ТВ8 телевизийн Ерөнхий редактораар Б.Номин-Эрдэнийг томиллоо

2023 оны 10 сарын 12

Өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевизийн Мэдээний албаны нэвтрүүлэгч, редактор Бямбадоржийн Номин-Эрдэнийг ТВ8 телевизийн Ерөнхий редактораар томиллоо.

Б.Номин-Эрдэнэ нь Монгол Улсын Их сургуульд суралцан төгссөн. Ажлын гараагаа 2012 онд “Шинэ дэлхий” телевизээс эхлүүлж, “Боловсрол” “SBN” телевизүүдэд хөтлөгч, редактораар  ажиллаж байсан.

2020 оноос ТВ8 телевизийн Мэдээний албанд нэвтрүүлэгч, редактораар ажиллаж буй бөгөөд энтертайнмент, реалити шоу нэвтрүүлгүүд, мэдээ мэдээллийн “Толь” хөтөлбөр зэрэг нийтэд танигдсан олон уран бүтээлийг хариуцан ажилласан туршлагатай, телевиз, медиа контент үйлдвэрлэлийн салбарын чадварлаг сэтгүүлч юм.

Тэрбээр хэвлэл мэдээллийн салбарт тасралтгүй 11 жил ажиллах хугацаандаа “Та яг одоо аялмаар байна уу”,“All music”,“Miss Mongolia” “Beauty in Mongolia-1,2”, ”Манай аялгуу”, ”Боломжит санал”, ”Rockit” хөтөлбөр, мэдээ мэдээллийн “Толь” хөтөлбөр, “Ардын журамт цэргийн мөрөөр”, ”Anuxai’s fitness-1,2” зэрэг томоохон энтертайнмент шоу нэвтрүүлэг, төсөл хөтөлбөрүүдэд редактор, продюсероор ажилласан туршлагатай.


Өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевиз нь 17 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа ба Монгол Улсын өнцөг булан бүрт цэнхэр дэлгэцээр хүрч, онлайн платформоор дамжуулан дэлхий дахинд контентуудаа түгээж байна.

Манай телевиз өдөр тутмын “Толь” мэдээллийн хөтөлбөр, "Рeople's story", “Тавилан”, “100 асуулт”, “Амьдрах сайхан” зэрэг нэвтрүүлэг, "Gobi challenge", “Анухай фитнесс шоу”, "Yummi" зэрэг реалити шоу, "Ардын журамт цэргийн мөрөөр" түүхэн сэдэвт тайз, дэлгэцийн шоу зэрэг  бүтээлээрээ олон нийтийн мэдэх эрхийг хангаж, соён гэгээрүүлэх үүргээ гүйцэтгэн, үндэсний өв соёлоо хүндэтгэн, түгээн таниулахыг эрмэлзэн ажиллаж байна.

Top