Ирэх зууныхан ч шүлгийг нь уншаад үл уйдна

2023 оны 10 сарын 14

Цалгих долгио таслаагүй

Өргөн Ононы урсгал

Цагийн уртад замхраагүй

Өнө холын дурдатгал...

Хэн бүхний сэтгэл зүрхэнд хэзээний танил дотно, нэгэн цаг үед хамт амьдраад зогсохгүй үе үе уулзаж, ярилцах мэт нэг тийм амьд мэдрэмж төрүүлэгч, дандаа шинэ, мөнх залуу хэвээр санагдах тэрбээр хэрэв байсан бол энэ намар 89 насны сүүдэр зооглох байжээ. Бидний дунд байхгүй ч байгаа мэт түүний орон зай ямагт дүүрэн, дулаахан, уянгалаг, номыг нь сөхсөн залуу уншигч уулга алдахаас яах билээ. Түүний мэндэлсний 89 жилийн ой ийм болов.

Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит “Дорно” сан, Монголын Зохиолчдын эвлэл, Хэнтий аймгийн Батширээт сумын ИТХ, ЗДТГ, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим, Р.Чойномын нэрэмжит “Өд” сан, “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдэл, “Цэгц аравт” утга зохиолын нэгдэл, Хэнтий аймгийн Батширээт сумын нутгийн зөвлөл,“Их Засаг” их сургууль, гэр бүл, үр хүүхэд нь, найз нөхөд, Монголын үе үеийн зохиолчид гээд өргөн бүрэлдэхүүнтэй эрдэм шинжилгээний хуралд өчигдөр хэсэгхэн саатах завшаан тохиосон юм.

“1960-аад оны Монголын яруу найргийн шинэчлэл ба Нямбуугийн Нямдорж” сэдэвт энэ хурлын эхэнд Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Нямаа  багш утга зохиолын төлөө амьдралаа зориулна гэдэг ямар хатуу хийгээд тэр л  зам, жамыг Нямбуугийн Нямдорж өөрийн амьдралаар хэрхэн батлан харуулсныг товч бөгөөд тодорхой хэлсэн. Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын багш Л.Дашням “Надаас ес ах хүн байгаа юм. Гэхдээ залуугаасаа Нямдорж гээд сурчихсан болохоор тэрүүгээрээ л ярья. Н.Нямдоржтой ойр дотно, танил байсан хүн энэ дотор насаар ахмад нь би болж байх шиг байна. Одоогоос 62 жилийн өмнө анх танилцсан юм байна. 37 жил бид бие биеэ харж явж, 25 жил би Н.Нямдоржийнхоо тухай бодож, зохиол бүтээлээр нь амьдарч байна. Тэгэхээр бас л  урт түүх ярихаар. Би Н.Нямдоржийнхоо тухай “Тэр хамгийн том нь байсан” гэсэн дурсамжийг “Байх, байхгүйн дунд” номдоо гаргасан. Эргээд харахад ахуй, амьдралын янз бүрийн тохиолдлуудыг их бичсэнээс уран бүтээлийн  нь тухай бага бичжээ. Тэр хамгийн том нь байсан” гэж зүгээр нэг хэлсэн юм биш, одоо болтол би тэгж л бодож яваа. Монголын 1960-аад оны, өнөөдөр байгаа, ер нь шүлэг зохиол туурвиж байгаа энэ бүх яруу найрагч дотор яагаад ч юм бэ, хамгийн том нь Н.Нямдорж л байгаа. 1960-аад оны үед үнэхээр Монголын яруу найраг өөр болсон. Тэр үед бид даган баясагч байсан, зохиолч, яруу найрагчид санаатай шүлэг, зохиол бичнэ гэдэг уриатай. Шүлэг гэдэг нь сэтгэл хөөрлөө илэрхийлэх, уянгалахын зэрэгцээ ухаан заах ёстой, санаа илэрхийлэх ёстой гэдгийг М.Горькийн сургуульд явсан нөхдүүд ялангуяа их ярьж байв. Тэр үед шүлэг, зохиолын ойлголтын хувьд ч, бичих арга барилын хувьд ч санаагаа иэрхийлэхийн хувьд ч эрс өөр болсон. Н.Нямдоржийн Монголын утга зохиолд оруулсан их том сургууль бол урнаар сэтгэхдээ юмыг нарийн боддог, цомхон илэрхийлж чаддаг гайхамшигтай яруу найрагч” хэмээн тодорхойлсон.Утга зохиол судлаачид бол Н.Нямдорж найрагчийн сэтгэлгээний хязгааргүй ертөнцийг тэмтэрсэн хөдөлбөргүй баримтад үндэслэсэн илтгэлүүд сонирхуулсан. Гэхдээ сэтгэлгээ бол ямар нэг юмаар амар хэмжчихдэг эд биш, тэр тусмаа

“Би-Эртний их Дорно

Би-Энэрэхүй их Будда

Би -Манхайн цайх үүр

Би-Мандан гарах нар

Би-Дорно” хэмээн шүлэглэсэн  бусдаас том Н.Нямдоржийн ертөнцийг тийн “хэмжих” аргагүй нь ойлгомжтой. Доктор А.Мөнх-Оргил “1960-аад оны Монголын яруу найрагчдыг бид алтан үе гэж ярьдаг. Н.Нямдоржийн сэтгэлгээний онцлог, хамаарах он цаг  1960-аад оны  Монголын яруу найрагт ямар үүрэг гүйцэтгэсэн бэ гэвэл онцгой юм. Энэ цаг үед уран зохиол төлөвшлийн нэг үеийг бүрдүүлжээ. Тэгвэл хэн гардан гүйцэтгэсэн, нэг арга хэлбэрийг биш олон арга чиглэлийн туурвилзүйн туршлага бүтээж, тэдгээр нь хоорондоо ялгаран төрөлжиж, олон өнгө хэлбэрийг бүтээж чадсан тухай асуудал үүний баталгаа болдог. Мэдээж 1960-аад оны яруу найргийн тэргүүн зэрэгт Б.Явуухулан эрхэм зүй ёсоор залардаг.

ХХ зууны яруу найргийн сэтгэлгээг цоо шинэ шатанд гаргасан хэмээх үнэлгээ энэ байр суурьт аваачсан. Олон судлаач судалгааны бүтээлээ ярьсаар байна. Хэрэв яруу найргийн өөр бусад туршлага зэрэгцэн гарч ирээгүй, хэлбэр агуулгын ондоо эрэл хайгуул явагдаагүй байсан бол Б.Явуухулан жинхэнэ Б.Явуухулан болж чадахгүй байсан. Энэ бол урлаг, уран зохиолын энгийн хэрнээ зүй ёсны зарчим. Тэгвэл Б.Явуухуланг  хэн хэрхэн Б.Явуухулан болгов. Ерөөс 1960-аад оны яруу найргийн сэтгэлгээний шинэчлэл гээд байгаа тэр тодорхойлолт яаж баталгаажих тухай асуудлыг ямар нэгэн хэмжээнд хэлэлцсээр иржээ. 1960-аад оны энэ шинэ шатыг засаж тэгшилсэн, барьж байгуулалцсан, зураг төслийг нь гардан урласан эрхмүүдийн нэг нь Н.Нямдорж гарцаагүй юм. Уран сайхны сэтгэлгээнийх нь цар хүрээ, үр хөврөлийг би товч төдий хэллээ. Тэгвэл нийгмийн бие хүн, урлаг утга зохиолын боловсрол гэж ил харагдахгүй хэрнээ зохиолч  хүний хувьд маш чухал зүйл бий” гэж дүгнээд тэдний шүлгүүдийг харьцуулсан нь сонирхол татсан юм. Тухайлбал, эх орны тухай  “Намар” шүлэгтээ

Цагаан манан навчит ойтой зууралдаж

Салж ядан шиврээ дуслаар нэгтгэнэ

Сайхан хусны чандмань хэлбэрт навчсыг

Салхин аяархан хөндийлж мулталж авна

Ганц хоёроор уйтай эргэлдэн хөөрсөөр

Газар унасан шаргал навчнууд дээрээ

Нүцгэртлээ тонуулсан хөөрхийлөлт эрийн адил

Нөгөө хус нөмөр ч үгүй чөрийнө

Байгалийн ийм сэтгэл зэврэм нөхцөлд

Байдал ерөөс амгалан байж чадахгүй

Баглаа мөнгөн моддын ариун талын цаадах

Дорнын сайхан орон

Миний Монгол санагдана” гэжээ. Тэгвэл 1960-аад оны шүлэгт эх орныг хэрхэн дүрсэлж байсныг бид мэднэ. “Би хаана төрөө вэ” гээд энэ зохиомж, бүтэц, сэтгэлгээний хувьд бие хүн гэхээс илүү хэв шинжит дүр болж Монголын яруу найрагт уянгын  би баатар, эх орны сэтгэлгээг шинэ шатанд гаргасан гэж үздэг. Гэтэл түүнтэй зэрэгцээд 1960-аад онд эх орныг дүрслэхдээ үүх, түүх байгаль бүгдийг тоочсонгүй, ганцхан дүрслэлийг, тухайлбал “сайхан хусны чандмань хэлбэрт навчийг салхи авч явсаар нүцгэн мөчир нь нүцгэртэл тонуулсан хөөрхийлэлт эр шиг харагдаж байна” гээд төгсгөлд нь Дорнын сайхан орон Миний Монгол санагдана” гэсэн. Эх оронд хандах сэтгэлгээ яаж өөрөөр явж байсныг үүнээс харж болно.

1960-аад онд Б.Явуухулан гуайн бичсэн “Шүлэг минь-хүлэг минь хурдлан давхи!

Хүлгийн шандас харуулахад холын зай хэрэгтэй

Хүн ардынхаа захиасыг санан санан давхи,

Хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй!” гэсэн алдартай шүлэг бий. Энэ агуулгаар Н.Нямдорж бас бичжээ.

“Хүлэг минь, шүлэг минь

Хөдөөгийн сайханд гэнэт

ургасан бодол минь

Хөхөө өвөл цан хүүрэг савсуулан

Хөөрхий чи минь жавар дунд чичиргэнэнэ.

 

Чихэнд минь төмөр амгай чинь хахитнаж

Чийхрэх цасанд

хөлөө урилах чинь дуулдана.

Ганц муу хүлэгтээ

хэчнээн санаагаа зовоовч

Гарч болохгүй нэг л учир байх юм.

 

Хүлэг минь, шүлэг минь

Хөдөөгийн сайханд гэнэт

ургасан бодол минь

Хамаагүй даарахыг чинь би тоохгүй

Харгуйн уртад аандаа чи минь хална” гэсэн. Өөрөөр хэлбэл, мөн л эх орны сэтгэлгээтэй, ижил хандлага харагдаж байгаа. Б.Явуухулангийн хэлсэн санаанаас илүү хувь бодгалын хэмжээнд авчирч сэтгэсэн. Яруу найргийг дэлхийн дэвжээ гэж нэг талаар адилтгасангүй, хоёрдугаарт өөрийн онцлогоор ханджээ. Хэлбэрийн тухайд мөн сонирхолтой задаргааг  харж болно” гэдгийг хэлсэн юм.

Тэгвэл утга зохиол судлаач, яруу найрагч Я.Баяраа “Н.Нямдоржийн яруу найраг дахь эрх чөлөөний үзэл санаа” илтгэлдээ “...Нямбуугийн Нямдорж гуай анхнаасаа хүчирхэг яруу найрагч байж. Хүчирхэг хэвээр дууссан. Энэ бол жиг сэтгэлгээний илрэл. Марина Цветаева, Д.Нацагдорж, Гарсиа Лорка гээд хүмүүст зориулсан шүлгүүд Н.Нямдорж гуайд олон байна. Энэ нь түүний яруу найргийн нэг чиг хандлага ч гэж болно. Хүмүүст зориулсан тэдгээр шүлгийн гол шинж чанар нь эрх чөлөөг хүсэмжилсэн үзэл санаа” болохыг тодорхойлсон юм.

Өнөөдөр шинэ үеийнхэн ийнхүү1960-аад оны Монголын утга зохиол, яруу найраг руу өнгийн харж, судалж суралцаж, уран сайхны, сэтгэлгээний эрэл хайгуулыг  хийж байна. Магад цаашлах он цагийн тэртээд ч Нямбуугийн Нямдорж хэмээх эрхэм мөнх оршиж, хүмүүс түүнийг дурсаж, түүний бичиж үлдээсэн шүлгүүдийг залуус цоо шинэ мэт хүлээн авч  дуу алдах нь мөнхөд үргэлжлэх  буй за.

Ардын багш, академич Л.Дашням гуай нэрт яруу найрагч Нямбуугийн Нямдоржтой 62 жилийн өмнө анх уулзсанаа дурссан бол үүнийг бичигч би аравдугаар анги дөнгөж  төгсөөд байхдаа 1990 оны өвөл эх орны өмнөд хилийн –р заставт тааралдаж, бичсэн шүлгүүдээ уншиж өгч байснаа мартдаггүй. Тэр үед хэлсэн үгс нь сэтгэл дотор гэрэлтсээр хожим миний хувь заяаг өөрчлөхөд гэрэлт бамбар болсон гэж бодогддог билээ. Тэр өвөл хүйтэн ч гэж жигтэйхэн, ах эгч хоёр маань Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн 0146-р ангийн –р заставт ажиллаж байсан юм. Нэг өдөр төвөөс машинтай хүмүүс ирж, тэр дотор том эсгий гуталтай, хар каракул шубатай намхан шар өвгөн  явсан нь Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдорж гуай цэрэгт алба хааж буй хүүгээ эргэчихээд буцаж яваа нь тэр байж. Манай заставын цэргүүдтэй уулзалт хийж, харин шүлэг бичдэг хүүхэд байгааг сонсоод надаар бичсэн шүлгүүдийг минь уншууллаа. Навсгар дэвтрээ эргүүлээд уншаад л байлаа, “Уншаад бай” л гэнэ. Сүүлдээ би өөрөө усан шүлгэнцэрүүдээ уншихаас залхаж, дэвтрийнхээ хуудсыг тав, гурваар нь давхарлаж эргүүлсээр дуусгасан юм даг. Нямбуугийн Нямдорж гуай буцахдаа манай ах эгч хоёрт “Энэ хүүхдийг сургууль соёлд  явуул, тогоо шанага бариулсаар  зэврүүлчихэж болохгүй шүү. Та хоёрын боломж гарвал хот руу, манай руу явуулаарай. Энд аяга угааж суухаар, манайд очоод манай олонтой  бужигнаж, манай хөгшинтэй хамт аяга угааж суувал ядаж би монгол бичиг зааж өгнө, цаашлаад сургууль  ном  хөөцөлдөж үзье” гээд  онгоцоор очвол манай хүү нисгэгч бий, утас нь энэ шүү. Зохиолчдын хороо руу энэ утсаар ярьж болно. Манай гэр тэнд шүү гээд хаягаа бичиж үлдээгээд явж билээ. Харамсалтай нь би хот орж чадалгүй  хөдөө 11 жил  болсон. Гэхдээ сэтгэл доторх “Энэ хүүхдийг зэврүүлчихэж болохгүй шүү, сургуульд оруулаарай” гэсэн Н.Нямдорж гуайн захисан үг гэрэлтсээр л байсан. Мөрөөдөлтэй хүн мөхдөггүй юм билээ. Тэр олон жилийн дараа “Зохиолч болно” гээд  хэдэн навсгар дэвтэр сугавчлаад хот руу ирж, зохиолч болох сургууль хайж яваад Багшийн дээд сургуулийн Утга зохиолын ажилтан-сэтгүүлчийн ангид шалгалт өгч тэнцээд орж суралцсан минь талаар болоогүй. 2007 онд хэвлүүлсэн “Дарьганга аяз” хэмээх шүлгийн бяцхан номдоо Нямбуугийн Нямдорж гуайд зориулсан “Бүргэд” хэмээх шүлгээ хэвлүүлж билээ.

 

БҮРГЭД

Өвгөн бүргэд

Өлчир

Өвлийн хүйтэнд даарахгүй

Өвгөн бүргэд

Өөдрөг

Илдэн дор сөхрөхгүй

Олныг өнгөрөөж

Оныг үдэж

Өвгөн бүргэд

Бүргэд л явсан

Ам ангайхгүй

Атаа хорсолгүй

Хатаасан болд шиг

Халуун зүрхтэй

Гүн сэтгэлтэй

Онон шигээ

Он-он шигээ

Онцгой

Түүхийн

Түгжээтэй авдар /1990 он/

Номын цагаан буян, их найрагчийн үлдээсэн өв өнө мөнхөд дэлгэрэх болтугай.

 

Н.НЯМДОРЖ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.79) 2023 оны 10 сарын 15

Энэ нялх нойтон хүүхдүүд асуудалд ороод, хүчиндүүлж доромжлуулж байгаа нийгмийн давхаргынхныг судлаж үзэх хэрэгтэй. Тэдэнд боловсролоос гадна элдэв балай дуу шүлэг, тулаантай орчуулгын кино, завхай зайдан, садар самууныг сурталчилдаг уран бүтээлчид голлон нөлөөлж байгаа. Тэгэхээр нийгмийн хөгжил гэдэг бол дан ганц технологиос хамаарах эд биш. Тухайн хүн үнэхээр боловсорч төлөвшиж чадаж байна уу. Хүнийг төлөвшихөд орчны нөлөө юу вэ гэдгийг судлах л хэрэгтэй. Нөгөө талаар ниийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөөгүй чиглэл хандлагыг хүчээр өөгшүүлэн дэгтрэх шаардлага үгүй.

0  |  0
Зочин(66.181.161.79) 2023 оны 10 сарын 15

Яг ингэж хэлж бид хойч үеийнхээ сэтгэлгээг хайрцаглаж байгаа юм. Ер нь орчин үед зохиолын дуу, шүлэг, яруу найраг иргэдийг соён гэгээрүүлэх биш, нийгмийн мораль, сэтгэлгээг гутаан, доош нь чангаагч нэг хүчин зүйл болсон. Тогооныхоо хүн болгож авна даа, утсаа өгөөч хүргээд өгье, миний өврөөс халамцуу сугарахад чинь гэх мэтээр завхайран орилолдсоор бид хойч үеийнхээ сэтгэлгээг бузарлаж байна. Жинхэнэ сэхээтэн хүмүүс, дэвшилтэт сэтгэлгээтэй гэр бүлд ийм балай зүйлс гай тарьж чадахгүй. Гэтэл хуурамч боловсролтонгууд, өргүүрээр амьдрагчид яах вэ? Яг үнэндээ тэдний хүүхэд, үр хойчис л асуудалд орж б

0  |  0
Top