цал байж чадахгүй юм гэхэд жаахан ч гэсэн өвөрмөц байхыг хичээдэг. Би шар царайтай болохоор хар хүрээтэй шил зүүхээр арай донжтой харагддаг. Бас хүзүүндээ алчуур зүүх дуртай. Надад ч их зохидог гэж боддог шүү. /Инээв/
Барууны одуудыг дуурайх нь урлагийнханд зохихгүй
-Та олны өмнө байгаагаараа байдаг уу. Хааяа дүр эсгэх үе гарах уу?
-Өнөөдөр урлагийнхан Холливудын оддын дүрд их тоглодог болжээ. Энэ буруу. Холливуд бол монгол хүний сэтгэлгээ, ертөнцөөс тэнгэр газар шиг ялгаатай зүйл. Манай ард түмэн даруухан хүнийг их хайрладаг. Энэ сэтгэлгээнд л тааруулах хэрэгтэй. Түүнээс биш барууны одуудын дүрд тоглох нь урлагийнханд одоохондоо зохихгүй. Монголчууд эхлээд элбэг хангалуун амьдрал руу нэгэн жигд ормоор байна. Түүний дараа Холливуд шиг ялгарна уу, байна уу, хамаагүй.
-Таныг монгол дээл өмссөн байхыг хараагүй. Ер нь үндэсний хувцсаараа гангаръя гэж боддог уу?
-Би унаган хотын хүүхэд. Гэхдээ миний цусанд байгаа нүүдэлчин ард түмний ген хэзээ ч устахгүй. Монгол дээлээ өмсөж байгаагүй ч сүүлийн үед дээлний тухай их боддог болсон. Манай худууд дээлний өнгө бэлэглэсэн байгаа. Түүгээрээ сайхан дээл хийлгээд өмсөнө. Надад зохино гэж бодож байна. Сая наадмаар цагаан пиджак өмсөөд “Хүй долоон худаг”- т очсон. Сайхан монгол эрчүүдийн дотор муухай л харагдсан байх. Хүнд үндсэрхэг үзэл хэрэгтэй. Барууны нэгэн нуур, Тэрхийн цагаан нуур хоёрт асар их ялгаа бий. Энэ нь юу вэ гэхээр барууны нуурын эрэг дээр хүн очоод хашгирч болохгүй, Харин нутгийнхаа нуурын хажууд хашгирах нь битгий хэл, нүцгэлсэн ч болно. Тэгэхээр эрх чөлөө эх оронд минь л байгаа юм.
“Битлз” миний ертөнцийг үзэх үзлийг өөрчилсөн
-“Битлз” хамтлагийн шүтэн бишрэгч гэдгийг тань мэднэ. Тэдэнтэй холбоотой цуглуулга олон бий юу?
-Би бүх насаараа “Битлз”-ийг шүтэж яваа хүн. Нот ч мэдэхгүй дөрвөн залуу цуглаад агуу урлагийг бүтээсэн байдаг. Энэ зүгээр л бурхнаас өгсөн авьяас. Тэдний дуунуудыг нот болгож, саятан болсон хүн байдаг гээд бод доо. Тэгэхээр агуу байгаа биз. Хүүхэд байхдаа тэдний зураг, дууны пянзыг авах гэж үзэж тардаг байлаа. Харин одоо дуунуудыг нь “I pod”-нд хадгалдаг болсон. Зурагнууд нь олон бий.
-Хүүхэд байхаасаа л энэ хамтлагийн дууг сонсож, шүтэж биширч иржээ. Таны хүмүүжил, ертөнцийг үзэх үзэлд хэрхэн нөлөөлсөн бол?
-“Битлз” хамтлагийн дэлхийн хүн төрөлхтөнд нөлөөлсөн зүйлийг нэрлээд байвал барагдахгүй. Миний ертөнцийг үзэх үзлийг өөрчилсөн. Социализмын үед энэ хамтлагийн дууг сонсоод тэрслүү үзэл авсан. Тэр үедээ тэрслүү үзэлтэн гэж нэрлэгдэж байлаа. Дуунууд нь эрх чөлөө гэж юу байдгийг олон залууст ойлгуулсан гэж боддог. Өнөөдөр ч гэсэн 17 настай хүүхэд тэдний дууг сонсоод сэтгэл нь хөдөлж байна.
-Таны хүүхдүүд, ач нар тань рок, поп урлагийн шүтэн бишрэгч үү. Таны нөлөө бий болов уу?
-Би ханьтайгаа 40-өөд жил амьдарч байна. Бид хүү, хоёр охинтой. Хүүхдүүд маань Швед, ОХУ гээд гадаадад ажиллаж, амьдарч байна. Бага охин маань намайг 46-тай байхад гарсан. Хэнз болоод ч тэр үү, урлагт авьяастай. Хэн ч заагаагүй байхад ямар ч хөгжим тоглож байна. Аавынхаа шүтдэг хамтлагийг ч сонсоод л сууж байна. Би “Битлз”-ийн хөгжмөөр боловсорсон хүн. Надад хөгжмийн чиглэлээр төгссөн сургууль байхгүй. Гэхдээ би цаг үеэсээ хоцрохгүй сайхан явна. Охин маань ч энэ агуу хамтлагийн дуугаар хүмүүжиж байгаад баяртай байдаг.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )